Jump to content

Моголистан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Могулистан-с чиглүүлэгдэв)
Моголистан
Зүүн Цагадайн ханлиг
Mogholistan
  • 1347–1462 (бүхэлдээ)
  • 1462–1705 (баруун)
  • 1462–1680s (зүүн)
Моголистаны (Зүүн Цагадайн ханлиг) байршил 1490 онд
Моголистаны (Зүүн Цагадайн ханлиг) байршил 1490 онд
ТөлөвЦагаадайн улсын хэсэг
НийслэлАлмалиг
Нийтлэг хэл
Шашин
Тэнгэр шүтлэг, хожуу Суннит Ислам
Төр засагХаант засаг
Хан 
• 1347–1363
Төглөгтөмөр
• 1363–1368
Ильяс хожа
• 1429–1462
Эсэнбука II
Түүхэн эринДундад зууны сүүл үе
• Моголистан улс үүсэв
1347
• Mоголистан хоёр улс болж задрав
1462
Өмнө нь
Дараа нь
Цагаадайн улс
Хамилийн хант улс
Яркендын хант улс
Турпаны ханлиг
Өнөөдөр

Моголистан бол 1346 онд Цагадайн улсаас салан тусгаар болсон монгол угсааны улс юм. Моголистан нь Цагадайн улсын зүүн хэсгийн газар нутаг бөгөөд Моголистаныг нүүдэлчин монголчууд удирдаж байсан тул суурин иргэд давамгайлсан Цагадайн улсын баруун хэсэг болох Мавереннахраас 14-р зууны дундуур тусгаарлажээ. Мөн Жетийн улс, уйгур хэлээр Мамлакат-и Могулийе гэж нэрлэдэг. Моголистан улс нь одоогийн Шиньжаан, зүүн өмнөд Казахстаныг захирч байгаад 17-р зуунд Зүүнгарын Галдан Бошигт хаан эзлэгджээ. Барууны түүх судлалд -«Зүүн Цагаадайн хаант улс» гэж тэмдэглэдэг байна.

Балхаш нуураас зүүн тийш Тэнгэр уулын дагуух нутаг Моголистаны шууд удирдлаганд байв. Харин монгол удирдагчдын шууд удирдлаганд байдаггүй байв. Моголистаны ноёлох анги болох нүүдэлчин монголчууд тал хээр нутагт голлон төвлөрч байсан ба могол ноёд монгол ноёдын адил өргөөгөө байнга шилжүүлэн нүүлгэдэг байжээ. Өмнөд Шиньжаан цөлөрхөг газар байсан тул могол ноёдийн өргөө тэнд байрладаггүй байв. Харин Ойрад хойд Шиньжаанийг эзэлж Моголистаныг тасралтгүй довтлох болсон тул нийслэлээ урагш шилжүүлж өмнөд Шиньжаанийг шууд удирдах болжээ. Мөн тэд Узбекистаны Ташкент, Ферганы хөндий, Бадахшан мужийн зарим хэсгийг нэг хэсэг захирч байжээ.

Моголистан гэсэн нэр нь "могол" (монгол), "стан" (газар орон, улс) буюу "монгол улс", "монголчуудын орон" гэсэн утгатай учир нь эндхийн монголчууд Цагадайн баруун хэсгийн монголчуудтай харьцуулахад монгол хэл, нүүдэлчин уламжлал, соёлоо илүүтэй хадгалж үлдсэн байна.

Моголистанчууд лалын шашинд орсоноор аажимаар хэл соёл нь өөрчлөгдөж 18-р зууны үед одоогийн уйгаруудын дунд бүрэн уусчээ.

Моголистан буюу могол гэсэн нэр нь хэд хэдэн утгатай. Явцуу утгаараа Моголистаны буюу Цагадайн улсын зүүн хэсгийн нүүдэлчин монголчуудыг могол, моголистанчууд гэж нэрлэдэг. Мөн монгол болон хүн амын ихэнх хэсэг болох түрэг иргэдийг хамтад нь могол, моголистанчууд гэж нэрлэдэг.

15-р зууны дундуур монгол, түрэг гаралтай аймаг холилдсон казахууд Долоон усанд нүүн ирж тэндхийн монгол, түрэг аймгуудтай холилдон 1465 онд Казахын хант улсыг байгуулан аажимаар газар нутгаа тэлсэн нь одоогийн Казахстан улсын үндэс суурь болжээ. Харин Долоон усанд байсан моголчууд казахын Их ордын бүрэлдэхүүнд орон ууссан ба одоогийн Их орд нь үндсэндээ баруун Моголистанчууд буюу Долоон усны моголчуудаас (монголын дулат/долоод, жалайр г.м аймаг болон түрэг овог аймгууд) бүрджээ.

Чингис хаан Ил Тарвагатай, Кашгараас Трансоксани (одоогийн Узбекстан, Туркменистан) хүртэлх одоогийн Төв Азийн станууд болон Ираны хойд хэсгийг Цагаадайд өвлөн үлдээснээр Цагаадайн мэдэлд Их Монгол улсын бүрэлдэхүүнд байж байгаад Мөнх хааны дараагаар Их Монгол улс задарахад Эрчис мөрнөөс Афганы Газни хот Трансоксаноос Таримын хөндий хүртэл газар нутагтай, Цагаадайн удмын Монгол удирдлагатай Цагаадайн улс гэгдэн 1346 онд Газан хааныг өнгөрсний хойно баруун (Трансоксани) зүүн (Могулистан) (хожим барууныг нь Кашгар зүүнийг нь Уйгарстан гэх болсон) хэсэгт хуваагдах хүртэл оршин тогножээ. XIV зуунд Монголын эзэнт гүрэн задрахад Шиньжаан Моголистаны (зарим гадны түүхчид Цагаадайн улсыг 1500 онд мөхсөн гэх нь бий) бүрэлдэхүүнд оржээ. Согдоос дам авсан уйгар бичгийг Монголын эзэнт гүрэн төрийн бичгээ болгожээ. Цагаадайн улсын талаар илүү тодруулахад тус улсын газар нутаг нь өнөөгийн Узбекистан бүхэлдээ, Казахстаны өмнөд хэсэг, Афганистаны хойд ба өмнөд хэсэг, өнөөгийн Тажикстан, Киргизстан бүхэлдээ багтаж байлаа. Түрэгүүд амьдардаг хэсгийг нь Туркестан гэж нэрлэдэг Баруун хэсгийг караунасчууд голлон хэд хэдэн аймгийн толгойлогчид мэдэн захирч ёс төдий хан тодруулдаг байв. Зүүн хэсгийг нь буюу Моголистаныг 1347-1363 он хүртэл Төглөгтөмөр анх захиран Монголчуудын дунд эрх мэдлээ нэмэгдүүлэн лалын шашныг жөгжүүлж, 1360-1361 онуудад хоёронтоо баруун хэсгийг нэгтгэх оролдлого хийсэн боловч баруун хэсгийн аймгуудын удирдагчдыг бүрэн захиргаандаа оруулж чадахгүй байсаар 1363 онд өөд болсноор моголчууд Мавераннарыг (Трансоксани) орхин гарч Трансоксанийг Караунасын Амир Хусейн хяналтандаа авчээ. Доголон Төмөр өөрийгөө Чингис хааны хойчис хэмээн зарлаж, Цагадайн улсыг сэргээхээр Амир Хусейнтай тэмцэлдэж эхлэн 1366 онд Хусейн болон Сербедар нарыг бут цохин Самаркандыг эзлэн авч, 1369 онд Трансоксанид ноёрхолоо тогтоон 1370 онд Эмир гэгдэн Цагаадайг улсыг залгамжлан 30 гаран жил байлдан дагуулал хийж, Афганд Хератын, Персэд Ширазын, Иракт Багдадын, Энэтхэгт Дэлийн, Сирид Дамаскусын захирагчдыг байлдан дарж газар нутгаа тэлжээ. Тэрээр Оттомон Түрэгийг Ангорт цохисны дараа Монголын эзэнт гүрнийг дахин байгуулах зорилгоор Хятадын Мин улсыг дайлахаар явах замдаа 1405 онд өөд болж, түүний байгуулсан эзэнт гүрэн 1447 он хүртэл түүний хүү Хератад нийслэлсэн Шах Рукийн захиргаан дор оршин байв. Цагаадайн улсын зүүн хэсгийг Цагаадайн удмынхан захирсаар зарим үед Төмрийн удмынхантай найрамдаж холбоотон болж, зарим үед байлдах зэргээр 17-р зуун хүрч Уйгарын Апаг Хожа болон түүний удмын Хожижануудын шашны дэглэмд байр сууриа алдсан юм.

Цагаадайн хаант улсын үед Харханлигийн соёл тэргүүлэн исламын соёл хүчирхэгжин Харахожагийн буддистууд лалын шашинд орцгоосон бөгөөд ноёрхогч ангийг Моголчууд, суурин хүмүүс, худалдаачдыг Сартууд, тариачдыг Таранчууд гэдэг байв. Энэ нэршил Турфан Кашгараас гадна Трансоксанид ч гэсэн Төмөрийнхөн эсвэл Цагаадайн удмынханы хэн нь төр барихаас үл шалтгаалдаг байжээ. Одоогийн Узбек болон Уйгарт өнөөг хүртэл энэ ойлголт хүчтэй байдаг байна.

15-р зууны эхэн үед Вэйс хан (1418—1421, 1425—1428) Ойрадтай 61 удаа тулалдаж 1 ялалт байгуулж 2 удаа олзлогджээ. Тэр эхний удаа олзлогдохдоо их хэмжээний золиос төлж чөлөөлөгджээ. Түүнийг хоёр дахь удаагаа олзлогдоход Ойрадын ноён Эсэн тайш "Энэ удаад би чамайг зүгээр явуулахгүй. Чи надад эгч Махтум-ханимаа золиосонд өгөх ёстой" гэжээ. Ингээд Вэйс хан шаардлагийг нь биелүүлж дахин олзноос ангижирсан байна.[2] 1428 онд моголчуудын дунд зөрчил үүсч Вэйс хан алагджээ.

Моголистан нь XIV-XV зууны үед нүүдлийн соёл иргэншил давамгайлсан газар нутаг байсан бөгөөд XVI зууны үед суурин соёл иргэншилд бага багаар шилжиж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны баруун талаас Казахууд, зүүн талаас Ойрадууд довтлох болсон тул Моголистаны Султан Саид хаан өмнө зүг рүү нүүж, Яркенд хотод нийслэллэж, улсаа Яркендын хант улс хэмээн нэрийдэх болжээ. Хожим нь энэ улс Кашгарын хант улс нэртэй болсон ба мөн Могул, Саид гэсэн нэрээр нэрлэгдэж байв.

Моголистан нь 1346 оноос хойш нэгдмэл байдлаар 100-аад жил оршин тогтнож байгаад Яркендын хант улс зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагдан бутарчээ. Моголистан, Яркендын хант улсыг Цагадай хаанаас гаралтай Туглугтөмөрийн угсааныхан захирч байсан учир Цагадайн улсыг 1696 он хүртэл оршин тогтнож байсан гэж үздэг. Гэвч 14-р зуунд Цагадайн улс бүхэлдээ Төмөрийн улсад эзлэгдсэн учир Моголистан, Яркендын хант улс нь Цагадайн улсын үргэлжлэл байсан эсэх нь маргаантай байдаг. Моголистанаас задран гарсан улсуудын нэг болох Цагадайн удмын Хамилийн хант улс 1930 он хүртэл Шиньжааны зүүн хойд нутаг дахь Хамил тойрогт оршин тогтнож байв.

  1. Григорьев А. П. (1978). Монгольская дипломатика XIII-XV вв: чингизидские жалованные грамоты. Ленинград: Изд-во Ленинградкого университета. p. 12.
  2. С.К. Ибрагимов. Материалы по истории казахских ханств XV-XVIII веков