Монголбанк
Монголбанк- Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэдэг байна.
Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
- мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах;
- мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;
- банкны үйл ажиллагаанд хяналт тавих;
- банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах;
- гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах.
Монголбанк өдгөө удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/, 10 газар, 1 төв, 14 хэлтэс, есөн алба, 3 бие даасан алба, нэг төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь таван хэлтэс, 12 салбартайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Олон улсын түвшинд Монголбанкны хамтын ажиллагаа өргөжиж дэлхийн олон орны Төв банкуудтай ажил хэргийн холбоотой хамтран ажиллаж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хубилай хаан 1260 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумд анхны банкыг байгуулж байсан ба аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, 1280 он хүртэл ашиглаж байжээ. Энэ үед “Цаасан мөнгө тушаах банк”, “Олон замд тэгшитгэх банк” нэртэй банкуудыг байгуулж байсан түүхтэй.
1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараа Автономит Монгол Улсын Засгийн газар өөрийн үндэсний банк байгуулах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч хөрөнгө мөнгөгүй, үндэсний боловсон хүчин дутмаг байсан тул энэ оролдлого амжилтад хүрээгүй байна. Үүний дараа буюу 1914 онд Сангийн сайд Г.Чагдаржавын удирдлаган дор Оросын Сибирийн худалдааны банкны санхүүжилтээр Монголын үндэсний банкийг нийслэл Өргөд нээжээ. Тус банкны дүрэмд зааснаар Монголын мөнгөн дэвсгэртийг нэг сая рублийн мөнгөн дэвсгэртээр чөлөөтэй сольж, мөнгөн зоос гаргах эрхтэй байсан.
1921 онд Өргөө хотыг Цагаан гвардийн генерал Унгерн фон Штернберг эзэлжээ. Түүний зарлигаар 1921 оны 4-р сард хуц, бух, адуу, тэмээний дүрс бүхий 10, 25, 50, 100 монгол долларыг гаргасан нь Монголын эзэнт гүрний үеэс хойш бодитойгоор анхны үндэсний мөнгөн тэмдэгт болсон юм.
1924 оны 6-р сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхт үйл явдал байв.
1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байлаа. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий.
1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98 хувийг эзлэх болов. ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.
1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан бөгөөд энэ хугацаанд 400 гаруй санхүү банкны тэргүүний ажилтан төрсөн байна.
1990 онд улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж 1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.
Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөөг хүртэл арилжааны 31 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь өөрийн үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан санхүү, төлбөрийн чадваргүй болон дампуурч, дүрмийн санг тогтоосон хэмжээнд хүргээгүй, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байжээ.
Шилжилтийн хүнд хэцүү үед Монголбанкийг толгойлох, 2 шатлалтай банкны тогтолцоог бэхжүүлэх хүндхэн үүрэг хариуцлага Н.Жаргалсайхан, Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, А.Батсүх, Л.Пүрэвдорж нарт оногдож байжээ. Тэд банкны системийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих, төгрөгийн ханшийг хамгаалах, инфляцын түвшинг тууштай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих тал дээр анхаарал тавин, хүчин чармайлт гарган ажиллаж байв.
2016 оны байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн /Төрийн банк/ нэг банк байна. Эдгээр банкны 1386 салбар, нэгжээр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 13,564 ажиллагсад ажиллаж манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэж байна.
Монголбанкны үе үеийн удирдлага
[засварлах | кодоор засварлах]- В.И.Комар (орос, 1924—1931)
- Д.И.Микилман (орос, 1924—1931)
- Н.И.Дойчман (орос,1924—1931)
- С.Довчин (1931—1939)
- Ю.Цэдэнбал (1939—1940)
- Т.Балдан (1940—1955)
- Г.Балжид (1955—1960)
- Л.Лхамсүрэн (1960—1965)
- П.Төмөр (1965—1975)
- Дарийн Данзан (1975—1981)
- Г.Хүдэрчулуун (1981—1991)
- Найдансүрэнгийн Жаргалсайхан (1991—1992)
- Дэмчигжавын Моломжамц (1992—1996)
- Жигжидийн Үнэнбат (1996—2000)
- Очирбатын Чулуунбат (2000—2006)
- А.Батсүх (2006—2009)
- Л.Пүрэвдорж (2009-2012)
- Найдансүрэнгийн Золжаргал (2012-2016)
- Надмидын Баяртсайхан (2016-2019)
- Бядрангийн Лхагвасүрэн (2019 оноос-)