Монгол Улсын Ерөнхий сайд
- Албан тушаалтнуудын жагсаалтын тухай Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалт өгүүллээс үзнэ үү.
| Монгол Улсын Ерөнхий Сайд | |
|---|---|
| Монгол Улсын гүйцэтгэх засаглал | |
| Төрөл | Засгийн газрын тэргүүн |
| Томилогч | Улсын Их Хурал |
| Бүрэн эрхийн хугацаа | 4 жил; дахин томилогдох боломжтой |
| Алба бий болсон | 1912 оны 11 сар 1990 оны 9 сарын 11 |
| Анх ажилласан хүн | Төгс-Очирын Намнансүрэн (1912) Дашийн Бямбасүрэн (1990) |
| Орлогч | Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд |
| Цалин | Жилийн 29,876,672 ₮/$ 8,453 (2021)[1] |
Монгол Улсын Ерөнхий Сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг албан тушаалтан юм. Улсын Их Хурлын сонгуульд олонхи суудал авсан эсвэл олонхийг бүрдүүлж байгаа нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч оруулснаар Улсын Их Хурлаас томилно. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа 4 жил бөгөөд түүнд итгэл үл үзүүлэх болон огцруулах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэнээр огцордог.[2] Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурлаас 30 хоногийн дотор нөхөж томилдог. Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд гүйцэтгэдэг.[3] Ням-Осорын Учрал 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Ерөнхий сайдаар ажиллаж байна.[4]
Ерөнхий сайдын бүрэн эрх
[засварлах | кодоор засварлах]Хуульд зааснаар Ерөнхий сайд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг:[3]
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
- Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулах;
- Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрыг удирдах;
- Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдах;
- Засгийн газрын үйл ажиллагааны тухай Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, авах арга хэмжээний тухай саналаа өргөн мэдүүлэх;
- Дотоод, гадаадад Засгийн газрыг төлөөлөх.
Мөн Ерөнхий сайд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг тухайн засаг захиргааны нэгжийн Засаг даргаар томилох эрхтэйгээс гадна хуульд заасан шаардлага бүрдсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эрх мэдэлтэй.[5]
Төрийн өмчийн бодлого, тагнуул, сөрөг тагнуул, терроризмоос урьдчилан сэргийлэх асуудал, төрийн тусгай хамгаалалтын асуудал, жендэрийн хөгжлийн асуудал, зөвшөөрлийн нэгдсэн бодлого, газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг аль нэг сайдаар дамжуулалгүй Ерөнхий сайд шууд хариуцдаг.[3]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа анх бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог.
Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж.
Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ.
Дараа нь Монгол Ардын Намынхан Нийслэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавьжээ.
Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг.
Ерөнхий сайд нар
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Эрх зүйн акт дэлгэрэнгүй".
- ↑ "Монгол Улсын Үндсэн хууль". legalinfo.mn. 1992-01-13. Татаж авсан: 2026-03-29.
- 1 2 3 "Монгол Улсын Засгийн газрын тухай хууль". legalinfo.mn. 1993-05-06. Татаж авсан: 2026-03-29.
- ↑ "Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай". legalinfo.mn. 2026-03-30. Татаж авсан: 2026-04-12.
- ↑ "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль". legalinfo.mn. 2020-12-24. Татаж авсан: 2026-03-29.