Монголын Баруун хил хамгаалалтын түүх
Монгол улсын хил хамгаалалтын түүхийн нэг бадрангуй баатарлаг бас эмгэнэлт түүх бүхий хилийн хэсэг нь Баруун хил юм.
Монгол улсын хилийн түүх, Богд хаант Монгол улс
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын өмнөт хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогдсон түүхтэй. Манж Чин улсын ноёрхлыг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөнүүд ХХ зууны эхээр Хятад, Монгол улсад өрнөж, Халхын ноёдын төлөөлөгчид Хаант Орос улсаас дэмжлэг авч, Манжийн захиргааг халж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жибзундамбыг хаан ширээнд өргөмжлөн улсын нэрийг Монгол хэмээн төрт ёсоо дахин сэргээв. Богд хаант Монгол улсын засгийн газар хойт зүгийн зах хязгаарыг хамгаалж ирсэн эртний өрхийн гэр болон суман харуулуудыг өөрчлөн зохион байгуулж, Хаант Орос Монгол улсын хилийг өрхийн харуулуудаар хамгаалуулах болжээ. Харуулууд нь улсын хил хамгаалахын зэрэгцээ сүм, дуган шүтээний бүрэн бүтэн байдлыг давхар хариуцдаг байв. Богд хаант Монгол улсын засгийн газрын бодлого нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэн Монгол үндэстний хүчирхэг төр улсыг байгуулах улс төрийн сонирхолтой байлаа. Гэвч тэр үеийн Орос, Хятадын засгийн газрын бодлогоос шалтгаалан хүчин мөхөсдөж дээрх зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм. 1913 оны 10-р сард Орос Хятад хоёр улсын Бээжинд байгуулсан тунхаглалаар Алтайн хязгаарт Хятад улс, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Орос тус тус авахаар хэлэлцэн тохирсон байна. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монголын талыг Шар сүмд байсан Оросын консул М.Н.Кузьминский, Хятадын талыг Торгуудын ван Балт нар төлөөлөн байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр Алтайн нуруугаарх цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, 1914 онд Тагнын Тува, Хаант оросын эзэмшил болсныг баталсан байна. Ингэж Алтайн нурууны өмнөд бэл, Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр тогтоосон Хаант Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар одоогийн Монгол улсын гадаад хилийн үндэс болж байна. Монголчууд тусгаар тогтнолоо 1915 оны Хиагтын гэрээгээр устгуулж, 1919 онд Хятадын цэргийн эрхтнүүдэд эзлэгдэж үндэсний хөдөлгөөнүүд өрнөн 1921 онд хувьсгал хийн ялснаар ХХ зууны Монголын түүхэнд шинэ үе эхэлж, тус оронд нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд хийгдэх болов. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын түүхэн гавьяа нь дэлхийн олон улсын тавцанд тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улсыг дахин гарган улсын хил хязгаар, газар нутаг, ард түмний уламжлалт зан заншил, соёлыг баттай авч хадгалан үлдээсэнд оршино.
Ардын засгийн жилүүд, хил хамгаалалтын түүх
[засварлах | кодоор засварлах]1928-1932 онуудад эх орны баруун өмнөд хязгаар, одоогийн VI отрядын харъяалсан хилийн хэсгээр дээрэмчдийн халдлага, хилийн зөрчлүүд ихээхэн хурцдаж байжээ.
Гоминданыхан хятадын харгис хүчний турхиралтаар Нин-ся, Синь-Цзян мужуудын захааар нутаглаж байсан хасгийн дээрэмчид нь 1927-1930 онуудад Хантайшир аймгийн Бүсхайрхан уулын хошууны зах нутгаар цөмрөн орж нутгийн ардын мал хөрөнгийг удаа дараа дээрэмдэж байв.
