Намжилцэрэнгийн Нямдорж
Намжилцэрэнгийн Нямдорж нь Монгол Улсын геологийн салбарт ажил хөдөлмөрөөрөө магнайлан шалгарч БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн юм.
Н.Нямдорж нь 1929 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. Тэрээр Улаанбаатарын геологийн удирдах газрын өрмийн ахлах мастераар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1974 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртсэн. Нямдорж нь 1955 оноос Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт дизельчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Улаанбаатар хот, Чойр, Хөвсгөлийн геологийн удирдах газарт өрмийн мастер, ахлах мастер, даамал, төвийн геологийн экспедицийн инженерээр ажиллаж эх орны эрдэс баялгийг илрүүлж судлах, нээж ашиглахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, олон хүнийг өрөмдлөгийн мэргэжилд сургасан байна. Түүнийг Ардын Их Хурлын депутатаар сонгож байна. Түүний хөдөлмөрийг үнэлэн Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнажээ.