Jump to content

Монгол орны байгаль орчны байдал 2010-2020 онд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орон нь Сибирийн тайга болон Төв Азийн хээр, цөлийн экосистемийн шилжилтийн заагт оршдог учраас Биологийн Олон Янз Байдал (БОЯБ)-ийн хувьд баялаг болохын сацуу биологийн төрөл зүйлийн өвөрмөц байдлаараа бүс нутгийн хэмжээнд онцлог бөгөөд чухал ач холбогдолтой. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 хэм өссөн нь дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр өссөнөөс ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлт юм.

Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжсөн ба 50-70 хувийг Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд эзэлж байгаа бөгөөд нийт хур тунадасны хэмжээ сүүлийн 70 жилд 7.3 хувиар буурсан байна.

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өссөн ба сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин өссөн байна. Монгол орны нийт усны нөөцөд эзлэх гадаргын усны хэмжээ 98 хувьтайгаас гадна 2021 оны байдлаар нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай бүрдүүлж байна. Мөн улсын хэмжээнд дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээ нийт хог хаягдлын ердөө 10 орчим хувийг бүрдүүлж байна. Йелийн их сургууль, Колумбын их сургууль хамтран боловсруулсан 2022 оны EPI (Environmental Performance Index1 ) буюу Байгаль орчны гүйцэтгэлийн индексийн тайланд Монгол Улс 100 онооноос 29.6 оноо авч 180 орноос 155 дугаарт эрэмбэлэгдсэн байснаас 2024 оны байдлаар 37.0 авч 11-н байр ахиж 144-т эрэмбэлэгдсэн байна.