Наймантай

Наймантай (хятадаар: 乃蠻台, nǎi mán tái) (? - 1348) нь Монголын Юань улсын түшмэл. Жалайрын Мухулай го вангийн тав дахь үеийн ач хөвүүн.

Тэр бол Мухулай вангийн хөвүүн Булу го вангийн отгон хөвүүн Алихиши жү вангийн хөвүүн Хусухур жи вангийн отгон хөвүүн болой. 1301 онд их хааны зарлигаар Хайду хан, Дува хан нарын эсрэг олон удаагийн байлдаанд гавьяа байгуулсныг үнэлэн Сюаньхуй хүрээлэнгийн тэргүүн түшмэл томилж, рунлю дафу цол соёрхов. 1320 онд Давааны ар мужийн баруун гарын түшмэлийн тушаалд томилсон. 1322 онд Ганьсу мужийн пинжан жэнши түшмэл болгов. 1329 онд Шаньси мужийн пинжан жэнши түшмэлээр шилжүүлэн томилов. Мөн жилдээ тус мужийн зарга шийтгэх салбар яамны их түшмэлээр томилогдов. 1330 онд дээрх албан тушаалаас шилжүүлэн Шанду хотын сахигч түшмэл, Давааны арын муж дахь орон нутгийн цэргийн явдлын хүрээлэнгийн тэргүүн түшмэл болон хубэн харуулын доужихуйши түшмэлийн зэрэг дэвийг хавсруулан томилжээ. Мөн сюаньнин жүн ван цол, алтан тамга соёрхож, монгол нутагт суулгав. 1337 онд их хааны зарлигаар Мухулайн удмын Доржбалын го ван цолыг хурааж аваад Наймантай ванд шилжүүлэн алтан тамга соёрхов. 1340 онд Давааны ар мужийн зүүн гарын чинсан, цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч тушаалд хавсарган томилов. 1342 онд тушаалаас нь огцоруулж, Ляоян мужийн зүүн гарын чинсангаар томилов. Уг тушаалд томилогдоод жараас дээш настаныг албанаас чөлөөлж, ядуурч доройтсон цэргүүдэд 400 ши будаа, 200 толгой адуу, 500 толгой хонь түгээв. 1348 онд Наймантай ван өвчнөөр нас нөгчсөнд, гавьяат сайд, тайш, кайфу итун санси (開府儀同三司), дээд улсын түшээ (上柱國), жунму лү ван (忠穆魯王) цолоор нэхэн шагнав.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Элэнц өвөө: го ван Булу (孛魯)
  • Өвөө: жү ван Алихиши (莒王 阿禮吉失)
  • Эцэг: жи ван Хусухур (薊王 忽速忽爾)
  • Хөвүүд: Эсэнбуха ‍(野仙溥化), Хонгорбуха (晃忽而不花)