Михаил Фокин
Михаил (Мишель) Фокин (орос. Михаи́л Миха́йлович Фо́кин, франц. Michel Fokine, 1880 оны 4-р сарын 23-нд Санкт-Петербургт төрсөн—1942 оны 8-р сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — оросын сүүлд америкийн балетчин бөгөөд бүжиг дэглээч. 20-р зууны сонгодог романтик балетыг үндэслэгч. Тэрээр Анна Павлова, Сергей Дягилев нартай маш их ажилласан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]М.Фокин 1880 онд оросын худалдаачны гэр бүлд төрсөн. Түүний эх Екатерина Андреевна театрт маш их дур сонирхолтой байсан бөгөөд өөрөө тайзанд гарахыг их мөрөөдөж байсан ч бүтээгүй ажээ. Эх нь театрын урлаг гэсэн бүх хүсэл тэмүүлэл, хайраа хүүхдүүддээ өвлүүлэн үлдээжээ. Миша царайлаг, гоолиг, өндөр нуруутай хүү болж өссөн бөгөөд эх нь балет бол бяцхан Мишад таарах бөгөөд түүнд хамгийн сайхан хувь тавилан болно гэдэгт итгэдэг байв. Гэвч гэр бүлийн тэргүүн, худалдаачин Фокин бүжиг нь эр хүнд зохисгүй гэж үзээд хүүгээ бүжиглэхийг хориглодог байжээ. 1889 онд Михаилын эх нь эцгээс нь нууцаар хүүгээ Эзэн хааны театрын сургуульд элсэлтийн шалгалтанд оруулахад тэрээр элсэн оржээ. Эцэг нь үүнтэй эвлэрэх ёстой болжээ.
Михаил Фокин мэргэжлийн тайзан дээр анх 1890 онд "Нойрсож буй гоо бүсгүй" балетын дүрд тоглосон бөгөөд тэрээр 1892 онд "Щелкунчик" /Цөмөөхөй/ нээлтэд оролцогчдын нэг байжээ.
1898 онд сургуулиа төгсөөд Мариинскийн театрын балетын бүрэлдэхүүнд оржээ. Гоцлол бүжигчний байр суурийг эзэлснээр тэрээр соло хэсгүүдийг тоглосон байна.
1905 оны 9-р сард тэрээр сургуулиа саяхан төгссөн бүжигчин Вера Антоноватай гэрлэж, эхнэр нь түүний үнэнч найз, нөхөр нь болжээ.
Фокины бүжиг дэглээчийн анхны туршлага бол А.В.Кадлекийн хөгжимд тоглосон “Асис ба Галатея” балет юм. Амжилтыг бататгасан дараагийн ажил бол 1906 онд Шекспирээс сэдэвлэсэн "Зуны шөнийн зүүд" сургуулийн жүжиг юм.
1908 онд зураач, зохиолч Александр Бенуа залуу бүжигчнийг Сергей Дягилевтэй танилцуулсан байна. Бенуагийн зуучлалаар Фокин "Дэлхийн урлагийн нийгэмлэг"-ийн гишүүд, Дягилев нартай танилцжээ. Энэ үед Дягилев аль хэдийн Оросын дуурь, уран зургийг Европт үзүүлж танилцуулсан байжээ. Эдгээр ажил амжилттай болсны дараа тэрээр 20-р зууны эхэн үед Европт ноцтой анхаарал хандуулах ёсгүй гэж үздэг урлагийн төрөл болох Парисын балетыг үзүүлэхээр шийджээ. Дягилев өөрийн санаа нэгтэй хүнээ олсны дараа түүнийг бүжиг дэглээчээр урьсан юм.
1909 онд Дягилев өмнө нь Мариинскийн театрт тавигдаж байсан Фокинийн бүтээлүүдийг Парист толилуулжээ. Амжилт нь үнэхээр гайхамшигтай байжээ, Фокин, Павлова, Карсавина, Нижинский нарын нэрийг хүн бүрийн амнаас гарахаа байжээ.
М.Фокин 1914-1918 онд Мариинскийн театрт иргэн ирж дахин ажилласан байна. Түүний энэ үеийн уран бүтээлүүдээс дурдвал Михаил Глинкагийн хөгжимд найруулсан “Мөрөөдөл”, А.Глазуновын “Стенка Разин”, Пётр Чайковскийн “Франческа да Римини”, Чайковскийн хөгжимд зохиогдсон “Эрос”, Глинкагийн “Арагоны Жота” балетууд хамгийн амжилттай болсон байна.
Октябрийн хувьсгалын дараа тэрээр цагаачлахаар шийдэж, гэр бүлийн хамт Стокхольм руу явсан юм. Бүжиг дэглээчээр Франц, Их Британи, Скандинавт ажиллаж байсан. Тэрээр 1919 он хүртэл Стокгольмд байж, "Петрушка" жүжгийг тайзнаа тавьжээ. Мөн 1919 онд тэрээр АНУ руу нүүх хувь тавилантай саналыг хүлээн авсан байна.
АНУ-д
[засварлах | кодоор засварлах]1921 онд Михаил Фокин Нью-Йоркт АНУ-д анхны балетын сургуулийг нээж, 1922 онд өөрийн балетыг байгуулжээ. Тэрээр аялан тоглолтынхоо үеэр Европт очсон: 1931 онд тэрээр Ида Рубинштейнтэй хамтран ажиллаж, 1936-1937 онд Оросын Монте-Карлогийн балет, 1938-1939 онд Хурандаа де Базилийн Оросын балетын тайзнаа тоглож байжээ.
1930 онд тэрээр Холливудад хүчээ сорьсон боловч киноны анхны туршилтуудын дараа продюсерууд түүний кинонуудыг "хэтэрхий уран сайхны" гэж байжээ. 1932 онд Фокин Америкийн иргэншил авсан байна.
Михаил Михайлович Фокин 1942 оны 8-р сарын 22-нд нас барж, 70 балет хийж балетын тайзны гол романтик алдар сууг үлдээжээ. Хүү Виталий Нью-Йоркт сонгодог бүжгийн урлагийг зааж, ач охин Изабелла Питтсбургийн балетын бүжигчин болжээ.