Наянтайн Орги








Наянтайн Орги (1914-1990) нь БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Наянтайн Оргийн 1974 онд Монголын Радиогийн сэтгүүлч, редактор, СГЗ С.Гомбожавтай амьд сэрүүндээ хийсэн яриандаа:
1926 оны зун би 12 настай байсан. Наадамд мордохдоо Ардын цэнгэлдэх хүрээлэнгийнхний суртлын бригадын тоглолтыг ихэд шимтэнгүй үзсэн. Дуулж хуурдаж, лимбэдэж байгаа хүмүүс Дүгэржав, Түдэв, Доржготов нарын дуулсан "Улаан туг", "Магнаг үсэгтэй туг" гэсэн дуунууд надад онцгой таалагдсан. Энэ цагаас хойш 10 жилийн дараа их урлагтай насан туршийн амьдралаа холбосон доо.
хэмээн ярьсан нь МҮОНРТ-ийн сан хөмөрөгт үлдсэн байдаг.
БНМАУ-ын СГЗ Н.Орги нь 1915 онд Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Зүүн эх булаг” гэдэг газар, малчин ард Наянтайн 8-р хүү болон төрж 18 нас хүртлээ эцэг, эхийн гар дээр мал маллан амьдарч байгаад 1932-1935 онд ардын цэргийн хугацаат албыг хаажээ. 1935 онд цэргийн уран сайхны хамтлагт таван хошуу малыг магтсан дуу дуулж, тэр нь олон түмэнд үнэлэгдэж, улсын баяраар Улаанбаатарт очиж тоглоход нь Маршал Чойбалсан:
За, энэ хүрэлгэр бор залуу сонс маш сайн эргэчихээд, бас урлагт авьяастай залуу байна. Сайхан дуу дууллаа, цэргийн эрдэмд хурдан шаламгай, гарамгай залуу байна. Бидний хойч үеийнхэн ингэж л өсөн хүмүүжих нь их чухал юм
гэв.
Хорьдугаар он (1930 он)-ы есдүгээр сарын 17-ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар Улсын цэнгэлдэх танхимд орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүсийг бэлтгэх зорилготой амуй
хэмээжээ. Ийнхүү Намын Төв Хорооны тогтоолоор байгуулагдсан түр сургуулиас улбаалан 1935 оны намраас хөдөө орон нутагт олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, хөдөөгийн уран сайханчдыг бэлтгэх, зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд эхлэн жүжигчний уран чадвар, урлаг, соёлын түүхийн хичээл орох болов. Энэ үед цэргээс халагдсан, Маршал Чойбалсангийн шагнал авсан залуу авьяастан Н.Оргийг аймгийн намын хороо хүлээн авч, улаан гэрийг байгуулан өөрөө удирдан шинэ залуу хүмүүсийн авьяасыг шалган ажиллах үүрэг оноосон. Мөн шинээр орсон олонх хүмүүс бичиг үсэггүй шахам байсан учир бичиг үсгийн дугуйлан, дуу, хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан бас хичээллүүлж байв. Энэ танхимын суралцагчид мөн л сайн дурын үндсэн дээр сурч байсан бөгөөд өдөр нь тус тусын албан ажлыг хийж оройн 18 цагаас 22 цаг хүртэл жүжигчний дугуйлангийн сургуулилт хийдэг байсан ажээ.
Н.Орги 1935 оны намар цэргээс халагдан Өвөрхангай аймагт "Улаан гэр"-ийн эрхлэгчээр томилогдон, ухуулга хийдэг том хаягтай гэрт дуугүй шийний эгшигт хайрцгийн механиктай, уран сайханчидтайгаа хамт хуучин засгийг шүүмжилсэн харилцаа дуу жүжиг шог гараа тоглодог байв. Энэ бүхнийг Орги өөрөө зохиож найруулдаг байв.
6-7 тэмээнд гэрээ ачин бас 100-гаад хүн багтах асар тэргүүтнээ ачин хөдөөгүүр тоглолт хийдэг байсан. Хойд талын 5 сумаар явахад л 1 сар болно. Айл өрхийг цөөн гэхгүй 4-5 гэр байвал тоглож намын бодлогыг танилцуулж сурталчилна. Бидний дунд ядарлаа зүдэрлээ гэдэг хүн байгаагүй. Ажлаа их чанартай хийнэ, ард түмэн ч хүндэлнэ. Улаан гэрийг анх байгуулалцаж, дарга, ухуулагч, жүжигчин, найруулагч, нярав, галчаар ажиллаж байсан.
1935-1939 онд улаан гэрт ажиллаж байх хугацаандаа "Хэрмэл Дамбийжаа", "Бээжин лам", "Энэ юуны жасаа вэ" жүжгүүдэд амжилттай тоглож жүжигчний 1-р зэргийн үнэмлэх авчээ. 1937 онд төвөөс БНМАУ-ын анхны Гавьяат Жүжигчин, лимбэч Лувсандоржийн Цэрэндорж, Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү нар уран сайханчдад хичээл заан туслаад Оргит “Нэгдүгээр зэргийн жүжигчин” ᠌, Шарав, Эрмаа хоёрт “Гуравдугаар зэргийн жүжигчин” гэсэн үнэмлэх олгосон. 1937 онд аймгийн клубт найруулагчаар ажиллаж байх хугацаандаа сайн дурын уран сайханчдыг элсүүлэн авч "Хэрмэл Дамбийжаа", "Дүрвэгч Түдэв", "Манжийн хууль", "Пад лам", "Бээжин лам" зэрэг жүжгүүдийг найруулж байв.
1940 онд Улаан гэр нь урлаг соёлоор үйлчлэх клуб болон өргөжиж, тус клубийн найруулагч, жүжигчин Наянтайн Орги Өвөрхангай аймгийн урын сангийн бодлогын чиг хандлагыг идэвхтэй өрнүүлээд зогсохгүй, олон олон уран бүтээл найруулан үзэгчдэд тоглон аймгийн эдийн засагт томоохон хувь нэмэр хандив оруулж, үйл ажиллагааныхаа ерөнхий чиг шугам, төлөв байдлыг тогтоож чадсанаар тухайн үеийн аймгийн урлагийн хөгжлийн гол дүр зургийг бэхжүүлж чадсан. Орлогоо 100 хувь биелүүлж улсын хэмжээний соёлын байгууллага болгож чадсан хүмүүсийн нэг Орги байлаа.
1941 онд Өвөрхангай 10 жилийн ойг тохиолдуулан клубийн найруулагч Н.Оргийн найруулсан "Таван хошуу малаа магтан дуулъя" нийт уран сайханчид, ажилчдын концертыг нийслэл хот болон аймгуудын, сумдын, бригадуудын үзэгч түмэндээ тоглож халуун алга ташилт, өндөр амжилт гаргалаа гээд Улсын удирдагч маршал Х.Чойбалсан урт савхин дээл, бугуйн цаг, баярын бичгээр шагнаж байсан.
1950 оныг хүртлэх хугацаанд Өвөрхангай аймгийн клубийн жүжигчин, найруулагч түүнийг Соёлын яамны орлогч сайд, зохиолч, найруулагч Л.Ванган Улаанбаатар хот руу дуудан Ажилчны соёлын ордны найруулагчаар томилов. Тус клубт найруулагч байхдаа Ардын бүжиг дэглээч Долгорсүрэнтэй хамтран концерт хийж байв. Соёлын яамнаас томилон 1951-1953 онд Архангай аймгийн клубийн найруулагч, 1953-1956 онд Өвөрхангай аймгийн клубийн найруулагч, 1956-1959 онд Говь-Алтай аймгийн соёлын ордны найруулагч, 1959-1972 онд Өвөрхангай аймгийн соёлын ордны найруулагч, жүжигчин, 1969-1975 он хүртэл Өвөрхангай аймгийн ардын театрыг үүсгэн байгуулж найруулагчаар тус тус ажилласан болно.
