Монголын хөлбөмбөгийн холбоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монголын хөлбөмбөгийн холбоо
(МХБХ)
Таних тэмдэг
Үүссэн огноо 1959.10.01
ДХБХ-нд нэгдсэн 1998 он
АХБХ-нд нэгдсэн 1997 он
Цахим талбар the-mff.mn
Ерөнхийлөгч Амгаланбаатарын
Ганбаатар (2015-)

Монголын хөлбөмбөгийн холбоо (товч. МХБХ, англ. Mongolian Football Federation)– Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилго бүхий олон нийтийн байгууллага. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, клубүүдийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг. Анх 1959 оны 10 дугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсан. Улмаар 1997 онд шинээр зохион байгуулагдсан бөгөөд мөн ондоо Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) гишүүнээр элсчээ. Мөн Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд (EAFF) 2002 онд элссэн.[1] 2016 оны долдугаар сарын 14-ний байдлаарх ОУХБХ-ны чансаагаар Монголын хөлбөмбөгийн холбоо 202 дугаарт байна.[2] ОУХБХ-нд элссэнээс хойших дундаж чансаа нь 186 (2016 оны байдлаар).[3]

Түүх[засварлах | edit source]

Хөлбөмбөг Монголд[засварлах | edit source]

1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргаар Монголын цэрэг армийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн томилогдсон байна.[4] Энэ оноос тус хорооны дэргэд Монгол улсын шигшээ багууд байгуулагдаж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгийн шигшээ багийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дасгалжуулагч, тамирчдыг цалин, хувцас хэрэглэлээр хангаж эхэлжээ. Улмаар 1959 оны 10 дугаар сард шигшээ багийн тамирчдын санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбоо анх байгуулагдан дарга, нарийн бичгийн дарга, дасгалжуулагч-шүүгчдийн зөвлөл, хүүхэд-залуучууд, сурталчилгаа, техникийн комисс зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. Холбооны анхны тэргүүн нь Монголын хөлбөмбөгийн ууган багш-дасгалжуулагч Н.Лувсандорж байв. (Хожим Н.Лувсандоржийн нэрэмжит ахмад хөлбөмбөгчдийн тэмцээнийг 1999 оноос жил бүр зохиодог болсон нь одоо Хөлбөмбөгийн спорт сонирхогч, мастеруудын тэмцээн нэртэй болжээ) 1958 онд Монгол улсын шигшээ баг хилийн чанадад анх удаа тоглов. Ингэхдээ БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай хотуудаар явж, 45 хоногийн бэлтгэл сургуулилт хийгээд, эдгээр хотуудын багтай долоон удаа тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцэн, дөрөв хожигдсон байна.[5] Улмаар 1960 онд тухайн үеийн Хойд Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Азийн социалист орны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бол дараагийн жилүүдэд нь ЗХУ, БНУАУ, БНАСАУ-ын багуудтай янз бүрийн түвшинд тоглож байжээ.[6] Харин 1993 онд Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг дахин байгуулагдсанаар анхны тэмцээн болох Зүүн Азийн анхдугаар наадамд оролцов. Энэ тэмцээнд Монголын баг Макаогийн багийг 4:3-ын харьцаагаар хожсоноор олон улсын тэмцээн дэх анхны түүхэн ялалтаа авсан юм.[7] Улмаар 1996 онд Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн анхны тэмцээн болж, удаах жил нь МХБХ шинээр байгуулагдан, Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), улмаар Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) элссэнээр Монголын хөлбөмбөгийн хөгжлийн шинэ үе эхэлжээ.

Удирдлага[засварлах | edit source]

Түүх[засварлах | edit source]

1959 онд МХБХ байгуулагдахад анхны даргаар нь хөлбөмбөгийн ууган тамирчин, багш-дасгалжуулагч Н.Лувсандорж томилогджээ. Тэрбээр ЗХУ-аас уригдан ирсэн багш П.Севастьяновын хамтаар анхны шигшээ багийг байгуулалцаж, Монгол дахь хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй бокс зэрэг бусад олон спортын тулгын чулууг тавихад идэвхийлэн зүтгэсэн хүн юм.

Үе үеийн ерөнхийлөгчид[засварлах | edit source]

  • Н.Лувсандорж. Хөлбөмбөгийн холбооны анхны тэргүүнээр 1959 оны 10 дугаар сарын 30-нд сонгогдон 1968 он хүртэл есөн жил ажилласан.
  • Б.Цог (БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, БНМАУ-ын баатар, хурандаа генерал) 1968 онд МХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. 1980 оноос эхлэн Холбооны үйл ажиллагаа илт суларсан бөгөөд 1983 оны намар явагдсан УАШТ, 1984 оны өсвөрийн УАШТ-ий үеэр удирдлагын асуудал яригдаж улмаар МХБХ-ны удирдлагыг сольсон.
  • С.Жамц. Уналтанд орсон МХБХ-ны шинэ ерөнхийлөгч БТСТЗ-ийн дэргэдэх Спорт сургалтын төвд хөлбөмбөгийн бэлтгэл ангийг бий болгож 1985 оны намраас Эрдэнэцогт багштайгаар ажиллуулж эхэлжээ. 1990 оноос эхлэн С.Жамц МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилд шилжсэнээс хойш МХБХ-ны ажил цалгардаж эхэлсэн бөгөөд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдан БТС-ын байгууллагуудын төсөв зардал багасч эхэлсэн. Жил ирэх тусам үйл ажиллагаа суларч ирсэн холбоог өөрчлөн удирдлагуудаа солих санал хэрэгжиж 1997 оны хоёрдугаар сард хуралдан шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. С.Жамц нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч байж, 1996 оны Атлантагийн Зуны Олимпийн наадамд Монголын баг тамирчдын ахлагчаар (chef de mission) оролцож байв.[8]

Шинэ үе[засварлах | edit source]

1996 онд Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн анхны тэмцээн болж, удаах жил нь МХБХ шинээр байгуулагдагдав. 1997 оны хоёрдугаар сарын 14-нд болсон холбооны Анхдугаар их хурлын 114 төлөөлөгчийн олонхийн саналаар МХБХ-ны ерөнхийлөгчөөр, тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ганболдыг сонгожээ. 2010 оны 11 дүгээр сард холбооны III их хурал хуралдаж, ерөнхийлөгчөөр Б.Ганболдыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг сонгов. 2014 оны 10 дугаар сарын 15-нд Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хороо МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдыг авлигын хэрэгт холбоотой болохыг нь тогтоож, ОУХБХ-ны ёс зүйн дүрмийг зургаан үндэслэлээр зөрчсөн хэмээн үзээд, хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилийн хугацаагаар хассанаа зарлав.[9] Мөн оны 10 дугаар сарын 21-нд холбооны Удирдах зөвлөл хуралдаж, ээлжит их хурал хуралдах хүртэл МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, тухайн үеийн дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг томилжээ. Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болсон IV их хурлаар А.Ганбаатарыг ерөнхийлөгчөөр, Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учралыг дэд ерөнхийлөгчөөр сонгов.[10]

Шигшээ багийн дасгалжуулагчид[засварлах | edit source]

  • 1956 онд Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ баг байгуулагдахад ахлах дасгалжуулагчаар ЗХУ-ын спортын гавъяат мастер П.Севастьянов; орчуулагч, туслах дасгалжуулагчаар Н.Лувсандорж нар ажиллаж байв. 1957 онд П.Севастьянов шигшээ баг дээр тулгуурлан хөлбөмбөгийн шүүгч, нийтийн зааварлагч нарын курс семинарыг 45-90 хоногийн хугацаатайгаар явуулж, зэрэгтэй шүүгч, хөлбөмбөгийн багш 50 шахам хүнийг анхны боловсон хүчнээр бэлтгэсэн нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр нь байлаа. 1958 оны хавар Монгол улсын шигшээ баг анх удаа хилийн чанадад явж БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай хотуудаар аялан 45 хоногийн бэлтгэл сургуулилт, уулзалт тоглолтуудыг хийсэн байна. Тэр жилдээ П.Севастьяновын мэргэжилтнээр ажиллах хугацаа дуусч эх орондоо буцжээ.
  • 1960 онд дасгалжуулагчаар Г.В.Венёвцев, Н.Лувсандорж нар ажиллаж байсан бол энэ үеэс хойш Монголын хөлбөмбөгийн хөгжил зогсонги байдалд орж 1993 онд шигшээ баг дахин байгуулагдахад Л.Доржсүрэн, Л.Сандагдорж нар 1999 он хүртэл дасгалжуулав.
  • Шигшээ багийн дараагийн дасгалжуулагчаар И.Отгонбаяр ажиллав. 2000-2011 онд түүний удирдсан Монгол улсын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд оролцсон бөгөөд мөн анхны гоолуудыг Д.Баярзориг, Б.Буман-Учрал нар оруулж байжээ. Тэдний оруулсан гоолууд Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх дэлхийн хэмжээний анхны оноо байв. 2009 онд шигшээ баг “AFC”-гийн “Challenge Cup” тэмцээнд учраа таарсан Макаогийн шигшээ багийг 3:1 харьцаатайгаар эх орондоо буулган авч түүхэн анхны хожлоо байгуулсан.
  • Шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд С.Эрдэнэбат, 2014 онд Вожислав Бразулик, 2015 онд С.Пүрэвсүх, 2016 оноос З.Баттулга ажиллаж байна. З.Баттулга 2016 оны 07 сард Зүүн АШТ-ий урьдчилсан шат, мөн оны 11-р сард "AFC Solidarity cup" тэмцээнд шигшээ багийг удирдан оролцсон.
  • Харин 2017 оны 03 сарын 27-ы өдөр Герман улсын иргэн "UEFA PRO" ангилалтай Ханс Майкл Вайсс Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, албан ёсоор томилогдов. Ханс Майкл Вайсс 2017 оны 07-р сард Монголын 23 хүртэлх насны шигшээ багийг удирдан Азийн 23 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцсон бол 10-р сард үндэсний шигшээ багийг удирдан Тайваньтай анхны албан ёсны тоглолтоо хийсэн.

Шинэчлэлийн үе[засварлах | edit source]

2015 онд сонгогдсон шинэ удирдлага Холбооны бодлого, үйл ажиллагаа, Монголын хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавьж, харьцангуй өргөн хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд[засварлах | edit source]

  • Сургуулиудад хөлбөмбөгийн хичээл орох болсон. БСШУЯ-тай хамтран “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг батлан ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээлийг оруулах болов.[11]
  • МХБХ шилэн дансанд шилжсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн бус байгууллагаас хамгийн анхлан өөрийн санхүүгийн үйл ажиллагаагаа ил тодоор мэдээлэх болсон.
  • МХБХ-ны үндсэн дүрэм болон дагалдах бусад эрх зүйн журмуудыг шинэчилсэн. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-тай хамтран өөрийн үндсэн дүрмийг FIFA-гийн жишигт нийцүүлэн батлав.

Тэмцээн уралдааны хүрээнд[засварлах | edit source]

  • Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн болох Үндэсний дээд лигийг “Хүрхрээ” брэндтэй хамтран 2015 оноос зохион байгуулж эхэлсэн. 2015 онд “Арвайн үндэс” ХХК-ийн “Хүрхрээ” брэндтэй дөрвөн жилийн 500 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Үндэсний дээд лигийн шагналын санг 100 сая төгрөгт хүргэжээ.[12] Өмнөх жилүүдэд лигийн нийт шагналын сан 15 сая төгрөг байж шилдэг мэргэн бууч болсон довтлогч 50 мянган төгрөгөөр шагнуулдаг байв. 2015 оноос лигийн шилдгүүдийг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулдаг болжээ.
  • Үндэсний дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлдэг болсон. 2015 онд Үндэсний дээд лигийн 72 тоглолтоос 56 тоглолтыг NTV телевизээр (en) шууд дамжуулсан нь Монголын спортын салбарт хамгийн анхны урт хугацааны шууд дамжуулалт болсон юм. Судалгаа мониторингийн “Максима” компанийн хийсэн судалгаагаар, “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтыг дундажаар 30,000 орчим үзэгч тогтмол шууд дамжуулалтаар үзсэн бол “Улаанбаатарын унаганууд”, “FC Улаанбаатар” клубын тоглолтыг 80,000 үзэгч үзжээ.
  • “Хүрхрээ” дээд лигийн сарын шилдэг дасгалжуулагч, тоглогчийг шалгаруулдаг болсон. Сар бүр лигийн шилдэг тоглогч дасгалжуулагчийг статистик үзүүлэлтээр нь шалгаруулж тус бүр 500 мянган төгрөгөөр урамжуулдаг болсон.
  • “Хүрхрээ” нэгдүгээр лигийг 25 сая төгрөгийн шагналын сантайгаар бий болгосон. Нэгдүгээр лиг бий болсноор дээд шатны тэмцээний шатлал дээш, доош өгсөж урууддаг тогтолцоотой болов[13]. Лигийн системийг бий болгосноор клубүүд арилжаанд орсон; тамирчид, клубүүд хооронд мөнгөөр худалдагдаж эхэлсэн; клубын үнэ өссөн зэрэг олон эерэг өөрчлөлтийг авчирчээ. Тухайлбал, “Дэрэн” клубын 18 настай тоглогч “Улаанбаатар Сити FC” клубт 15 сая төгрөгөөр шилжсэн юм.[14] Тоглогчид сард нэг сая ба түүнээс дээш төгрөгийн цалин, урамшуулал хүртдэг болжээ.
  • Футзалын “Пепси” лигийг өндөр шагналын сантай зохион явуулав. 2015 оны футзалны улиралд “Пепси” брэндтэй 35 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Шагналын сан өндөртэй “Пепси” лигийн бүх тоглолт амралтын өдөр явагдан NTV телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлж долоо хоног бүрийн шилдэг тоглогчийг шагнал олгож байв.
  • МХБХ-ны тэмцээн уралдаан бүр эрхийн төлөөх тэмцээнтэй болсон. Холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдааныг чанаржуулах, хөдөө орон нутагт жигд хөгжүүлэх бодлогын хүрээнд тэмцээн уралдааныг эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнтэй болгож өөрчилжээ. Газар нутгийн хувьд бүсчлэн хувааж эрх өгдөг болсноор аймаг орон нутгийн багууд чадавхжих, илүү олон тоглолтыг зохион байгуулах боломжтой болов.
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тоглогч нар цалинтай болсон. 2015 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд тоглосон шигшээ багийн тоглогч нарт анх удаагаа бэлтгэл хийх хугацаанд нь цалин өгч эхлэв.
  • Дотоодын хөлбөмбөгийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн.
  • Монголын хөлбөмбөгийг олон нийтийн анхааралд оруулсан.
  • Эмэгтэйчүүдийн лигийг бий болгосон. МХБХ-ны Эмэгтэйчүүдийн анхдугаар лиг 2015 оны долдугаар сард зохион байгууллагдаж “Хад” клуб анхны аварга болов.[15] Шагналын сан 10 сая төгрөг байв.
  • Охидын шигшээ багийг байгуулж япон дасгалжуулагч урьж ажиллуулах болсон. Японы хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөөр мэргэшсэн туршлагатай дасгалжуулагч Ёожи Ики Монголд хүрэлцэн ирж U14, U16 насны шигшээ багийг бүрдүүлэн ажиллаж байна.[16]
  • МХБХ-ны тэмцээн уралдааны шагналын санг өсгөсөн. Холбооноос жил бүр зохион байгуулж буй бүх тэмцээний нийт шагналын сан 500 орчим сая төгрөг болж байна.
  • Нас, насны шигшээ багийг тогтмол барих ажлыг эхлүүлсэн.
  • МХБХ-ны оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг санаачлан бий болгосон.

Гадаад харилцааны хүрээнд[засварлах | edit source]

  • Эх орондоо жил бүр олон улсын арга хэмжээ зохион байгуулах болсон.
  • Ази, Европ төдийгүй Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах эхлэл тавигдсан. Бразил, Аргентин зэрэг хөлбөмбөгийн өндөр хэгжилтэй улсуудыг эгнээндээ багтаасан Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж эхэлж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд, тус улсуудад Монголын хүүхдүүдийг хөлбөмбөгийн чиглэлээр академид нь сургах, нөхөрсөг тоглолтууд тогтмол зохион байгуулах зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллах аж.
  • U-16 Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан.
  • 2016 оны Футзалын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнийг 2015 онд эх орондоо зохион байгуулсан. Тэмцээний эхний тоглолт Монгол, Хонконгийн шигшээ багуудын хооронд явагдаж Хонконгийн шигшээ багийг 8:3 харьцаатайгаар хожсон нь монголчуудын футзалын олон улсын тэмцээний түүхэн дэх анхны хожил байв.
  • Монгол хүүхдүүдийг дэлхийн алдартай академид суралцах гарцыг нээв. Унгарын алдарт Пушкашийн академитай(en) хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2016 оноос дөрвөн хүүхдийг нэг жилийн хугацаатай суралцуулахаар болжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Унгар улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны хөлбөмбөгийн харилцааны талаар ярилцаж, энэ салбарт харилцаа тогтоох, улмаар Пушкашийн академид монгол хүүхдүүдийг суралцуулах санал тавьсныг Унгарын тал нааштай хүлээж авсан юм. Унгарын талын хариу айлчлал 2016 оны эхээр болоход тус улсын ерөнхий сайд В.Орбан, Ц.Элбэгдорж нар энэ яриаг улам гүнзгийрүүлсэн бөгөөд удалгүй Пушкашийн академиийн урилгаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Унгар улсад зочилжээ. Улмаар жилийн 15 мянган ам.долларын төлбөртэй тэтгэлгийг МХБХ, Монгол улсад суугаа Унгарын элчин сайдтай хамтран дөрвөн монгол хүүхдэд олгохоор болж, сонгон шалгаруулалт явуулахад Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарын 15-19 насны хөвгүүд тодорч, Монголоос хилийн чанадад урт хугацаагаар хөлбөмбөгийн чиглэлээр суралцах анхны хүүхдүүд болов.

Бүтээн байгуулалтын хүрээнд[засварлах | edit source]

  • МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг засварласан.
  • МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлсэн.

Клубүүдийн хөгжлийн хүрээнд[засварлах | edit source]

  • Монголын хөлбөмбөгийн клубүүдийг лицензжүүлэх ажлыг эхлүүлсэн. Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран 2016 оноос клуб лицензжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд холбоонд бүртгэлтэй болон гишүүнчлэлтэй клубүүд тодорхой стандартыг хангаж ажиллах, улмаар үйл ажиллагааг нь Азийн болон дэлхийн хөлбөмбөгийн стандартад нийцүүлэх зорилго тавьжээ.
  • Монголын хөлбөмбөгийн клубүүдийг олон улсын тэмцээнд оролцоход эдийн засаг болон бусад дэмжлэгийг үзүүлэх болсон.

Орон нутгийн хөгжлийн хүрээнд[засварлах | edit source]

  • Хөлбөмбөгийн спортыг эх орон даяар жигд хөгжүүлэхийн тулд хөдөө орон нутагт түлхүү анхаарал хандуулах болсон.
  • 2014 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах болсон 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээний шагналын санг 30 сая төгрөгт хүргэв. Ингэснээр аймаг орон нутгаас хүрэлцэн ирж буй шигшээ багуудын санхүүгийн асуудлыг бүрэн шийджээ. 2016 оноос эхлэн энэхүү тэмцээнийг орон нутагт зохион байгуулах болж, мөн оныхыг Сүхбаатар аймагт зохион байгуулав. Тэмцээнд оролцож буй бүх багийн тээврийн болон буудлын зардлыг МХБХ хариуцав.
  • Хөдөө орон нутагт хөлбөмбөгийн мини талбайнууд бий болсон. Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран орон нутагт 20х40 м хэмжээтэй жижиг талбайг ашиглалтад оруулж эхлэв. 2016 онд Төв, Орхон аймагт нийт гурван талбайг ашиглалтад оруулсан бол 2017 онд аймгуудад зургаан талбайг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • Холбооны гишүүн клуб, аймгуудын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга нарт сар бүр урамшуулалт цалин олгох болсон.

Санхүүжилт[засварлах | edit source]

1998 онд ОУХБХ-нд элссэнээсээ хойш тус холбоо дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том нэгдсэн бүтцийн гишүүнийхээ хувьд санхүүжилт авах эрхтэй болжээ. Улмаар 1999 онд тухайн үеийн удирдлагын боловсруулж өгсөн хүсэлтийг ОУХБХ үе шаттайгаар хүлээн авч үзээд анхны санхүүжилт болох 278 мянган доллар, мөн Азийн хөлбөмбөгийн холбооноос 18 мянган долларыг олгожээ.[17] 2016 оны байдлаар тус хоёр холбооны шууд санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд жил тутам тус бүр 250 мянган долларын санхүүжилт хүлээн авч байна.[18] Сүүлийн үед холбооны удирдлага хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд, дэмжигч байгууллагуудын хандив тусламжийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд 2015 оны тавдугаар сард МХБХ “Арвайн үндэс” ХХКомпанитай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурснаар тус компани холбооны албан ёсны түншээр ажиллах болжээ.[19]

Гишүүн клубүүд[засварлах | edit source]

2016 оны байдлаар Монголын хөлбөмбөгийн холбоонд хөлбөмбөгийн 24 клуб нэгдээд байна. Үүнд:

  • Арвис
  • Атлетик
  • Багануур
  • Баянгол
  • Бешикташ
  • Вестерн
  • Гоёо
  • Дэрэн
  • Жипро
  • Монголын тэмүүлэл
  • Соёмбын барсууд
  • Сэлэнгэпресс
  • Улаанбаатар
  • Улаанбаатар сити
  • Улаанбаатарын мазаалайнууд
  • Улаанбаатарын унаганууд
  • Хад
  • Хангарьд
  • Хараацай
  • Хоромхон
  • Хүчит-Чулуут ДМЮ
  • Шарын гол
  • Эрчим

Тэмцээнүүд[засварлах | edit source]

  • “Хүрхрээ” Үндэсний дээд лиг. Шагналын сан: 90 сая төгрөг.
  • “Хүрхрээ” Үндэсний нэгдүгээр лиг. Шагналын сан: 18 сая.
  • Насанд хүрэгчдийн УАШТ. Шагналын сан: 12 сая.
  • Футзалын өсвөр ба идэрчүүдийн лиг. Шагналын сан: 6 сая.
  • Футзалын охид, эмэгтэйчүүдийн лиг.
  • МХБХ-ны цом. Шагналын сан: 25 сая.
  • Үндэсний цом. (21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн) Шагналын сан: 32 сая.
  • Ахмадын УАШТ. Шагналын сан: 4.5 сая.
  • Залуучуудын УАШТ. Шагналын сан: 6 сая.
  • Өсвөрийн УАШТ. Шагналын сан: 9 сая.
  • Охид, эмэгтэйчүүдийн УАШТ. Шагналын сан: 7.2 сая.
  • Эмэгтэйчүүдийн лиг. Шагналын сан: 9 сая.
  • Монголын бүх ард түмний их наадмын хөлбөмбөгийн тэмцээн.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

ОУХБХ-ны гишүүний хувьд уг байгууллагын үзэл санаа, үнэт зүйлс, тогтсон стандартыг Монголд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг чиг шугамаа болгон ажиллахын хамт гишүүн орнууддаа хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрт дэс дараатайгаар хамрагдаж, зохих тусламж дэмжлэгийг авсаар иржээ. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2012-2022”-ыг ОУХБХ-той хамтран хэрэгжүүлж байна.[20] ОУХБХ-ны шууд бус санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2002 оноос хойш Монгол улсад зургаан удаа хэрэгжүүлсэн “Goal” төслийн үр дүнд Улаанбаатар хотод, олон улсын стандартад нийцсэн, хиймэл зүлэг бүхий анхны ногоон талбай, улмаар тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий хөлбөмбөгийн техникийн төв буюу холбооны ажлын байр, 800 хүний суудалтай футзалын ордон, 5000 хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд оржээ. Холбоо анх ОУХБХ-нд элссэний дараагаас ажилтнуудаа “Futuro” төслийн сургалтад хамруулж[21] эхэлсэн бөгөөд үүнээс хойш шүүгч, дасгалжуулагч нарыг янз бүрийн түвшний сургалт семинарт байнга хамруулсны дүнд 2016 оны долдугаар сард Гуамд болсон Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Монголын шүүгчид (Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар) түүхэндээ анх удаа олон улсын тэмцээнийг шүүсэн байна.[22] Холбооны урилгаар 2003 оны есдүгээр сард тухайн үеийн ОУХБХ-ны ерөнхийлөгч Йозеф Блаттер, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мохаммад Бин Хаммам Аль Абдулла нар Монголд айлчилсан бол,[23] 2013 онд Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны ерөнхийлөгч Мишэль Платини мөн айлчилжээ.[24] 2016 оны наймдугаар сард Зүүн Азийн ХБХ-ны гүйцэтгэх хорооны 50 дахь удаагийн хурлыг МХБХ анх удаа хүлээн авав.[25] Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нь 2015 оны есдүгээр сард Зүүн Азийн ХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдсон юм.

Орон нутагт[засварлах | edit source]

Тус холбоо Монгол улсын 21 аймагт салбартай. ОУХБХ-той хамтран хэрэгжүүлж буй “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2012-2022”-ын нэг хэсэг болох “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. 2008 оноос хойш болж байсан “Аймгуудын цом” тэмцээнийг дээрх хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн болгон өөрчилж, үүний өмнө аймаг бүрийг хөлбөмбөгийн багтай болгожээ.[26] Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулж буй энэ тэмцээний шагналын санг 2016 оноос 30 сая төгрөгт хүргэж, шөвгийн найман багийг мөнгөн шагналтай болгосон байна. Анх найм хүрэхгүй баг ордог байсан энэ тэмцээнд 2016 онд (Сүхбаатар аймагт болсон) 16 аймгийн баг оролцсон. Холбооны одоогийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссаны дагуу 2015 оноос аймгуудын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарт сар бүр тогтмол урамшуулал олгодог болжээ.[27]

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг[засварлах | edit source]

ОУХБХ гишүүн холбооддоо, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд анхаарахыг уриалдаг төдийгүй санхүүжилтийн 15 хувийг энэ салбарт зарцуулах чиглэл өгдөг байна.[28] 2015 онд шинээр сонгогдсон ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг байгуулна хэмээн тусгажээ.[29] Улмаар мөн оны долдугаар сард Монголд анх удаа Эмэгтэйчүүдийн үндэсний лигийн тэмцээнийг 10 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулсан бөгөөд найман баг оролцон тоглосны хоёр нь хөдөө орон нутаг буюу Дархан-Уул, Өвөрхангай аймгаас оролцжээ. Мөн Охид эмэгтэйчүүдийн УАШТ-ийг Идэрчүүдийн УАШТ-ээс тусад нь гаргаж зохион байгуулсан байна. 2015 оны есдүгээр сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Дайни Күния болон ОУХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Ташими Козо нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийг байгуулж, дөрвөн жилийн хугацаанд Япон улсаас томилогдсон дасгалжуулагч уг багийг удирдан ажиллахаар болжээ.[30] Улмаар 2016 оны хоёрдугаар сарын 16-нд япон дасгалжуулагч Ёожи Ики нэг жилийн хугацаатай ажиллахаар Монголд хүрэлцэн ирэв.[31] Мөн оны наймдугаар сард Азийн хөлбөмбөгийн холбооны “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх” хөтөлбөрийн техникийн хэлтсийн дарга хатагтай Бай Лили Монголд айлчилж уг хөтөлбөрийн ээлжит семинарыг удирджээ.[32] Охидын шигшээ баг мөн оныхоо наймдугаар сард Японы Сэндай хотод болсон Азийн 14 хүртэлх насны охидын фестивальд оролцов.[33]

Дээд шагнал[засварлах | edit source]

Байгууллагын дээд шагнал болох “Алтан бөмбөг”-ийг 2011 онд бий болгосон боловч тэр жилээ олгоод дараагийн жилүүдэд нь олголгүй тасалдаад байсан нь 2015 онд сэргэжээ. Дараах долоон төрөлд шалгаруулж олгодог. Үүнд:[34]

  • Шилдэг дасгалжуулагч
  • Шилдэг эрэгтэй тоглогч
  • Шилдэг эмэгтэй тоглогч
  • Шилдэг шүүгч
  • Шилдэг гоол
  • Оны бэлгэдлийн 11 тоглогч
  • МХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

МХБХ-ны гишүүн байгууллагаар харъяалалтай, тухайн оны тэмцээн уралдаанд амжилттай оролцсон, шударга тоглолтын зарчмыг мөрдсөн гэсэн шалгуур үзүүлэлттэйгээр оны шилдгүүдийг шалгаруулдаг. ОУХБХ-ны "Алтан бөмбөг" шагналд нэр дэвшигчид гишүүн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч, хөлбөмбөгийн спортоор дагнасан спортын сэтгүүлчид санал өгдөг уламжлалтай. Энэхүү жишгийн дагуу МХБХ-ны "Алтан бөмбөг" шагналын эзний төлөө "Хүрхрээ" үндэсний дээд лигийн есөн клубын ахлах дасгалжуулагч, ахлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэл, нэвтрүүлэг туурвидаг 14 сэтгүүлч, нийт 52 хүн санал өгөх эрхтэй.

Гүйцэтгэх хорооны гишүүд[засварлах | edit source]

  • Б.Батзаяа ("Хүчит Чулуут" ДМЮ клуб)
  • М.Болд ("Сэлэнгэпресс")
  • Д.Даваасамбуу ("Хангарьд")
  • Б.Гансүх ("Хоромхон")
  • Б.Батсайхан ("Хараацай")
  • М.Батболд ("Улаанбаатарын унаганууд”)
  • Г.Мөнхчулуун ("Эрчим")
  • Б.Болдбаатар ("Дэрэн")[35]

Солилцоо наймааны цонх[засварлах | edit source]

Олон улсын жишгийн дагуу тамирчдын солилцоо наймааны цонхыг 2010 оноос ажиллуулж, жилд хоёр удаа нээж хааж байна. Үндэсний лигт гадаадын легионер тоглогчид сүүлийн 10 шахам жилд тасралтгүй тоглож байгаа бөгөөд уг лигийн 10 багийн нэгээс бусдад нь Япон, ОХУ, Итали, Канад, Англи, Тринидад ба Тобаго, Нигери, Серби зэрэг улсаас нийт 22 тамирчин тоглож буй.[36] 2016 оны наймдугаар сард "Дэрэн" клубын 18 настай хагас хамгаалагч Г.Гантогтох "Улаанбаатар сити" клубт гурван сая төгрөгөөр шилжсэн нь дотоодын тоглогчдын хувьд одоогоор тодорхой болсон наймаануудаас хамгийн үнэтэйд тооцогдож байна.[37] 2016 онд тоглогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг системчлэх зорилго бүхий "FIFA TMS" сургалтыг явуулснаар бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хариуцсан албан тушаалтан (TMS manager) шинээр бий болж, уг асуудлыг ОУХБХ-ны стандартаар зохион байгуулдаг болжээ.

Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]

  • 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Мишэль Платиниг Монголд айлчлахад, одоогийн ОУХБХ-ны ерөнхийлөгч, тухайн үед Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Жанни Инфантино түүнийг дагалдан ирж байв.[38]
  • 2016 оны зургадугаар сард Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаа шигшээ багийн өмсгөл болон, ороолт, бэлтгэлийн өмд цамцыг олон нийтэд зориулан худалдаанд гаргажээ.[39]
  • Холбооны одоогийн ерөнхийлөгч А.Ганбаатар энэ албан тушаалд өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу ерөнхийлөгчийн хувиар ямар нэг цалин урамшуулал авдаггүй.[40]
  • Монголын үндэсний шигшээ багийн хамгийн залуу тоглогч М.Жансерик 17 нас, дөрвөн сартай (2016 оны наймдугаар сарын байдлаар)
  • Монголын хөлбөмбөгийн холбооны солилцоо наймааны цонхоор хамгийн идэвхтэй ажиллаад буй баг бол дээд лигийн "Баянгол" баг бөгөөд энэ баг 2016 оны зун дөрвөн легионер тоглогч авсаны нэг нь Испанийн иргэн байв.
  • Монголын хөлбөмбөгийн түүхэнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар хоёр удаа гадаад хүн ажиллаж байсны анхных нь ЗХУ-ын иргэн Павел Севастьянов юм. Тэрбээр Монголын шигшээ багийг 1958 онд байгуулж, анхны дасгалжуулагчаар нь ажиллаж байсан. 2014 онд Сербийн иргэн Вожислав Бралушич ажиллаж байв. Одоо тэрбээр Үндэсний дээд лигийн “Дэрэн” багийг дасгалжуулж байна.
  • МХБХ-ны Эмэгтэйчүүдийн лигийн хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолт 2016 оны долдугаар сарын 24-нд болсон нь тухайн үед долоон хүний бүрэлдэхүүнтэй тоглосон "Туулын том тулнууд" багийг “Дэрэн" баг 0:16-аар хожжээ.
  • 2016 оны наймдугаар сарын таванд Эмэгтэйчүүдийн лигийн аваргуудад шагнал гардуулах үеэр нэгэн сонин үйл явдал болсон нь, аваргын цомыг хүртсэн “Арвис” багийнхныг шагналаа авч байхад, уг тэмцээний хүрэл медалийг хүртсэн "ХАД" клубын тоглогчид тэдэнд улаан сарнай бэлэглэжээ.
  • Анх 1994 онд Германы хөгжмийн зохиолч Франц Ламбертын зохиосон ОУХБХ-ны сүлд аялгууг, 2015 оны шилдэгийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаан дээр Монгол улсын морин хуурын чуулга тоглосон нь өвөрмөц сонин үйл явдал болж байв.[41]
  • Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн анхны шигшээ баг болох 14 хүртэлх насны охидын шигшээ багт Бельгийн иргэн, Монголын давхар иргэншилтэй Лора Ван Баэл тоглож байна.[42]
  • Уулчин Б.Цэвээндаш Эверэстийн оргилд гурав дахь удаагаа (2016 оны долдугаар сарын долоон) гарахдаа Монгол улсын далбаанаас гадна МХБХ-ны далбааг мандуулжээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. eaff.com
  2. fifa.com
  3. fifa.com
  4. Монгол Улсын батлан хамгаалах яамны цахим хуудас: Жамъянгийн Лхагвасүрэн, нийтлэгдсэн 2014-08-04, хандсан 2016-10-11
  5. http://www.news.mn/r/58235
  6. http://www.news.mn/r/58235
  7. http://www.ssport.mn/index.php/p/822
  8. http://www.tsahimurtuu.mn/index.php/2012-03-05-04-11-02/90-news/2012-03-23-06-22-29/1583-archive-story-1390
  9. http://old.eagle.mn/content/read/23991.htm
  10. http://www.olloo.mn/n/12256.html
  11. http://tsag.mn/6385-soc.html
  12. http://www.ugluu.mn/121841.html
  13. https://www.news.mn/content/print/227447
  14. http://www.montsame.mn/%D0%B4%D0%BE%D1%82%D0%BE%D0%BE%D0%B4-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/%E2%80%9C%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B8%D1%82%D0%B8%E2%80%9D-%D0%B4-%D0%B3%D0%B3%D0%B0%D0%BD%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85-3-%D1%81%D0%B0%D1%8F%D1%8B%D0%BD-%D1%86%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BD-%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0
  15. http://www.shuud.mn/content/read/455940.htm
  16. http://news.zone.mn/news/57639.htm
  17. http://www.interview.mn/detail/58
  18. http://www.news.mn/r/227447
  19. http://www.news.mn/r/212261
  20. https://www.facebook.com/MongolianFootballFederation/photos/pcb.1191996804167441/1191996770834111/?type=3&theater
  21. http://archive.olloo.mn/News/1156261.html
  22. https://ru-ru.facebook.com/MongolianFootballFederation/
  23. http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=69699
  24. http://www.ugluu.mn/43733.html
  25. https://www.facebook.com/MongolianFootballFederation/photos/pcb.1278449305522190/1278426572191130/?type=3
  26. http://www.mnb.mn/v/30795
  27. http://www.news.mn/r/227447
  28. http://www.news.mn/r/227447
  29. http://www.news.mn/r/227447
  30. http://www.news.mn/r/222310
  31. http://www.mnb.mn/i/79545
  32. http://news.gogo.mn/r/190029
  33. http://olloo.mn/n/32296.html
  34. http://www.news.mn/r/230104
  35. http://www.ikon.mn/n/er4
  36. https://www.facebook.com/MongolianFootballFederation/photos/ms.c.eJxFz8kNxAAIA8COIm5D~;42t4gj2O7KNUAuEV0TaiIY~;~_kEOwXoBRtBc6CKILkzoZKHkYAi5FSg3BAcuTFgshHeZO3AAJuQgmxs2C5Ws~;K~;ggzhoPieyz2HsHa2yH5uLM3s~-.bps.a.1247436401956814.1073742029.524710230896105/1247436865290101/?type=3
  37. http://sonin.mn/news/sport/65952
  38. http://www.president.mn/content/3633
  39. http://www.analiz.mn/postview/4049
  40. http://www.news.mn/r/227447
  41. https://www.news.mn/content/print/230167
  42. http://the-mff.mn/posts/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BE%D1%85%D0%B8%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BD%D1%85%D0%BD%D1%8B-%D1%88%D0%B8%D0%B3%D1%88%D1%8D%D1%8D-%D0%B1%D0%B0%D0%B3-%D1%8F%D0%BF%D0%BE%D0%BD-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%B3-%D0%B7%D0%BE%D1%80%D1%8C%D0%BB%D0%BE%D0%BE