Тиймээс хилийн Монгол улсын хилийн баруун, баруун өмнөд хэсгийг хамгаалуулан хариуцуулахаар Аж богдын хилийн харуулыг анх бий болгосон түүхтэй. Энэ нь 1947 оны хоёрдугаар сарын 25-нд Дотоод явдлын яамны 90 дүгээр тушаалаар Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодонч голын адаг Хөх толгой гэдэг газар анх байгуулагдаж байсан түүхтэй. Хожим буюу 1949 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Баян-Овоонд шилжүүлэн байрлуулж, МУ-ын баатар Д.Гуулингийн нэрэмжит “Хилчний алдар” алтан медальт хилийн 0214 дүгээр анги хэмээн нэрлэх болсон байна.
Тухайн үед Алтайн хил хязгаарыг хүлээн авч хамгаалан ажилласан хязгаарын цэргийн анхны хилчид нь уналга, харилцаа холбооны хэрэгсэл дутагдалтай, хилийн заставуудын хариуцсан хилийн хэмжээ нь урт байсан гэдэг.
Хилийн энэ хэсэг нь хуурай элсэн цөл, говь учраас булаг ус ховор хүнд “нөхцөл” бөгөөд үүрэг авсан хилчид энэ байдлыг үл ажран монгол эрийн тэсвэр тэвчээрээр туулан гарчээ. Хилчид хил зөрчсөн дайсныг мөрдөж 2-3 хоног хоол ундгүй явах, өөрсдөө болон уналга нь цангаж сульдах, хэдэн арван километр газрыг явган туулах бэрхшээлтэй байнга тулгарч байжээ. Гэсэн ч үхэхээ мартан нутгаа өмгөөлсөн хилчид шантраагүй юм. 1929оны наймдугаар сард Бүсхайрхан хошууны нутаг Харавхын худагт нутаглаж байсан ард Балдан-Осор нарын хэдэн өрхийн мал хөрөнгийг дээрэмдэн сүйтгэжээ.
Мөн 1930 онд Аж богдын уулаар дамжин нутгийн гүн рүү нэвтэрсэн дээрэмчид Цогт сумын Төгрөгийн хүрээний жасын мал, хөрөнгийг дээрэмдэн буцахдаа Аж богдын нуруунд нутаглаж байсан айлын хоёр ардыг барьж зодож сүрдүүлэн хилийн цэргийн талаар асууж лавлаж байгаад тавьсан байна.
1931-1932 онуудад Алтай аймгийн өмнө захын 10 сумаас /зарим сумынхан бүрэлдэхүүнээрээ/ 1450 гаруй өрх, Амарбуянт хийдийнхэн зэрэг хүмүүс гадаадад дүрвэн гарчээ. Энэ дотор өдгөөгийн Алтай сумын цөөнгүй өрх айл багтан явжээ.
1932 онд орон нутгийн хошуудын захиргааны удирдаж байсан хил сэргийлэн хамгаалах цагдаа, харуулууд нь дотоодыг хамгаалах газрын удирдлагад шилжив. Энэ үед 17 цагдаа пост байсан бөгөөд пост бүр 5 хүнтэй, сар тутам 40 төгрөгийн цалин авдаг байжээ. Эдгээр постууд нь Гүн тамга, Элст мянган, Захуй, Зээрэн, Балар буйр, Ганц мод, Бага толь, Баян-Өндөр зэрэг газруудад байсан аж.
1932 оны наймдугаар сард оргодол лам, гэлэн шар хэмээх Дэнзэн нарын удирдсан 30 дээрэмчин Цээл сумын зах нутаг Элст мянганаар довтлон ирж хилийн цагдаа харуулд цохигдон буцаж гарчээ.
1932 оны аравдугаар сарын эхээр төвөөс Жанцанхорлоо даргатай, Дашийн Дамба комиссартай ардын цэргийн тусгай отряд томилон гарсан байна. Отрядыг Алтайн хязгаарт очиход хилийн цаанаас Лийздорж, Аюурсэд, гэлэн Балдан хэмээх Жанчив, Загд нарын толгойлсон дээрэмчид Синь-цзян мужийн Хамигийн районд байсан гоминданы хятадын хуйхуу цэргийн ноён Ма-Жү-Ин-ээс зэвсгийн тусламж авч казах хуйхуу зэрэг дээрэмчдээр хүч сэлбэн 200-гаад хүнтэй зэвсэгт отрядаар Элст мянганаар довтолжээ.
Тэднийг Элст мянганд Жанцанхорлоогийн отряд цааш давшин хилийн цаана орших Мичин уул, Ма-Жин-Сан уулын районд үүрлэж байсан оргодол феодолуудын бөөгнөрсөн хүчийг газар дээр нь устгажээ.
1947 оны долдугаар сарын наймны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр 100 гаруй морьт дайсан хил зөрчин орж иржээ. Их Харгайт голын хавцлын аманд Дамжигийн усан дахь II сумангийн төвөөс заставын улстөрийн орлогч н.Хаянхярваа ахлагчтай 10 хүний бүрэлдэхүүнтэй нууц манаа, дайсан голын хавцал уруудан ирж байгааг илрүүлэн 400 метрт ойртон ирэхэд нь анги руугаа байлдагч Ч.Пилжээг холбоо бариулахаар явуулжээ. Харин өөрсдөө толгойн оройг эзлэн хориглолт хийсэн байна. Дайсан 300-гаад метр ойртон ирмэгцээ газрын бартаанд далдлагдан, миномёт, пулемётынхоо галаар постын хориглолтын баруун өмнө ба баруун талаас нь галлан явганаар давшиж эхэлжээ. Дайсны эхний дайралтын өөдөөс хариу өгч байсан байлдагч Э.Архад, Т.Баян нар алагдаж, байлдагч Н.Дандархайдав шархдан арын байранд гарах гэж байгаад дайсны суманд оногдож амь үрэгджээ. Хориглолтын баруун үзүүр болох оройны бяцхан товгор дээр хориглосон тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг дайснууд хүч түрэн бүслэв. Тэд дайсанд бүслэгдсэн хэдий ч бууж өгөхийг хүссэнгүй. Дайсан бөөнөөрөө байгаа хэсэг рүү гранат шидэн баатарлагаар тулалдсаар дайсны суманд өртөн амь үрэгджээ. Байлдагч Л.Даваадорж нь амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн гишүүний батлахаа чулуун дор нуусан байсан гэдэг.
-1948 оны нэгдүгээр сарын 29-нд хилийн долоо, наймдугаар заставын уулзвар Бага хавтагийн 2908 тоот өндөрлөг орчмоор 70 морьт дээрэмчин хил нэвтрэн оржээ. Тэдний хил нэвтрэн орсон бүс нутагт VIII заставын бага дарга С.Мөнгөн, цэрэг Х.Бадамдорж, Х.Даржаа нар заставын дарга н.Дашзэвэгийн тушаалаар хүнсэнд хэрэглэх ан агнахаар нэг хоногийн хугацаатай явсан гэдэг. Гэтэл ан агнах багийнхантай хил зөрчигчид тааралдаж байлдагч Хулганын Бадамдорж, Хөхийн Даржаа нарыг буудаж хөнөөгөөд Х.Даржаатай буудалцжээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Х.Даржаа 70 морьт дээрэмчний эсрэг ганцаараа 24 сум буудаж, 2 гранат тэслээд аргагүй хүчин мөхөсдөж толгойдоо буудуулан амь үрэгдсэн байдаг.
Дээрэмчдийн гарт амь алдсан хилчин Х.Даржаа нь 1947 онд Байтаг богдод болсон удаа дараагийн тулгаралт, байлдаанд гарамгай үүрэг гүйцэтгэсэн учир байлдааны гавъяаны одонгоор шагнагдсан бөгөөд, хожим нь улаан тугийн одонгоор нэхэн шагнагдаж, VI отрядын I заставыг байлдагч Х.Даржаагийн нэрэмжит болгосон түүхтэй.
-Мөн тус отрядын хамгаалалтад байсан хилийн хэсэг буюу Бага хавтаг уулаар нэвтрэн нутгийн гүнд орсон дээрэмчид хилчидтэй Мэргэн уулын зүүн хэсэгт тулгарсан байдаг. Энэ нь түүхэнд “Мэргэн уулын тулалдаан” хэмээн бичигдэж “алдаршсан” юм. Уг тулалдааны үеэр байлдагч н.Лхагвадорж, н.Халтмаа нар мөн л хүч тэнцвэргүй тулаанд гардан орж эцсийн амьсгалаа хураах хүртэлээ эх орноо хамгаалан байсаар алтан амиа алджээ.
Эх орондоо гавъяа байгуулж, дайсантай баатарлаг тулалдаж амиа алдсан Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарыг БНМАУ-ын баатар цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг Улаан тугийн одонгоор нэхэн шагнажээ. Харин заставын улстөрийн орлогч н.Хаянхярвааг Улаан тугийн одон, байлдагч Ч.Пилжээг байлдааны медалиар шагнасан аж.
-1947 оны тавдугаар сарын 13-ны өдөр Байтаг богдын баруун үзүүрээр хил нэвтрэн орж ирсэн дайснууд тухайн район орчимд бэхлэлт хийж байрлажээ. Энэ нь Байтаг богдын орчмын нутаг дэвсгэрийг Хятад улсын нутаг дэвсгэр хэмээн үзэж эзлэн авах зорилгоор цэрэг зэвсгийн хүч хэрэглэхээр зэхэж буй нь тодорхой болжээ. Энэ үед ойролцоох Уушгийн усан дээр түр байрласан н.Санжаа ахлагчтай хилчид рүү дайсны 30-аад хүнтэй морьт групп довтлон бага дарга н.Рааш, цэрэг н.Наваан нарын амийг бусниулжээ.
Тиймээс нам засаг гоминданы харгис хүчний хорт санааг урьдчилан мэдэж тэдний өдөөн хатгалгад тэвчээртэй хандан 48 цагийн дотор Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах хугацааг тогтоосон тулган шаардах бичгийг 2 ардаар элч болгон хүргүүлэх, энэ үед ямар нэгэн тулгаралт гаргахгүй байх зарчмыг хатуу үүрэгджээ. Маршал Х.Чойбалсангийн өгсөн эл даалгаварын дагуу зургадугаар сарын 2-ны өдөр тулган шаардах бичгийг Ховд аймгийн Булган сумын ард Б.Бадам, Б.Чулуундай нараар хүргүүлжээ. Гэтэл дайсны тал элч Б.Бадамыг авч үлдэн Б.Чулуундайг буцаасан байна.
Улмаар Хятадууд манай талаас тавьсан тулган шаардах бичгийг үл тоон байрлалаа бэхжүүлэн, бэхлэлт, хориглолт хийж эхэлжээ. Тиймээс зургадугаар сарын тавны өдөр хошууч генерал н.Шагдаржавын командалсан цэргийн яамны тусгай групп, нисэх хүчний эскадриль хүч хавсран цохилт өгч хятадын цэргийг өөрийн хилээс хөөж гаргасан байдаг. Үүний дараа Хятадын цэргийн байрлаж байсан газар шалгалт хийхэд манай элч Б.Бадамыг маш зэрлэгээр тамлан алсан байжээ.
Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт удаа дараа чухал үүрэг гүйцэтгэж явсан ба хятадын цэргийн ангид тулган шаардах бичиг хүргэх хатуу даалгавар авч, дайсны үүрэнд элчээр очиж харгис тамлалтанд амь эрсэдсэн ард Б.Бадам БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдаж, алдар гавъяа нь манай хилчдийн түүхэнд мөнхжин үлдсэн юм.
