Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” ном (УБ. I, II, III боть. 2000, 2001, 2003 он. 73 х.х.).

Доктор (Sc.D), профессор Л.Норовсүрэнгийн гурван боть нэг сэдэвт зохиол нь Монголын сэтгүүл зүйн түүхийн асуудлыг орон зай, цаг хугацааны өргөн хүрээнд нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн сэтгүүл зүйн түүх судлалд доктор Г.Дэлэгийн 3 боть бүтээлийн дараа орох томоохон хэмжээний судалгааны ажил юм.

Агуулгын тойм[засварлах | edit source]

Г.Дэлэг зөвхөн тогтмол хэвлэлийн түүхийг хөндөн бичиж байсан бол судлаач Л.Норовсүрэн Монголын сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүдээс эхлээд өдгөө хүртэлх бүх ОНМХ-үүдийн үүсэл, хөгжил, төлөвшил, гол гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээл, ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтсон онцлог, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагууд, нийтлэлийн үүсэл, хөгжил, бичлэгийн төрөл зүйлийн асуудлыг тусгасанаараа урьд өмнө гарч байсан сэтгүүл зүйн судлаачдын бүтээлүүдээс зарчмын ялгаатай юм. Ялангуяа урьд хэн ч судалж байгаагүй сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл болох аман нийтлэл, эртний уран зохиол дахь нийтлэлийн шинж, үг зохиол, заргын бичиг, захидал зэргийг судалж, шинэлэг санал дэвшүүлсэн, үнэлэлт, дүгнэлт өгсөн нь дэмжүүштэй эхлэл мөн.

Гуравдугаар ботид Монголд ардчилсан хувьсгал ялж чөлөөт сэтгүүл зүйн зүйн эх суурь тавигдсанаас хойших үеийн сэтгүүл зүйн түүхэн хөгжлийн асуудлыг нэлээд ул суурьтай авч үзэж, ОНМХ-ийн системд гарсан өөрчлөлт, нийтлэл нэвтрүүлгийн сэдэв, агуулгад гарсан өөрчлөлт, бичлэгийн төрөл зүйлд гарсан өөрчлөлт, чөлөөт хэвлэл, түүний орчин, мэдээллийн шинэ хэрэгслүүд, сэтгүүл зүйн шинэ чиглэлүүдийн төлөвшлийн асуудлыг тусгасан нь сэтгүүл зүй судлал дахь шинэлэг зүйл бөгөөд сэтгүүл зүйн судалгааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зохиогч рекламын сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, засгийн газрын сурвалжилга, олон нийтийн харилцаа буюу Public Relations (PR), цахим сэтгүүл зэрэг шинэ үзэгдлүүдийг түүх, онолын талаас нь судалж, олон шинэ баримт, мэдээллийг оруулж, тоймлон дүгнэсэн байна. Мөн үе үеийн шилдэг сэтгүүлчдийн намтар, уран бүтээлийг судалж, урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй байсан баримтуудыг ашиглаж, нэгтгэн дүгнэж өгсөн нь бичлэгийн төрөл зүйл, ур чадварын өсөлт, хөгжлийг харуулахад чухал нөлөөтэй юм.

Судлаач Л.Норовсүрэнгийн 3 боть судалгааны бүтээл нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийн онцлогийг нийгэмд гарч байсан өөрчлөлт шинэчлэл, эргэлтийн шинжтэй томоохон үйл явдлуудтай холбон харуулж, төр засгаас сэтгүүл зүйн талаар авч байсан арга хэмжээ, тэдний үр дүн зэргийг дэлгэрэнгүй тусгасан Монголын сэтгүүл зүй судлалд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээл мөн. Энэ бүтээл түүхэн баримт, ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн судалгааны эх хэрэглэгдэхүүн, судлаачдын дүгнэлт, үзэл баримтлал, дэвшүүлсэн санал зөвлөмжийг өргөн ашигласан, баялаг баримт мэдээлэл агуулсан судалгааны шинэлэг ажил болсноороо онцлогтой юм. Энэхүү цуврал бүтээлийг доктор М.Зулькафиль, Ч.Чойсамба нар редакторлажээ.