Нацагийн Дамдинпүрэв
Нацагийн Дамдинпүрэв | |
|---|---|
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 1928 он Өвөрхангай аймаг, Баруун Баян-Улаан сум |
| Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
| Эхнэр, Нөхөр | Ё.Янжинлхам |
| Хүүхэд | Д.Батжаргал Д.Рэгзэдмаа Д.Насандулам Д.Ганбаатар Д.Ганбат Д.Тунгалаг Д.Төмөрбат |
| Мэргэжил | Төр засаг, улс төр, нийгэм, аж ахуйн нэрт зүтгэлтэн |
Нацагийн Дамдинпүрэв (1928 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн) нь Монголын төрийн зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дамдинпүрэв Баруунбаян-Улаан сумын Бага Богдын ард эцэг Нацаг, эх Тоомойн 5 хүүхдийн 2 дахь хүү нь болон төрсөн.
Анх сумын захиргааны галч, зарлага, бичээчээс ажил хөдөрмөрийнхөө гарааг эхэлж, 1955 оноос Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргаар ажиллаж 8 жил удирдахдаа хувийн аж ахуйтныг нэгдэлд элсүүлэх, шинэхэн нэгдлээ бэхжүүлэх ажил хийж, өөрөө нэгдлийн ажилд шинээр суралцаж явжээ. 1960-аад оны үед “Хөдөлмөр” нэгдэл МАХН-ын XIII, XIV их хуралд хоёр удаа нэр заан сайшаагдаж, улсын хэмжээнд II байранд хоёр удаа шалгарч, “Нэгдэлжих хөдөлгөөн” ялахад уриа дуудлага болсон сум нэгдлийн нэг байв. Өвөрхангай аймгийн нэгдлүүдийн дотор намын түүхэн баримт бичигт нэгдлийн хийгээд даргын нэртэйгээ хоёулаа бичигдсэн нэг л нэгдэл байдаг нь Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэл болон Дарга Н.Дамдинпүрэв юм.
Хоршоологчдын анхдугаар их хуралд 1955 онд оролцож, нэгдлийн анхны дүрэм боловсруулах улсын комиссын бүрэлдэхүүнд орж явсан нь түүх болон үлджээ.
Тарагт суманд ажиллаж байхдаа 1958 онд “Хүрэмт” хэмээх нэгдэл дундын амралтыг санаачлан байгуулж, анхны дүрмийг гардан боловсруулалцаж, анхны байшингийх нь шавыг тавьж, “Хөдөлмөр” нэгдлийн барилгачдаар бариулсан юм. Одоо суурин дээр нь “Өгөөмөр” сувилал ажиллаж байна.
Энэ хооронд сурч боловсрох, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр 1954-1960 онуудад Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийн оройн ангийг 32 насандаа суралцаж төгсжээ. Мөн Тарагтын нэгдэлд 8 жил ажиллаж, улсын тэргүүний сум нэгдлүүдийн нэг болгосны дараа дээд боловсрол эзэмшихээр МАХН-ын дэргэдэх Намын дээд сургуульд 1962-1966 он хүртэл суралцав.
Намын дээд сургуульд суралцаж байхдаа “Оюутны зөвлөл”-ийн дарга, “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай онц сурлагатан байв. Сургуулиа төгсөхөд нь МАХН-ын Сайд нарын зөвлөлөөс Өмнөговь аймгийн даргаар томилжээ. Аймгийн даргаар ажилласан тэр жилүүдэд нутаг орных нь ажил үйл дэвжин дээшилж, малчид хөдөлмөрчдийн урам зориг сэргэж, аж амьдрал нь өөдлөн Өмнөговьчуудад өнгө төрх илт сайжирсан он жилүүд байлаа.
Дараа нь ажил нь уначхаад байсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд өөрийн саналаар томилогдон ирж, найман жил гаруй ажилласан. Энэ хугацаанд тус нэгдэл “Бүх ард түмний социалист уралдаан”-д улсад нэгдүгээр байранд шалгарч, “Нэгдлийн холбоо”-ны системийн уралдаанд дөрвөн удаа, аймагтаа дөрвөн удаа тэргүүн байданд орж, 1979 онд нэгдэл “Алтангадас” одонгоор шагнагдаж, аймгийн анхны одонтой нэгдэл болжээ. Алтангадас гэдэг төрийн том одонгоор байгууллагыг байтугай хүнийг шагнахад маш олон шалгуурыг хангаж, үнэхээр онцгой гавьяа байгуулсан тохиолдолд өгдөг байлаа.
1971-1979 онд сумын мал найман жил дараалан өсөж, 90000 малтай байсан нэгдэл 126000 малтай буюу жилд 4500 толгойгоор өсжээ. Сумын төв барьж байгуулах ажлын үндсэнд нь шийдвэрлэжээ. Социалист хөдөө аж ахуйг бэхжүүлэх үйлсэд Зүүнбаян-Улаан сум, нэгдэл тухайн үедээ улс даяар үлгэр жишээ болж байсан нэгдлүүдийн нэг байсан юм. Тус аймагт 2015 оныг хүртэл төрийн том одонтой, бүх ард түмний уралдаанд улсад шалгарсан нэг л сум нэгдэл байсан нь Зүүнбаян-Улаан сум байв.
Сумын мал сүргийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор 1972 онд Увс аймгийн Малчин сумаас баяд хуц, Горный Алтай үүлдрийн ухна авч нутгийн шилмэл хонь, ямаа үржүүлэх ажлыг аймагт анх үүсгэжээ. Хөвсгөл нутгийн Хотгойд удмын хонь, Завханы Дөрвөлжин нутгийн хар ухныг сайжруулагчаар ашиглах зэргээр сониуч, шинжлэх ухаанч, бүтээлч хандаж хариуцсан ажилдаа жинхэнэ эзэн болж байв.
Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд ”Төр хурах"-ын аж ахуйгаас усны булга авчирч үржүүлэн тус аймгийг усны булгатай болгох эхлэл тавьжээ. Тэр үед нандин чамин юм ховор, булган малгай ид мооданд орж байх үед олон ч хун тус суманд үржүүлсэн сор сайтай дээд зэрэглэлийн булган малгай өмссөн гэдэг.
Увс аймгийн тэс сумаас чацарганын суулгацууд авчирч, анх удаа нутгийн хөрсөнд чацарганын суулгац тарьж, зөгийн аж ахуй байгуулж, таван хошуу малаас гадна гахай, тахиан аж ахуй хүртэл байгуулан хүн амын хүнсний хэрэгцээг олон талт байлгах гэж зорьж тэмүүлж байжээ.
Н.Дамдинпүрэв нь сумын сургуулийн галч, бичээчээс эхлээд нам захиргааны ажил олон жил хийж, Өмнөговь аймгийн АДХГЗ-ны дарга, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл, Хужирт сумын Энхтайван нэгдэлд тус тус ажиллаж, улс аймгийн тэргүүний аж ахуйнууд болгон өөд татжээ. Мөн АИХ-д гурван удаа депутатаар сонгогдон ажиллажээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, Алтан гадас одонгоор нэг удаа шагнагджээ.