Jump to content

Моника Селеш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Моника Селеш

Моника Селеш (Серби: Моника Селеш/Monika Seleš, Унгар: Szeles Mónika, Англи: Monica Seles; 1973 оны 12-р сарын 2-нд Югославын Нови-Сад хотод төрсөн) - Дэлхийн чансааг тэргүүлж байсан Югослав-Америкийн мэргэжлийн теннисчин бөгөөд хоёр улсын төлөө тоглож байсан. Тэрээр 1986 онд Югославаас АНУ руу нүүж, 1994 онд тус улсын иргэн болсон. М.Селешийн эцэг эх нь унгар үндэстэн тул 2007 онд Унгарын иргэншил авсан. Тэрээр 9 удаа Их Дуулгын цом хүртсэн бөгөөд үүний 4 нь Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. 1990 онд тэрээр Францын нээлттэй тэмцээний хамгийн залуу ялагч болсон. Моника Селеш 1991-1992 онд дэлхийд 1-р теннисчин байжээ.

Моника Селеш 1973 оны 12-р сарын 2-нд Югослав (одоогийн Серби)-ийн Нови Сад хотод Унгарын дүрвэгсдийн гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг Карой Селеш нь хүүхэлдэйн киноны зураач, эх Эстер Селеш нь программист байжээ. 6 настайд нь эцэг Карой теннисний хичээл зааж эхэлсэн.

Моника хурдан сайн тоглож сурсан бөгөөд 9 настайдаа 12-оос доош насны охидын дунд зохиогдсон Югославын өсвөрийн теннисний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. 10 настайдаа Европын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 12 настайдаа Югославын оны шилдэг тамирчин цол хүртжээ. 13 настайдаа Моника гэр бүлийнхэнтэйгээ хамт АНУ-ын Флорида муж руу аялж, орон нутгийн өсвөрийн тэмцээнд оролцжээ. Тэмцээний дараа гэр бүл нь буцахаар төлөвлөж байсан ч Андрэ Агасси, Жеймс Курье, Мэри Пирс болон бусад шилдэг одод зэрэг теннисчдийг сургасан алдарт дасгалжуулагч Ник Боллетьеригийн анхаарлыг татжээ. Тэр Моникад өөрийн Академид (англи. Nick Bollettieri Tennis Academy) сурахыг санал болгосоны дагуу тэдний гэр бүл Флоридад улдэхээр болжээ.

1988 оны намар Моника 14 настай байхдаа мэргэжлийн тэмцээний анхны ялалтаа авч, 1989 онд мэргэжлийн теннисний ертөнцөд орсон байна. Энэ хугацаанд Германы нэрт теннисчин Штефани Граф талбайд ноёрхож байсан бөгөөд Селешийн ирэлт дэлхийн теннисний хүчний тэнцвэрийг эрс өөрчилсөн юм.

1991, 1992 онуудад Моника аварга шалгаруулах тэмцээнд ноёрхож, Штеффи Графыг оноогоор гүйцэж, дэлхийн нэг номерын теннисчин болжээ. Энэ богино хугацаанд тэрээр 6 удаагийн Их Дуулгын тэмцээнд ганцаараа түрүүлж, гол өрсөлдөгчдөө зөвхөн Уимблдоныг үлдээжээ. Тэрээр эхний жилдээ Уимблдонд оролцоогүй ч хоёр дахь жилдээ финалд шалгарчээ. 1991 оны 1-р сараас 1993 оны 2-р сарын хооронд тэрээр 22 цом хүртсэн; 34 тэмцээний 33-т нь финалд шалгарсан; түүний нийт амжилт 159-12 (ялагдсан тоглолтын 92.9%) байв.