Монгол Улсын гадаад харилцаа

Монгол Улсын Гадаад харилцаа (гадаад бодлого)-ын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдмэл гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Гадаад харилцааны яам) гүйцэтгэнэ.
“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж зорилго, зорилтуудаа Монгол Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлалд заасан байдаг.
Монгол Улс нь олон улсын харилцааны нэгэн оролцогч субьект мөн. Монгол Улс нь НҮБ, ДХБ, ДБ, АХБ, АСЕМ зэрэг олон улсын байгууллагын гишүүн бөгөөд 10 орчим олон улсын байгууллагатай эрчимтэй хамтран ажилладаг. Монголд Улс 2022 оны байдлаар дэлхийн 193 оронтой дипломат харилцаатай байна.
Гадаадын 31 оронд Монгол Улсын Элчин сайдын яам болон 8 оронд 11 Ерөнхий Консулын газар, 5 Консулын төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулж байна (2015.12.24).
Мөн үүнээс гадна Монгол Улсын 75 Өргөмжит консул гадаад орнуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Улаанбаатарт гадаадын 23 орны Элчин сайдын яам, орон нутагт гадаадын 2 (ОХУ-Дархан, БНХАУ-Замын-Үүд) Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна.
2020 оны байдлаар Монгол Улсын энгийн паспорттай иргэд дэлхийн 19 оронд визгүй зорчиж байгаа бөгөөд албан, дипломат паспорттой иргэд дэлхийн 45 оронд визгүй зорчиж байна.