Мянгад нутаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Мянгад нутаг

Мянгад ястны нэрийн монгол бичигээр
ᠮᠢᠩᠭᠠᠳ

Мянгадчууд Хөвсгөлийн Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан хөхийн өвөрт Хар-ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж байна. Монгол улсын Засгийн газрын 1924 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар баталсан Ховдын харъяат газар нутгийн захиргааны дүрмийг үндэслэн Мянгадын дайчин гүний хошууг 1924 оны 10 дугаар сард Хөхий уулын хошуу хэмээн газар усны нэрээр нэрлэн албан ёсоор байгуулжээ. Хошууны даргаар урьд хошуу ноён асан харц ард гаралтай Санжжав гүнийг сонгон хошууны захиргааг Цагаанбулангийн “Лайжин” хэмээх газар төвлөрүүлжээ. 1940 оны 04 дүгээр сард одоогийн байгаа “Хар үзүүрт” нүүлгэн шилжүүлж суурьшин 1955 онд Баянхошуу гэж нэрлэсэн. Тус сум нь Ховд аймгийн нутгийн хойд захад өмнө, баруун өмнө талаараа Буянт, Ховд, Эрдэнэбүрэн сумтай, хойт талаараа Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумтай, Зүүн талаараа Дөргөн сумтай тус тус хиллэн аймгийнхаа төвөөс 37км, Улаанбаатар хотоос 1470км, Увс аймгаас 210км, Баян-өлгий аймгаас 350 километрт Монгол алтайн уулархаг мужийн салбар далайн түвшнээс 3360 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт Алтан хөхий уулын өвөрт, Халзан бүргэдтэй, Улаан, Цагаан үнээт, Чаргат, Сундуйлын уулс түүний салбар аараг толгод, тал хөндий болон Ховд голын сав дагуух нутаг нугын үржил шимт хөрс бүхий шил, говь, гол хосолсон 325.5 мянган га нутагтайгаас ХАА-н эдэлбэр 321.0 мянга, үүнээс малын бэлчээр 312.6 мянган га усны сан бүхий газар 664 га улсын тусгай хамгаалалттай газар 5412 га нутагтайн дээр цэнгэг уст Ховд гол Могойн ба Цагаан бургасны гол, Хар-ус, Зээрэн, Хаг, Бүрд, Ногоон нуур зэрэг нууруудаас гадна 30 гаруй булаг шанд цөөрөмтэй учир сумын нутаг бэлчээрийн ихэнх нь байгалийн задгай усаар хангагддаг юм.

Газар нутаг онцлог[засварлах | edit source]

Тус сумын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3360 гаруй метр өндөрт өргөгдсөн Алтан хөхий уул юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн 44 дүгээр зарлигаар Алтан хөхий уулыг төрийн тахилгатай болгож уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд 1 удаа үйлдэж байхаар заасны дагуу 2005, 2009 онуудад Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолыг үйлдэх ёслолд төрийн тэргүүн 2 удаа оролцсон юм. Сумын нутагт Аргаль, Янгир, Чоно, Үнэг, Ирвэс, Тарвага, Шилүүс, Мануул, Хүрэн, Гахай зэрэг ан амьтад Хотон, Хун, Хойлог, Ахууна, Ёл, Алтан гургалдай, Галуу, Нугас, Ангир, Тогоруу, Тоодог, Ятуу, Хөтүү, Хөхөө, Шаазгай, Хэрээ, Цахлай, Дэглий, Ууль, Шар шувуу, Харцага зэрэг олон төрлийн жигүүртэн шувуудаас гадна сүүлийн жилүүдэд Ховд гол Хар-ус нуурт Минж, Заарт харх нутагшин үржиж байна. Хар-ус нуур Ховд голын сав дагуу Улиас, Бургас Хус, Улаан харгана, Чацаргана, Хулс, Зэгс, Шагшуурга дэрс Ханаг, Өлөн зэрэг өвслөг ургамал уул тал хөндийгөөр Яргуй, Ерхөг,Сонгино, Мангир, Агь, Бутууль, Хар, Цагаан шаваг, Шарилж, Таана, Хөмүүл,Тэсэг, Буйлс, Хазаар, Хамхуул, Шар ба Улаан харгана зэрэг ургамлууд ургадагаас гадна Чацаргана,Чихэр өвс Алтан гагнуур, Бамбай, Вансэмбэрүү, Мэхээр, Цульхар, Гоёо, Тошлой,Хармаг, Хад зэрэг ховор болон эмийн ургамал ургадаг юм. Тус сумын нутагт Алт, Мөнгө, Зэс, Шохой, фосфор, Нүүрс, Шар шавар, Цавын чулуу, газрын ховор металл зэрэг олон төрлийн ашигт малтмал бий.

Мал аж ахуй[засварлах | edit source]

Тус сум нь МАА-н 4 баг, Мянгад сум 2012 оны жилийн эцсийн байдлаар 148284 толгой мал тоолуулсан байна. Үүнд Тэмээ 901, Адуу 5948, Үхэр 8246 Ямаа 81861, Хонь 51328 тоологдсон ба суманд 595 малчин өрх мал маллан амьдардаг.Мөн мянгад сум хурдан моридоороо алдартай бөгөөд Ховд аймаг төдий улс бүст зард гарсан хурдан хүлэг байдагын нэг нь алдарт Чонон саарал билээ мөн шовгор цэнхэр,Мишигийн цагаан тавагт,Таван цагаан , Лхагвасүрэнгийн хээр ,Баттөмөрийн хээр морь, Д.Халхын сарт /Аймагт 3н түрүү/, Д.Халхын хүрэн азарга,Я.Ган-очирын хээр,Саарал, Ц.Даваасүрэнгийн хар морь,Халтар морь, Ц. Оросоо хар морь\Даншиг айраг\Х.Ганбатын хүрэн алаг зэрэг хурдан буянгууд олон билээ.

Хүн ам[засварлах | edit source]

Мянгад сум 2012 оны жилийн эцсийн байдлаар 856 өрх, 3415 хүн ам, Одоо тус суманд ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Холбоо, Ус цаг уурын алба, Шатахуун түгээх станц, ХААН болон Хадгаламж банкны салбарууд, Тоосгоны 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж аймгийг тоосгоор бүрэн хангаж тоосгоны үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлж байна. Тус сум нь 1994 онд аймгийн төвтэй хатуу хучилттай аспальтан замаар, 1997 онд баруун бүсийн эрчим хүчинд холбогдож байнгын эрчим хүчээр хангагддаг, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн.

Сумаас төрсөн алдар гавьяатнууд[засварлах | edit source]

Тус сумаас МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга асан Банзаржавын Баасанжав, Нисгэгч яруу найрагч Д.Лхам, АИХ-ын дарга асан Жамбалдоржийн Уртнасан, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан Агваанжанцангийн Жамсранжав, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиолыг хянах газрын дарга асан Минжүүрийн Жамъяндорж, АИХ-ын депутатаар дөрвөн удаа сонгогдож, Сэлэнгэ аймгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Аюушийн Цэрэндаваа, УИХ-ын гишүүн асан аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа доктор, профессор Г.Нямдаваа, АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож байсан Улсын аврага малчин Б.Бямбажав, Гавъяат малчин Т.Чулуунбаатар, Улсын тэргүүний тариаланч А.Авдархмаан, А.Курсхан, Ардын жүжигчин Л.Жамсранжав, Гавъяат хуульч О.Лхамсүрэн, Соёлын гавъяат зүтгэлтэн М.Бадам, Үйлчилгээний гавъяат ажилчин Г.Дэлгэрсүрэн, Гавъяат багш физикийн ухааны доктор Т.Гунаажав, Соёлын гавъяат зүтгэлтэн утга зохиол судлаач М.Баянзул, Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач М.Дамдинсүрэн, Уулын спортын мастер Цэрэннадмид нарын хөдөлмөрийн тэргүүний сайчууд, Сэтгэл судлалын ухааны доктор Д.Санжжав, Эдийн засгийн ухааны доктор Г.Ширнэн, Химийн ухааны доктор Б.Цэндээ, Техникийн ухааны доктор Ч.Дашпунцаг, Төрийн шагналт Агрономич Б.Бат-очир, Улсын алдарт уяач С.Данаажав, Т.Цогтоо, Ардын хувьсгалын партизан Б.Аюушжав, Өлзийдамба, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Чойсүрэн, ахмад дайчин Ц.Нанзад, Ж.Шагдар, гавьяат хуульч О.Лхамсүрэн,Хөдөлмөрийн баатар,хүний гавьяат эмч Н.Баасанжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн З.Шарав, гавьяат тамирчин Д.Батбаяр, Б.Солонго, Монгол улсын харцага Г.Алтангэрэл, гавьяат малчин Т.Чулуунбаатар, Ч.Төмөрбаатар Улсын аварга малчин Б.Бямбажав, Алтан төлийн эзэн Ч.Гансүх, ААУ Д.Халх, ШУА-ын жинхэнэ гишүүн, судлаач Б.Сандаг, Доктор Д.Цэцгээ Монголын сүсэгтний холбооны тэргүүн, Ламиран хийдийн хамба С.Баянцагаан, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Баянзул, Алдарт уяач Т.Цогоо, С.Данаажав, Ахмад зүтгэлтэн Ж.Шагдар, Д.Чойсүрэн, Дэслэгч генерал А.Жамсранжав, Байлдааны гавьяаны улаан тугын одонт ахмад дайчин Нанзад, яруу найрагч, зохиолч Н.Сүхдорж, Я.Цэвэг-Очир, Г.Ашигнов, Ц.Жарантай, Эдийн засаг, улс төр судлаач, зохиолч С.Даш, Г.Ширнэн нарын эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.

Төрийн байгууллагуудын мэдээлэл[засварлах | edit source]

Тус суманд засаг даргын тамгын газар, 12 жилийн сургууль ,цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв гэсэн төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Засаг даргын тамгын газар: Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын 1922 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Ховдын харьяат газар нутгийн захиргааны дүрмийг үндэслэн 1924 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар “Ховдын харьяат газар нутгийн захиргааны дүрэм”-ийг баталжээ. 1924-1931 он хүртэл хошуу нь арван гэрийн зохион байгууллалттай нутаг дэвсгэртээ төрийн бодлогыг гардан хэрэгжүүлэн гүйцэтгэх байгууллага байв. Хошууны захиргаа (Тамгын газар) нь хошууны дотор болон хошуунд ноогдуулсан морин өртөөг албан саадгүй залгуулах, өрхөд албан татвар ноогдуулж хураан авч хошууны төсвийг бүрдүүлэх, хүн ам, мал, цэргийн бүртгэл хөтөлж, цэрэгт татагсдыг уналга, хэрэгсэл, хоол хүнсийг хариуцах, хошууны бага сургуулийн танхимын сурагчдыг элсүүлэх, багш нарыг томилох, сургуулийн аж ахуй санхүүгийн бүх асуудлыг хариуцах зэрэг олон төрлийн ажил эрхэлж байв. Одоо Мянгад сумын Засаг Даргын Тамгын газар нь 31 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төрийн захиргааны албан хаагч 19, улс төрийн албан хаагч 5, ИТХ 2, үйлчилгээний ажилтан 5 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр төр засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг сумын нийт ард иргэдэд нээлттэй ил тод, хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэж байна. Мянгад сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс: Санж гүн 1924-1926 Дондог 1926-1928 Дондог шар 1928-1929 С. Жамсранжав 1929-1931 Ш.Совд 1931-1937 Ц.Гунаажав 1937-1942 Ц.Эвэг 1924-1946 Б. Чойжамц 1946-1947 И.Доржсүрэн 1947-1948 Цэрэнпил 1948-1949 Д.Үржин 1949-1950 Ч.Бат-орших 1950-1952 Лэгдэн 1952-1956 Б.Дашдондов 1956-1958 Г.Агваанцоож 1958-1959 Ш.Чимэдрэгзэн 1959-1960 Д.Шарав 1960-1964 Бугаа 1964-1969 М.Дамдиндорж 1969-1972 Х.Загджав 1972-1984 Ж.Сандаг 1984-1987 С.Отгон 1987-1990 Н.Цэрэнчимэд 1990-1992 Н.Цэрэнчимэд 1992-1993 Ч.Бямбажав 1993-1996 Л.Төмөрбаатар 1996-2000 О.Доржсүрэн 2000-2004 Халхын Эрхэмбаяр 2004-2008 Н.Энхтуяа 2008-2012 Б.Даваадорж 2013 оноос ажиллаж байна.

12 жилийн сургууль[засварлах | edit source]

Мянгад сумын 12 жилийн сургууль нь анх Чандмань уулын аймгийн Баян чандмань уулын хошууны Дэлгэрхаан сумын бага сургууль нэртэйгээр 1930 оны 10 дугаар сарын 25-нд Лайжин гэдэг газар 25 сурагч, 1 багш, 2 ажилчинтайгаар байгуулагдан захирал багшаар Н.Цагаанхишиг ажиллаж байжээ. 1965-1966 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль, 1987-1988 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль, 2007-2008 оны хичээлийн жилээс 12 жилийн сургууль болж 423 сурагч 28 багш 29 ажилчинтайгаар Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хуулийн хүрээнд сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь 1996 онд Монголын төр нийгмийн зүтгэлтэн Б.Баасанжавын нэрэмжит сургууль болсон. 2006-2007 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд шилдэг үнэлгээтэй сургууль, 2011-2012 оны хичээлийн жилд мөн шилдэг үнэлгээтэй сургууль, 2008-2009 оны хичээлийн жилээс “ ЭКО СУРГУУЛЬ” төсөл хэрэгжүүлж Ховд аймгийн хэмжээнд шилдэг эко сургууль болсон.

Эрүүл мэндийн төв[засварлах | edit source]

Тус эрүүл мэндийн төв нь их эмч-1, эх баригч-1, НЭМ-н ажилтан-1, Дүн бүртгэгч-1, багийн эмч -5, сувилагч -5, асрагч -4, нягтлан бодогч -1, туслах ажилтан -5, нийт 25 ажилтан албан хаагчтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь сумын нийт 3415 хүн амд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгаа, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлж, 0-2 насны хүүхдэд товлолын дагуу дархлаажуулалтыг хийж эмнэлгийн тусламжийг чанартай жигд хүртээмжтэй хүргэн үйлчилж байна.

Хүүхдийн цэцэрлэг[засварлах | edit source]

Сумын цэцэрлэг нь 1966 онд нэгдлийн харьяанд байгуулагдан 25 хүүхэд 3 ажилчин 3 гэртэйгээр ажиллаж анхны эрхлэгчээр нь Лхагваа гэдэг хүн ажиллаж байгаад 1972 оноос улсын төсөвт цэцэрлэг болж 1972 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсан ясли, цэцэрлэгийн барилгыг улсаас хүлээлгэн өгч цэцэрлэгийн 1, Яслийн 1 бүлэг, 8 орон тоотойгоор ажиллаж байгаад 1989 оноос цэцэрлэгийн 1 бүлэг нэмж одоогоор нийт 158 хүүхэд 16 ажилчинтайгаар ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэг нь эрхлэгч 1, багш 4, туслах багш 4, тогооч 2, нягтлан 1, нярав 1, галч 2 гэсэн орон тоотойгоор сургуулийн өмнөх боловсролыг сумын төвийн болон хөдөөгийн багуудад үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн ая тухтай байдлыг хангахын тулд НҮБ-ын хүүхдийн сангаас 2050.0 мянган төгрөгийн өртөг бүхий уянгын цоохор гэр 1 ширхэгийг, 435.0 мянган төгрөгийн өртөг бүхий хүүхдийн тоглоом наадгай, 8993.2 мянган төгрөгийн ширээ сандал, тавилга тоног хэрэгсэл, Щвейцарын хөгжлийн агентлаг “Цөлжилт сааруулах” төслийн хүрээнд 4662,0 мянган төгрөгийн өртөг бүхий 1, 2 дугаар хоолны цахилгаан тогоо зэрэг хэвийн үйл ажиллагаа буюу сургуулийн өмнөх боловсролыг олгоход шаардагдах материаллаг баазаар хангагдаад байна.

