Мэргэжлийн байгууллага (Нөхөн төлбөрийн харилцаа)
“Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд мэргэжлийн байгууллагын оролцоог дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:
• Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ.
• Хуульд заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх мэргэжлийн байгууллагад олгох журмыг Засгийн газар батална.
• Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах, уг гэрээний дагуу байгалийн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;
- Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
- Байгалийн баялгийн нөөцийн судалгаа хийлгэх захиалга өгөх; Байгалийн баялгийг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, түймэр зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
- Байгалийн баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар саналаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
- Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, арчлах, тэдгээрийг ашиглан хууль тогтоомжид заасан журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
- Байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох.