Можтаба Хаменеи

Можтаба́ Хосейни́ Хаменеи́ (перс. مجتبی حسینی خامنهای; 1969 оны 9-р сарын 8-нд Ираны Машхад хотод төрсөн) — Ираны улс төр, төрийн болон исламын шашны зүтгэлтэн. 2026 оны 3-р сарын 8-наас Ираны Дээд удирдагч юм. Ираны дээд удирдагч агсан Али Хаменеигийн хоёр дахь хүү. Тэрээр 1987-1988 онд Иран-Иракийн дайнд оролцож, зарим мэдээллээр 2009 оны сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаалыг дарахад ашиглаж байсан хагас цэрэгжилттэй "Басиж" хэмээх хүчнийг хяналтандаа авч байжээ.
Можтаба Хаменеи 1969 онд Машхад төрөөд ислам шашны сургуульд суралцаад цааш шашны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцжээ. Шашны зүтгэлтэн Аятолла Сайед Махмуд Хашеми Шаруди, өөрийн эцэг нар нь түүний анхны багш нар байсан ажээ. 1999 онд тэрээр Шийт урсгалын ариун хот болох Кум хотын шашны төвд үргэлжлүүлэн суралцаж, дараа нь факих болжээ.
Можтаба нэгэн цагт Кум хотын шашны төвд шашны хичээл заадаг байжээ. Тэрээр Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадыг тууштай дэмжиж, 2005, 2009 оны сонгуульд түүнийг дэмжиж байжээ. Гэтэл түүний эцэг Рахбар Али Хаменеи Ахмадинежадыг тус улсад үзүүлэх нөлөөг сулруулахыг оролдсон байна. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Можтаба энэхүү хагарлын улмаас Дээд удирдагчийн эсрэг аллага үйлдэх оролдлогод холбогдсон бөгөөд сэжигтнээр татагдаж баривчлагджээ. Ахмадинежад 2013 онд түүнийг улсын хөрөнгийг шамшигдуулсан хэмээн буруутгасны дараа шинжээчид тэдний улс төрийн холбоо дууссан гэж үздэг.
Олон тооны хэвлэл мэдээллийн мэдээллээр Можтаба эцэгтээ хүчтэй нөлөө үзүүлдэг байсан бөгөөд залгамжлагч байх өндөрх магадлалтай гэж үздэг байжээ. Гэсэн хэдий ч Ираны Үндсэн хуульд Дээд удирдагч (Рахбар)-ын албан тушаал удамшлын үе залгамжилсан бус гэж заасан тул энэ хувилбартай хүн бүр санал нийлдэггүй байжээ. Гэвч Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын удирдлага түүнийг дэмжиж байсан.