Jump to content

Наянт ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наянт
那彥圖
Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван
Албан тушаал хашсан
1874 оны 7 сарын 1 – 1938 оны 4 сар
ӨмнөхДармаа
Дараахбайхгүй
Чин улсын Дотоод журганы хиаг захирах сайд
Албан тушаал хашсан
1903 оны 9 сарын 1 – 1912 оны 2 сарын 12
ӨмнөхИкуан
ДараахЧин улс мөхсөн
Хувийн мэдээлэл
Төрсөн(1867-12-02)12 сарын 2, 1867
Чин улс, Жили муж, Бээжин хот, Үе улиран залгах хошой чин вангийн өргөө
Нас барсан4 сарын 1938(1938-04-00) (70 насалсан)
МэргэжилУлс төрч, Цэргийн эрхтэн
Цэргийн алба
Харьяалал Чин улс, Дундад Иргэн Улс
Салбар Хятад Улсын Арми
НэгжИх Чин улсын умрадын арми (Бэйянь)
ТушаалуудБэйянийн арми, Элит тусгай цэрэг
Тулаан/дайн
Шагнал
  • Тэнгэрийн тууз одон
  • Эрдэнийн тариа одон

Наянт (Хятад: 那彥圖 Nǎyàntú, Өргөсөн нэр: 矩甫 Jǔfǔ, Жү Фү 1867 оны 12 сарын 2 — 1938 оны 4 сар) нь Манж Чин улсын сүүлч, Дундад Иргэн Улсын эхэн үеийн Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Халхын Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошууны засаг хошой чин ван юм. Тэрээр Чингис хааны 27 дахь үеийн тасархай, Халхын Эфү Цэрэнгийн шууд удмын хүн бөгөөд Чин улсын төрд өндөр зиндааны түшмэл буюу дотоод журганы хиаг захирах сайдын алба хашсан цэргийн жанжин байв. Хожим Юань Шикайгаас ван цол хүртсэн Наянт Бээжин хотод суурин амьдардаг тухайн үеийн хамгийн нөлөө бүхий монгол язгууртнуудын нэг байв. Түүнийг түүхэнд мөн "На ван" хэмээн товчлон нэрлэдэг.

Угсаа гарал ба бага нас

[засварлах | кодоор засварлах]

Наянт нь 1867 оны 12 дугаар сарын 2-ны өдөр (Бүрэн засагчийн 11-р оны 11 сарын 7) үе улиран залгамжлах Хошой чин вангийн гэр бүлд төржээ. Түүний өвөг дээдэс, Халхын Сэцэн чин ван Цэрэн нь Зүүнгарын Галданцэрэнгийн цэргийг дарахад байгуулсан гавьяаныхаа төлөө Чин улсын хаанаас засаг ноён, "Үе улиран залгамжлах" (世袭罔替) Хошой чин ван цол, "Суу билэгт баатар" (超勇王) чимэг хүртэж, улмаар Манжийн хааны гэр бүлээс гурван удаа эфү цол авч байсаны нэг нь Наянт билээ. Түүний эцэг Дармаа нь хааны төрөл Ихэн чин ван Цайюаний хүргэн байв.

1874 онд Наянт 7 насандаа эцгийнхээ 7 дахь үеийн залгамжлагч Сэцэн чин вангийн хэргэмийг хүртэж, тус хошууны сүүлчийн засаг ноён болсон. Тэрээр Бадаргуулт төр хаанаас 4 насаар ах бөгөөд хааныг хүүхэд байхад нь хамт нум сум харваж, морь унах эрдэмд суралцсан шадар анд (伴读) нь байсан гэж тэмдэглэдэг.

Наянт ван, 1919 он
Монгол ноёд Бээжинд, 1920 он

Бадаргуулт төрийн 10-р он буюу 1884 онд Наянт нь Чин улсын сүүл үеийн нөлөө бүхий сайд, Төр гэрэлт хааны 5-р хүү Чин ван Икуаны ууган охинтой гэрлэж, Эфү цол хүртэв. Ийнхүү гэрлэснийхээ дараа тэрээр нийслэл Бээжин хотод Дотоод журганы хиаг захирах сайдын албан тушаалд томилогдсоноор Бээжинд суух болжээ. Түүний хадам эцэг Икуан нь сүүлд Манж Чин улсын анхны Ерөнхий сайд болсон тул Цыши хатан хаан Гадаад Монголын нөлөөг барьж байхын тулд Наянт ванг ихэд ивээж, тэдний гэр бүл Бээжингийн төрд асар их эрх мэдэлтэй болсон байна.

Бээжинд суух болсон нь

[засварлах | кодоор засварлах]

Наянт вангийн дээшээ 7 дахь үеийн өвөг Цэрэн нь Халхын зүүн гарын Түмэнхэн сайн ноёны наймдугаар хүү Банжур эрх зайсан Данзан тойны хатан Гэцэл хатан зүүнгарын довтолгооны үеэр нутагтаа хоцрон сууж байгаад 1692 онд хоёр ач Цэрэн, Гунгааравдан нарыг дагуулан Чин улсад дагаар оржээ. Цэрэнг гутгаар зэрэг ташилсан түшмэл өргөмжилж Нийслэл хотноо суулган харьяат ардыг нь Найман тугийн Монгол туг дахь цахарын хөвөөт шар хошуунд хавсарган суулгав. 1706 онд гүнжид холбон эфү болгож, уг нутаг Тамирын голд илгээн суулгажээ. Цэргийн гавьяаны учир 1721 онд засаг болгон тусад нь хошуу болгов. Цэрэн 1723 онд төрийн жүн ван хэргэм шагнагдаж, 1724 онд туслагч жанжны тушаалд тохоогджээ. 1727 онд Чин улсын талыг тэргүүлэн Хар мөрнөөс баруун зүгт Зүүнгарын эзэмшил хүртэл Оростой зах нийлсэн хилийг тогтоов. Удалгүй Зүүнгар-Чин улсын дайнд цэргийн гавьяа байгуулсан тул Цэрэн хошой чин ван хэргэм шагнагдаж, халхын их засаг, шалгарсан баатар хэмээн өргөмжлөгджээ. Түүний захирсан хошуу нь Тамир, Хануй, Чулуут гурван голын эхээр нутаглах бөгөөд зүүнш Хүнэй өвөр булаг, өмнөш Суга өндөр, баруунш Хойт Тамирын эх, хойш Их Шавар уул, зүүн хойш Шорон уул, баруун хойш Энх даваа, зүүн өмнөш Сангийн толгой, баруун өмнөш Хөг даваа хүрчээ. Цэрэнгийн ач эфү, хошой чин ван Лаваандорж Тэнгэрийн тэтгэсэний 26-р онд Эфү цол хүртэж тус хааны 7-р гүнж болох Хэжинтэй гэрлэж, тус хошууны засаг ноёд нь Бээжинд сууж, Манжийн хаанд шадарлан алба хаах болсон тул 1911 онд Монгол улс тусгаар тогтнох үеэр засаг ноён, хошой чин ван Наянт нь Бээжинд сууж байв.

Манж Чин улсын үеийн алба ба түүхэн үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]

Наянт ван залуугаасаа Чин улсын төрийн болон цэргийн дээд албан тушаалуудыг дараалан хашжээ:

  • 1893 онд Шулуун цагаан тугийн Монгол цэргийн хянан захирагч Хишигтэн цэргийн дотоод сайд.
  • 1898 онд Шулуун улаан тугийн Манж цэргийн даамал, мөн оны 6 сард Цэргийн шалгалтын сайдаар томилогдов.
  • 1900 оны 8 сард Ихэтуанийн бослого дэгдэж, Найман гүрний холбоот цэрэг Бээжин рүү довтлох үеэр Төр баригч Цыши хатан хаан, Бадаргуулт төр хаан нарыг Шиань хот руу дүрвэхэд Наянт ван өөрийн цэргийг удирдан амь хайргүй хамгаалж явжээ. Энэхүү үнэнч зүтгэлийг нь үнэлж Цыши хатан хаан түүнд онцгойлон итгэж, маш сайн ханддаг болсон байна.
  • 1903 онд хадам эцэг Икуан нь Цэргийн зөвлөлийн сайд болохдоо өөрийн хашиж байсан Хөвөөт шар тугийн Манж цэргийн даамал, Ордны хамгаалалтын сайдын тушаалаа хүргэн Наянт вандаа шилжүүлэн өгчээ.
  • 1908 онд "Жяньруй янь" (Элит тусгай цэрэг)-ийн даамалаар томилогдов.

