Мөнх хааны гэрэлт хөшөө

Монголын үндэсний түүхийн музейд дэлгэгдсэн хөшөө

Энд барагцаалбал хааш хаашаа 100 гаруй метр хиртэй урт хашаа хэрэм байсан бололтой гүвгэр газар бий. Түүний гол дунд хааш хаашаа 30 м орчим хэмжээний дөрвөлжин хэлбэртэй томоохон ордон барилгын буурь байдаг. Хэрмийн дотор өөр байшингийн үлдэгдэл нэлээд байх ажээ. Энэ хотын туурьд хийсэн малтлагаар 1-2 м гүнээс модны нүүрс, байшингийн шаваас, шохой их гарч байсан нь уг барилга түймэрт шатсаныг гэрчилнэ. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Энэ хотын үлдэгдлийг судлаачид хуучин монгол сурвалжид нэр гардаг Юань улсын үеийн Эрчүүгийн балгас мөн гэж үздэг.

Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ. Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Хөшөөний дэргэдээс паалантай, паалангүй ваар тоосго элбэг олддог. Хөшөө нь 144 см өндөр, 78 см өргөн, 20 см зузаан хэмжээтэй. Хөшөөний дээд талыг түшлэг мэт болгон догол гаргаад нүүр талын хүрээгээр нь хоорондоо 3,5 см зайтай хоёр нарийхан гурив гаргаж, дундуур нь эвэр угалз сийлж чимжээ. Энэхүү нүүр талын эхэнд гурван мөр монгол бичээстэй.

Хөшөө нь тахилгын сүм мэт зүйлийн дотор хадгалагдаж байсан нь малтлагын явцад ажиглагджээ. Уг хөшөөг 1257 онд Мөнх хааныг сэрүүн ахуй цагт тавнан Бамту /Барс түгэ/ гүнж Исижи /Исүгий/ нар босгуулжээ. Хөшөө нөгөө талдаа 12 мөр 268 үсгийн хятад бичээстэй юм. Мөнх хааны гэрэлт хөшөөг 1956 онд Улаанбаатарт авчран Үндэсний түүхийн музейд хадгалсан нь одоо ч тэндээ хадгалагдаж байна. Уг хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлэнд кирилл бичгээр тоймлон буулгавал:

    Урагийн урагаар хэдэн хэдэн үест 
   Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуул... хүртэл ана /энэ/-д давирганд /учралт/ буян хүртүгэй” гэжээ.

1257 онд Мөнх хаан Хятадын Сүн улсыг гурван замаар байлдаж явсан үед Их хааны өлмий бат оршихыг ерөөж эл хөшөөг босгосон бололтой.

Түүхэн тэмдэглэлээс үзэхэд XIII зууны үед монголд айлчлан ирсэн Франц жуулчин Гильом де Рубрук Мөнх хааны ордонд буудаллаж хэсэг саатсаны эцэст арав хоног явж Хар Хорум хот хүрсэн байдаг. Эндээс үнэхээр ч ердийн хөсгөөр арав хоног явж Хар Хорумд хүрэх зайтай юм. Үүнийг нотлох монгол хятад өөр сурвалжийн мэдээ баримт ч хангалттай байх ажээ.

Судлаачид гэрэлт хөшөөний монгол бичээст “...Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж..“ гэсэн үг буйг уншаад уг хөшөөг Мөнх хааныг амьд байх үест босгосон болохыг нотолжээ. Улмаар хятад бичээсийг уншсанаар үүнийг 1257 онд босгосныг лавтай тодруулжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]