Мюнхений хэлэлцээр

Мюнхений хэлэлцээр (Мюнхений хуйвалдаан гэж мөн нэрлэдэг, герман. Münchner Abkommen, англи. Munich Agreement, чех. Mnichovská dohoda) - Герман, Их Британи, Франц, Итали улсуудын хооронд 1938 оны 9-р сарын 29-нд Мюнхен хотноо Германы Фюрер Адольф Хитлер, Их Британийн Ерөнхий сайд Невилл Чемберлен, Францын Ерөнхий сайд Эдуар Даладье, Италийн Дүчэ Бенито Муссолини нар гарын үсэг зурсан хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийн дагуу Чехословак улс 10 хоногийн дотор германчууд олноор оршин сууж байсан Судет мужийг Германд шилжүүлэн өгөхөөр заасан байв. Польш, Унгарын шахалтаар Мюнхений хэлэлцээрт хавсралтуудыг нэмж, Чехословак улс эдгээр улсуудтай байгуулсан нутаг дэвсгэрийн маргааныг аль болох хурдан шийдвэрлэхийг шаардсан юм. Чехословакийг төлөөлж Хуберт Масаржик, Войтеч Мастный нар оролцсон боловч хэлэлцээрийн нөхцөлийг хэлэлцэх үед оролцуулалгүйгээр баримт бичигт гарын үсэг зуруулсан байна. 9-р сарын 30-ны өглөө Чехословакийн Ерөнхийлөгч Эдвард Бенеш улсынхаа Үндэсний Ассамблейн зөвшөөрөлгүйгээр энэхүү хэлэлцээрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
1938 оны 10-р сарын 1-нд Германы цэргүүд Чехословакийн хилийг давж, 10-р сарын 10-ны өдөр Судетийн бүх нутгийг эзлэн авсан юм. Мөн тэр өдөр Чехословак улс 10-р сарын 2-нд Польшийн цэргүүд эзэлсэн Тесин бүс нутгийг үг дуугүй өгөх Польшийн шаардлагыг хүлээн авчээ. 1938 оны 11-р сарын 2-нд Мюнхений хэлэлцээрт гарын үсэг зурсны дараахан Венийн Шүүх өмнөд Словак болон өмнөд Карпатын Рутенийн нутгийг Чехословакаас Унгарын талд, хойд хэсгийн хэд хэдэн нутгийг Польшийн талд хувааж өгчээ. 1939 оны 3-р сард анхны Словакийн Бүгд Найрамдах Улс тунхаглагдаж, Бохеми, Моравийн Протекторат байгуулагдсаны дараахан Герман улс Чехийн үлдсэн нутгийг бүрэн хяналтдаа авсан түүхтэй юм.
Хэрэв Германы шаардлагыг хүлээн авахгүй бол ямар ч тусламж үзүүлэхгүй гэж Их Британи, Франц улсууд Чехословакийн засгийн газарт тодорхой мэдэгдсэн. Дайнаас зайлсхийхийн тулд Чехословак улс гэрээний хүнд нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.