Монгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүд

Гурван улсын хилийн зураг

Монгол, ОХУ, БНХАУ-н Улсын хилийн уулзвар цэгүүд Зүүн болон Баруун гэж хоёр байдаг. "Гурван улсын Улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг 1994 оны 1-р сарын 27-нд Улаанбаатар хотноо монгол, орос, хятад хэлээр байгуулжээ.


Гурван улсын хилийн Зүүн уулзварын цэг[засварлах | кодоор засварлах]

Энэхүү Хэлэлцээрийн 1-р зүйлд Улсын хилийн Зүүн уулзварын цэг нь 645,0 тоот бүхий өндөрлөг дээр Тарваган дахын овооны төвд оршино гэж заажээ.

Гурван улсын Улсын хилийн Зүүн уулзварын цэгийг Оросын талын 1981 онд хэвлэгдсэн 1:100 000 масштабтай газрын зурагт харуулжээ (Хэлэлцээрт хавсаргасан байна).

Гурван улсын хилийн Баруун уулзварын цэг[засварлах | кодоор засварлах]

Энэхүү Хэлэлцээрийн 2-р зүйлд Улсын хилийн Баруун уулзварын цэг нь Таван Богд (Хүйтэншань, Таван-Богдо-ула) уулын 4082,0 (4104,0) тоот бүхий өндөрлөг дээр оршино гэж заасан байна.

Гурван улсын Улсын хилийн Баруун уулзварын цэгийг Оросын талын 1982 онд хэвлэгдсэн 1:100 000 масштабтай газрын зурагт харуулжээ (Хэлэлцээрт хавсаргасан байна).

Монгол Улс, ОХУ-ын хил[засварлах | кодоор засварлах]

    БНМАУ, ЗСБНХУ хоорондох улсын хилийг 1977-1978 онд анх газар дээр нь тогтоон тэмдэглэсэн байдаг. Газар дээр нь тогтоон тэмдэглэснийг 1989-1992 онд шалгаж хилийн шугамын дагуу 1:25000-1:50000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар гүйцэтгэн хилийн багануудыг геодезийн хэмжилтийн аргаар солбицолжуулсан. Монгол улс, Оросын Холбооны Улсын хил нь Таван Богд уулын оройгоос, Тарваган Дахын овоо хүртэл нийт 3543 км байна гэж тогтоосон. Газар зүйн солбицол болон өндрийн хувьд 1942 оны солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой.

Монгол Улс, БНХАУ-ын хил[засварлах | кодоор засварлах]

    Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг 2001-2004 оны хооронд гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна. Шалгалтаар Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж тогтоосон байна. Газар зүйн солбицол болон өндрийн хувьд ITRF солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой.