Мюнхены аюулгүй байдлын бага хурал

Бага хурал зохион байгуулдаг зочид буудал

Мюнхены аюулгүй байдлын бага хурал (герман. Münchener Sicherheitskonferenz, англи. Munich Security Conference) - 1963 оны 2-р сараас хойш жил бүр Германы Мюнхен хотод зохион байгуулдаг олон улсын бага хурал юм. Энэхүү хурлаар олон улсын нэрт улс төрчид, цэргийнхэн, бизнесийн хүрээнийхэн, Засгийн газрын бус байгууллагынхан болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх тэргүүлэх шинжээчид албан бусаар цугларч олон улсын харилцаа, аюулгүй байдлын талаарх асуудлаар яриа, хэлэлцээ өрнүүлж санал бодлоо хуваалцдаг байна.

Тус бага хурал "Байришер Хоф" (герман. Hotel Bayerischer Hof) зочид буудалд болдог. Бага хурлыг "Мюнхены аюулгүй байдлын бага хурлын Сан" (ашгийн бус байгууллага) (герман. die Stiftung Münchner Sicherheitskonferenz (gemeinnützige) GmbH) зохион байгуулдаг байна.

Мюнхены Бага хурлын таних тэмдэг

1998 он хүртэл германы хэвлэгч Эвальд-Генрих фон Клейст-Шменцин үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч нь байсан. 1999 оноос энэ үүргийг Германы Канцлер Хельмут Колийн зөвлөх Хорст Тельчик гүйцэтгэж ирсэн. 2009 оноос Вольфганг Ишингер, 2022 оноос Кристоф Хойсген энэ үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

Эхний 30 жил Бага хуралд НАТО-гийн орнуудын цэрэг, улс төрийн удирдагчид, улс төр судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцдог байв. 1990-ээд оноос хойш Орос болон Зүүн Европын орнууд (1995 оноос), Хятад, Энэтхэг, Япон зэрэг орны төлөөлөгчид Бага хуралд оролцож эхэлсэн байна.