1940 оны үеэс "Учиртай гурван толгой", "Цэнд комиссар", "Ардын зориг", "Хөхөө Намжил", "Долоодой хүү", "Өргөмөл сувд", "Цогийн идэр нас", "Урагшлах зам", "Өөрийн замаар", "Эрдмийн Дорж", "Сүрэг чоно", "Миний баясгалан", 1950 оны үеэс "Анхны жил", "Мирдановын гэр бүл", "Мандухай цэцэн хатан", 1960 оны үеэс "Алтан ай", "Эмч нар", "Ноёхон талын дуулал", "Гарын таван хуруу", "Арвайхээрийн талд", "Харанхуй дунд", "Хүргэн хүү", "Цэрмаагийн баяр" зэрэг 150 гаруй жүжиг, 100 гаруй концерт найруулан тавьжээ. Ажиллах хугацаандаа Н.Орги нь концерт, жүжиг найруулан тавихын зэрэгцээ "Мандухай цэцэн хатан" жүжгийн Нимсан, "Ах дүү нар" жүжгийн япон генерал, "“Өргөмөл сувд" жүжгийн Агваандоной, "Эмч нар" жүжгийн Өлзий, "Арвайхээрийн талд" жүжгийн Тавхай зэрэг 40 гаруй дүрд тоглосон. Мөн Монгол кино үйлдвэрийн бүтээл "Гологдсон хүүхэн" уран сайхны киноны баян Болдын дүр, "Тууврын замд" киноны дамын худалдаачны дүрд тоглосон байна. 1960 оны үед "Харанхуйн дунд", "Алтан галбай хүү", "Говийн хүү", "Ухаарал", "Цолмон" зэрэг жүжгийн зохиолуудыг бичиж урлагийн тайзнаа найруулан тавьсан. Дэлхийн урлагийн шилдэг туурвилуудын нөлөө зөвхөн хотын театрууд төдийгүй Өвөрхангай аймгийн соёлын ордоны урын сангийн хөгжлийг баяжуулж, тэдний туршлагыг сонин хэвлэл, радио, телевиз, хотын урлагийн мастеруудын ярианаас санаа авч гүнзгийрүүлэн үндэсний өвөрмөц байдал, дэг жаяг, онцлог шинж төрхийг өөрчлөлгүйгээр хөгжүүлэх үйлсэд Орги найруулагч гар бие оролцон ирсэн Монголын сор болсон найруулагчдын нэг билээ. 1975 онд Э.Оюуны "Амарсанаа", В.Шекспирийн "Өвлийн үлгэр", К.Гольдоны "Хоёр эзний ганц зарц", Б.Басанговын "Улаахан алчууртай бүсгүй", "Баяны баялаг", Л.Ванганы "Тожоо жолооч" зэрэг дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг зохиолчдын, мөн орон нутгийн залуу зохиолчдын 20 гаруй жүжгийг найруулан тайзнаа тавьж байсан. Бүтээл бүр нь тухайн цаг үед Улаанбаатар хотын театрын тайзнаа, аймаг бүрийн тайзнаа амжилттай тоглогдож үзэгч олноос нүргэлсэн алга ташилт, халуун дулаан үгээр шагнагдаж тухайн ажиллаж байсан соёлын орднуудын урын санг бэхжүүлэхээс гадна, хөдөө орон нутагт тоглолт хийж орлогоо тогтмол 100 хувь биелүүлж социалист урлагийг түгээж хөдөлмөрөө цаг ямагт өндрөөр үнэлүүлж байсан гавьяатай хүн.
Н.Орги нь жүжиг найруулан тавихдаа өөрийн биеэр жүжгийн тайзны зохиомж, жүжигчдийн хувцсыг зурж өөрөө хийж, оёж хатгах зэрэг бүхий л ажлыг гүйцэтгэж байв. Үүний нэг жишээ бол "Мандухай цэцэн хатан" уран сайхны киноны жүжигчдийн малгай, хувцсыг хийлцэж байв. Өвөрхангай аймгийн ХДТ-г бариулах ажлын комисст ажиллаж албан байгууллага хувь хүмүүсээс хөрөнгийн эх үүсгэвэр гаргах ажилд гар бие оролцож байсан. 1979 онд ХДТеатрын шав тавих ёслолд оролцож, 1985 онд нээж үг хэлэх завшаан тохиож, Оросын Халимаг улсын зохиолч Б.Басанговын “Баяны балаг” жүжгийг Ардын театрын жүжигчдэд найруулан тавьсан.
Н.Орги нь амьдралынхаа хугацаанд Зэвгийн Цэндтэй ханилан 6 хүүхдийг эрүүл энх өсгөн бойжуулж өнөр өтгөн айл гэр болцгоосон. Н.Орги 1990 онд таалал төгсжээ.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Найруулсан
[засварлах | кодоор засварлах]- Улаан гэр
- 1935 он: "Хэрмэл Дамбийжаа", "Бээжин лам", "Энэ юуны жасаа вэ"
- Клуб
- 1937 он: "Хэрмэл Дамбийжаа", "Дүрвэгч Түдэв", "Манжийн хууль", "Пад лам", "Бээжин лам"
- Соёлын ордон
- 1940 он: "Учиртай гурван толгой", "Цэнд комиссар", "Ардын зориг", "Хөхөө Намжил", "Долоодой хүү", "Өргөмөл сувд", "Цогийн идэр нас", "Урагшлах зам", "Өөрийн замаар", "Эрдмийн Дорж", "Сүрэг чоно", "Миний баясгалан"
- 1950 оны үе: “Анхны жил” “Мирдановын гэр бүл” “Мандхай цэцэн хатан”
- 1960 оны үе: "Алтан ай", "Эмч нар", "Ноёхон талын дуулал", "Гарын таван хуруу", "Арвайхээрийн талд", "Харанхуй дунд", "Хүргэн хүү", "Цэрмаагийн баяр" зэрэг 150 гаруй жүжиг, 100 гаруй концерт найруулан тавьжээ.
- 1975 он: Э.Оюуны "Амарсанаа", К.Гольдоны "Хоёр эзний ганц зарц", В.Шекспирийн "Өвлийн үлгэр", Б.Басанговын "Улаахан алчууртай бүсгүй"
- 1985 он: Батор Басанговын "Баяны баялаг", Л.Ванганы "Тожоо жолооч" зэрэг дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг зохиолчдын, мөн орон нутгийн залуу зохиолчдын 20 гаруй жүжгийг найруулан тайзнаа тавьж байсан.
Зохиосон
[засварлах | кодоор засварлах]Мөн "Харанхуйн дунд", "Алтан галбай хүү", "Говийн хүү", "Ухаарал", "Цолмон" зэрэг жүжгийн зохиолуудыг бичиж урлагийн тайзнаа найруулан тавьсан.
Тоглосон
[засварлах | кодоор засварлах]- Кино
- Гологдсон хүүхэн - Баян Болд
- Тууврын замд - дамын худалдаачин
- Жүжиг
- Мандухай цэцэн хатан - Нимсан
- Ах дүү нар - япон генерал
- Өргөмөл сувд - Агваандоной
- Эмч нар - Өлзий
- Арвайхээрийн талд - Тавхай
зэрэг 40 гаруй дүрд тоглосон.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Н.Оргийн 50 гаруй жилийн хөдөлмөрийн гавьяа зүтгэлийг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж:
- 1946 онд “Ударник”тэмдэг, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль
- 1961 онд “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 30 жилийн ойн медаль
- 1964 онд Соёлын яамны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
- 1971 онд “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль
- 1974 онд БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг
- 1981 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнаж байв.