-1948 оны 6 дугаар сард Булган сумын 24 дүгээр отрядын 4 дүгээр морьт сумангийн улстөрийн орлогч Авирмэдийн Чогров нь нэг цэргийн хамт застав руугаа явж байгаад Алтай, Үенч сумын заагт нутгийн айл Гэцэлийнд бууж цайлах зуур Хасгийн 20 гаруй морьт дээрэмчид гэндүүлэн барьсан бөгөөд өөрийн цэргээ хэл хүргүүлэхээр зугтаалгаж чадсан ч өөрөө зэрлэгээр тамлуулан амь үрэгдсэн байсныг 4 дүгээр морьт сумангийнхан нь тус дээрэмчдийг устгах үедээ олж илрүүлжээ. А.Чогров нь заставтаа боловсрол мэдлэг өндөртэйд орж байснаас гадна 1941 онд цэрэгт татагдсанаасаа хойш хасгийн дээрэмчдийг олж илрүүлэх, даран устгахад удаа дараагийн онцгой гавъяа байгуулж байсан учраас "Бид ялав" тэмдэг, Цэргийн яамны "Жуух бичиг" зэргээр шагнагдаж, бага даргаас улстөрийн орлогч хүртлээ дэвшиж байжээ. Хасгийн олон халдлагыг зогсоож байсанд өс санасан хасгийн дээрэмчид зам дагуу байрладаг Гэцэл гэх айлд тусгайлан захиж, А.Чогровыг ирсэн даруйд нь хэл хүргүүл, тэгвэл танайхыг зүгээр өнгөрөөнө гэсэн утгатай хатуу даалгавар өгч байж А.Чогровыг барьсан байсан талаар тухайн үед хамт алба хааж байсан буурлууд дурсан ярьж байжээ.
Ийнхүү баруун хилээр хасгийн Оспаны үлдэгдэл дээрэмчид тонуулчид үе үе, хэсэг бүлгээрээ нэвтрэн орж ирж дээрэм тонуул хийж байсан нь 1952 оны сүүл үед эцэслэн намжсан юм. Монгол улсад 15 баатар байдгаас 9 нь баруун хилийн дайнаас төрөн гарчээ. Баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн тулгаралт болж байжээ. Дээрх баруун хилийн дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25000 гаруй хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг. Тэднээс 2018 оны байдлаар 50 гаруй хүн амьд сэрүүн байжээ.
Монгол улсын баруун болон өмнөд хилийн баталгаажуулалт
[засварлах | кодоор засварлах]Хилийн цэргийн генерал Б. Цэдэн-Ишийн бичсэнээр "Алтайн Таван Богд уулаас эхлэн Монгол Алтайн нуруугаар Булган, Чингэл голын хоорондуур Байтаг, Бага Хавтаг, Их Хавтаг уулын зvvн суга хvртэл байгаа 850-иад км урт хил нь 1730-аад оноос эхлэн тогтоогдож ирсэн боловч цаг тєрийн байдлаас янз бvрээр улирах, хувьсахын туйлыг vзэж ирсний эцэст Монгол, Хятадын 1962 оны хилийн гэрээгээр тодотгогдон тогтоогдож албан ёсны хил болж дахин батлагдсан" ажээ. Монгол Улс, БНХАУ-тай 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулж, 1964 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 09-нд бүртгэсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.
Жамабалхан гэдэг казак дарга долоон цэргийн хамт элгэн хад бүхий бяцхан толгод өөд авиран давшиж, дайсны гар бөмбөгөнд өртөөд бүгд амь үрэгдсэн юм. С.Дамдинсүрэн Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн, Ж.Жономаа Увс аймгийн Малчин сумын харьяат, М.Чимэд Увсын Тэс, П.Зодов Өвөрхангай, П.Готов Говь-Алтайнх. Л.Жаргал Ц.Рааш нар хаанахынх болохыг мэдэхгүй. Сая шарилыг нь эргэх гээд очтол тэртээ хилийн цаана харагдлаа. Мөн сонин юм даа. Ах дүүс нь Хятадад очиж байж л тэднийхээ шарилд хүндэтгэл үзүүлэх болж байх шиг”. Тэрбээр ийн өгүүлээд чимээгүйхэн мэгшсэн. Хилийн зурвасаас хоёр километрийн цаана үнэхээр нэгэн элгэн хад, түүний өвөр дор найман овгор шороо харагдав. Ийнхүү дарийн утаа хамт үнэрлэж явсан дайчин нөхдийн шарилаа эргэх гэсэн түүний мөрөөдөл ийнхүү тэр өдөр биелэгдээгүй.
Сонирхолтой баримтууд
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Мэргэн уулын байлдаан
- Бага хавтагийн хилийн тулгаралт
- Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
- Халхын сүмийн мөргөлдөөн
Урлагийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МҮОНТелевизийн бүтээл.2013 он
- Хил дээр Монголын уран сайхны кино.
- Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
- Фантастик продакшн. Байтаг Богд УСК. 2018 он.