Jump to content

Мөнхсар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөнхсар[1][2] заргач (хятад: 忙哥撒兒, пиньинь: Máng gē sā er; перс: منكاسار نویان, Munkāsār Nūyān; Mengeser[3], Мэнгэсэр[4]; ? - 1253 оны өвөл) нь Их Монгол Улсын Мөнх хааны зарлигаар 1251-1253 оны хооронд улсын их заргач байсан түшмэл. Түүний угсаа гарал нь жалайрын жад овгийн Мухулай вангийн авга ах Чулуун хайчийн жич бөгөөд үе удмаараа монголын төрд зүтгэж байсан. Их заргач байх хугацаанд Өгөөдэй хаан, Цагадай ханы удмын хан хөвүүдийн хуйвалдааныг илрүүлж, яллан шийтгэхэд онцгойлон зүтгэсэн явдал нь түүхэнд тодоор бичигдэж үлдсэн.

Түүний элэнц өвөө Чулуун хайч нь 1196 онд Чингис хаанд Түгэ, Хаши нэртэй хоёр хүүгээ боол болгож өгсөн гэж Монголын Нууц Товчоонд гардаг ч, Юань улсын судрын 124-р дэвтэрийн Мөнхсарын шастирт "элэнц өвөө нь Чулуун хайч, өвөө нь Шо-а (搠阿, Shuò ā), аав нь Нахай"[5] гэсэн байдаг учраас Чулуун хайчийн гурав дахь хүүгийн удам гэж үздэг. Шоха, Нахай нар онцгой гавьяа байгуулаагүй ч, үе улиран үнэнчээр зүтгэснийг үнэлж Өгэдэй хааны үед Луоян (洛陽) хотын 175 өрхийг шагнажээ.[5]

Мөнхсар нь анх баруун зүгийн ахмад хөвгүүдийн аян дайнд Тулуйн удмын албат зарцын хувиар зүтгэж байхдаа дайнд олон байлдаанд оройлон зүтгэж, олзолсноо тэгш хуваарьлан өөртөө юм үлдээлгүй цэргүүдээ шагнаж, цэргийг дэг журамтайгаар удирддаг байснаас гадна аливаа хэрэг явдалд үнэнч шудрага байсан нь Мөнхийн хараанд орж, түүний итгэлт хүмүүсийн нэг болж Мөнх хааны хатад алдаа гаргавал айлгүй хэлж сануулдаг[5]нэгэн болтлоо итгэгдсэн нэгэн байсан. Кипчакийн олзлогдсон ноёдыг монгол нутаг руу харгалзан хүргэх үүргийг гардан биелүүлж байсан.[6]

Мөнхийг их хаан болсны дараа их заргачын тушаалд томилогдож, Ширэмүн, Нагу тэргүүтэй Өгэдэй, Цагадайн удмын хан хөвүүдийн хуйвалдаанд оролцсон түмт, мянгатын ноёд, хатад, сайд түшмэдийг байцаан яллах асуудалыг голлох үүрэгтэй шүүн хэлэлцэж, зарим үед бие даан яллах дүгнэлт гаргаж сүүлд нь хаан эзэнд мэдэгдэж байсан. Түүний удирдан явуулсан шүүн байцаалтаар алтан ургийн болон түмт мянгатын ноёд, хатад нийлсэн 77 хүн[7] цаазлуулсан. 1253 оны өвөл хортой архинд хордож нас барсан.[5] Түүний нас барсны дараа Мөнх хаан хоёр хүүд нь сургаал айлдаж өш хонзонгийн сэдэлтэй муу юм бодохгүй тайван байж, эцгийнхээ адил алдар нэрээ дуурсгаж төлөв түвшин явахыг сануулсан байдаг.[5]

Мөнхсар заргач нь Тогоон, Төрчи, Эсэнтөмөр, Төмөрбуха, Хандухур гэсэн таван хүүтэй байсан. Тогоон бол түмтийн ноён болсон ч, хүүхэдгүй. Төрчийн хүү Мэнлигтөмөр бичгийн утгачийн хүрээлэнгийн зарлигийн бичээч түшмэл болж, Наян вангийн бослого дарахад гавьяа байгуулсан. Мэнлигтөмөрийн ач хүү Есөн нь Яньхуй сүмийн түшмэл (延徽寺卿) болсон.

Төмөрбухын отгон хүү Байдаша (?-1332) нь хааны хишигтэн цэрэгт элсэж буурч болоод, Өлзийт хаан, Хүлэг хааны үед ордны хүнс хангамжыг хариуцсан сюаньхуй хүрээлэнгийн бүгд мэдэгч болж, мөнгөн хөх чимэгт гуанлү дафү цолоор шагнуулсан. Буянт хааны үед баруун гарын чинсан, Гэгээн хааны үед алтан ургийн хэрэг хариуцсан яамны их заргач, жишянь хүрээлэнгийн бичгийн сайд, Есөнтөмөр хааны үед тайбао түшмэл, Заяат хааны үед заргач болсон. Байдашын отгон хүү Балан нь хожим алтан ургийн хэрэг хариуцсан яамны их заргач болсон.

  • Тэргэт баян
    • Чулуун хайч
      • Түгэ, мянганы ноён
        • Бүгидэй хорчи
      • Хаши
      • Шо-а
        • Нохой
          • их заргач Мөнхсар
            • Тогоон, түмтийн ноён
            • Төрчи
              • Мэнлигтөмөр бичээч
            • Эсэнтөмөр
              • Хархасун
            • Төмөрбуха
              • Ташун
              • Хархасун
              • Байдаша чинсан, тайбо, тайфу, их заргач
                • Мама тэгин
                • Пүпи
                • Балан заргач
            • Хиндухур түмтийн ноён
              • Курмиши
              • Илтөмөр
  1. Монгол Улсын түүх 2003, х. 175-176.
  2. Судрын чуулган: 2-р боть 2002, х. 152.
  3. Michal Biran 2023, х. 77.
  4. Их Монгол Улс. Монголын эзэнт гүрний түүх 2019, х. 487.
  5. 1 2 3 4 5 宋濂, 元史 & zh.
  6. Судрын чуулган: 1-р боть 2002, х. 63.
  7. Судрын чуулган: 2-р боть 2002, х. 155.
  • ШУА, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын түүх. Vol. 2-р боть. Улаанбаатар.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  • Хамадани, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган: 1-р боть. Translated by Ц.Сүрэнхорлоо (2nd хэвлэл). Улаанбаатар.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  • Хамадани, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган: 2-р боть. Translated by Ц.Сүрэнхорлоо (2nd хэвлэл). Улаанбаатар.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  • Biran, Michal; Kim, Hodong (2023). The Cambridge history of the Mongol Empire (Англи хэлээр). Vol. 1 (1st хэвлэл). London: Cambridge University Press. ISBN 9781107112957.
  • 宋, 濂. "Юань улсын судар/124-р дэвтэр - Мөнхсарийн шастир (元史/卷124 - 忙哥撒兒)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-03-25.
  • Б, Батсүрэн; П, Дэлгэржаргал; У, Эрдэнэбат (2019). Их Монгол Улс.Монголын эзэнт гүрний түүх. Улаанбаатар: Степпе паблишинг. ISBN 9919955205.