Соёлын төв[засварлах | edit source]

Соёлын төв анх Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж 1940 онд Зараагийн адгаас Баянхошуунд ирж төвлөрөхөд сургуулийн өмнө захиргааны хуучин конторын дэргэд Улаанбулан нэртэйгээр эрхлэгч, шүүдэр шийний механикчийн орон тоотойгоор ажиллаж сумынхаа хөдөөгийн багуудад хуваарийн дагуу хүрч үйлчилдэг байжээ. Тус сумын клубыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шийдвэрийн дагуу 2005 оноос эхлэн Соёлын төв болгон шинэ зохион байгуулалтанд оруулж эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч, гэсэн нийт 5 орон тоотой болж үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь 2005 онд Улаанбаатар хотод тайлан тоглолт хийж Мянгад түмний урлаг соёлын өвийг нийслэлчүүдэд танилцуулсны дээр Мянгад ардын уртын дууны наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж Халхын Ганбат , Халхын гантулга нар удаа даралан түрүүлсэн билээ.Мөн аймгийн шилдэг морин хуурчдын тэмцээнд олон морин хуурчид маань удаа дараа шагналт байранд орж тэргүүлсэн юм. Тус Соёлын төвийн хамт олон язгуур урлагийн бүтээлүүдээр урын сангаа баяжуулахын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээг тогтмолжуулан ажиллаж байна. Боомын амны голын хөшөө чулууд

Шаврын үүдний хүн чулуу[засварлах | edit source]

Боомын амны голд гурван босоо чулуу бий. Хөшөө чулуун тус бүрийн тухай өгүүлье. Мянгад сумын төвөөс зүүн хойт зүгт 110 гаруй км-т, Найдан дацангийн тууриас 1 км орчимд нэгэн хүн чулуун хөшөө бий. Өндөр нь 157 см, өргөн нь 44 см, зузаан нь 22 см. Хөшөө нь х.ө 48053/10//, д.у 0910. 47/18.9//ын солбилцолд д.т.д 1886 метрийн өндөрт байрлана. Баруун гартаа хундага хэлбэрийн сав барьсан, зүүн гараа чичлүүр хутган дээр тавьсан байна.

Түүх болон Нэр[засварлах | edit source]

2010 оны хүн амын тооллогоор 6592 иргэд бүртгэгджээ. Мянгадууд нь Монгол угсааны бөгөөд тэдний овгийн бүрэлдэхүүнд түрэг овог тааралддаг. XYI зуунаас эхлэн мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд мянгад, басигид, хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харъяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв. Ховдын Мянгад нь XYII зууны эхээр Ойрадын холбооноос салж Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний эхээр нутаглах болсон Хотогойд болон Зүүнгарын хаант улсад багтаж яваад салсан Хойд мянгад овогтноос гаралтай ажээ. Тэдгээр хойдууд нь XYI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан Хойдын залгамж болжээ. Мянгад хошуу нь Манжийн үеийн Гадаад Монголын засаг захиргааны нэгэн үндсэн нэгж байсан бөгөөд Ховдын амбанаас томилдог Үкэр да (Бүгдийн дарга) буюу мянгадуудын монголчилсноор хошууны “Да” захирагч захирч байжээ. Чингүнжаваар удирдуулсан хотогойдууд Манжийг эсэргүүцсэн 1755-1757 оны зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцсон учир Манжийн хаан Чингүнжавыг цаазалж түүний албат, ард иргэдийг тархаан суурьшуулжээ. Хожим мянгадууд 1764 онд Засагт хан аймгийн Далай засгийн хошууны гүн Доржцэрэнтэй заргалдан “харьяат биднийг хяхан гадуурхаж байна” хэмээсэнд Улиастайн жанжин тэднийг Ховд голын хөвөөнд суулгаж хошуу байгуулсан ажээ. Тэрхүү үйл явдлаа мянгадууд хошуу ноёд угсаа залгамжилж ард олныг дарлан мөлждөг ёсны эсрэг явуулсан тэмцлийн ялалт хэмээн бахархдаг. Мянгад гэдэг нэрийн гарлын тухай олон янзын домог байдаг ажээ. Үүнд: Мянган хүн хотогойдын голын эхээс нүүж гарсан, Сартай залан яг мянган цэрэг удирдаж явсан гэх зэргээр ярьдаг. Түүнээс гадна Ховдод нүүж очоод нутаг заалган суугаад нэг хошуу болно гэхэд мянган эр тоолуулах ёстой болжээ. Тэгтэл эрчүүд нь мянга хүрээгүй тул сэвгэрүүдээсээ эр хүний хувцас хунар өмсгөн тоолуулж байж хошуу болгосон хэмээн хэлэлцэх нь бий. Өөр нэгэн домогт, Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ.

Тайлбар[засварлах | edit source]