"Бээжингийн өдрийн сонин"-ы дуулиан (1905 он)

[засварлах | кодоор засварлах]

1905 оны 8 дугаар сард Бээжингийн Наянт вангийн өргөөнд нэгэн жигшүүрт хэрэг гарсан нь сонин хэвлэлээр цацагджээ. Тухайн үеийн дэвшилтэт үзэлтэн Пэн Ижуны эрхлэн гаргадаг "Жинхуа өдрийн сонин" буюу Нийслэлийн өдрийн сонин (京话日报)-д Наянт ван өөрийн нэгэн татвар эмийг ямар ч шалтгаангүйгээр амьдаар нь вангийн өргөөний хуурай худагт булах тушаал өгч, амь насыг нь хохироосон тухай дуулиант нийтлэл гаргав.

Наянт ван үүнийг нуун дарахаар сонины газрыг заналхийлж, их хэмжээний мөнгө амлан худал мэдээлэл гэж залруулга гаргахыг шаардсан боловч сонины эрхлэгч Пэн Ижун татгалзаж, "Манай сурвалжлагч өөрийн нүдээр харсан, оршин суугчид цөм гэрчилнэ" хэмээн үнэний төлөө зогсчээ. Энэхүү хэргээс хойш жилийн дараа буюу 1906 онд Чин улсын төрөөс сонины газрыг хааж, Пэн Ижуныг Шинжиань руу цөлсөн бөгөөд үүнд Наянт вангийн нөлөө орсон гэж үздэг.

Шинэчлэл ба Дундад иргэн улсын үеийн улс төр

[засварлах | кодоор засварлах]
  • 1909 оны 1 сард Наянт ван Бээжинд сууж байсан монгол вангуудын хамтаар хязгаар нутгийг соён гэгээрүүлэх "殖边学堂" (Хязгаарыг тэтгэх сургууль) байгуулах зөвшөөрөл авжээ.
  • 1910 онд Чин улсын анхны парламент болох Зөвлөлдөх танхимд гишүүнээр сонгогдсон.
  • 1911 оны Синьхайн хувьсгал дэгдэхэд тэрээр харчин ван Гүнсэнноров нарын хамт "Монгол ван гүн нарын холбоо"-г байгуулж, тэргүүлэгчээр нь ажиллав. Тэд Манж Чин улсын хаант засгийг хэвээр хадгалах, Бүгд найрамдах засаглалыг эсэргүүцэх байр суурьтай байсан ч цаг үе өөрчлөгдөхөд Юань Шикайг дэмжиж, түүнийг Түр Ерөнхийлөгч болоход нь цахилгаан илгээн баяр хүргэж байв.
  • 1912 онд Дундад иргэн улс байгуулагдахад Юань Шикай түүнийг Улиастайн жанжнаар томилж, дээд цэргийн цол олгосон боловч Гадаад Монгол нэгэнт тусгаар тогтнолоо зарлаад байсан тул албандаа очиж чадаагүй.
  • ДИУ-ын үед тэрээр Ерөнхийлөгчийн шадар хамгаалагчийн орлогч, Улсын хурлын гишүүн, 1916 Юань Шикайн хаант засаглалыг сэргээхийг дэмжсэн холбооны дэд дарга зэрэг олон алба хашжээ. Гэвч Гоминдан нам засгийн эрхэнд гарсны дараа ч түүний нөлөөг ашиглах зорилгоор 1932 онд Луояны Үндэсний аюулын хуралд урьж, Монголын өөртөө засах комиссын гишүүнээр томилж байв.

Тансаг хэрэглээ ба хоолны соёл

[засварлах | кодоор засварлах]

Наянт ван нь насан туршдаа Бээжин дэх өөрийн тансаг өргөөндөө асар үрэлгэн, хээнцэр амьдарсан байна. Тэрээр Дундад газрын хоолны урлагийг маш их шимтэн сонирхдог, ширээн дээр нь далай болон хуурай газрын хамгийн ховор нандин зоог үргэлж засагддаг байжээ.

  • Тэрээр хадам эцэг Икуанаас "Шанбайжю" (香白酒 - Анхилуун цагаан архи) нэрэх арга ухааныг сурч, өөрийн өргөөндөө нэрж уудаг байв.
  • Түүний хамгийн дуртай зоог нь Тяньжин хавийн уснаас л барьдаг, тухайн үед хааны ордонд өргөдөг байсан маш ховор "Вэйшүй мөнгөн загас" (卫水银鱼) байжээ. Жил бүрийн Цагаан сараар Жили мужийн амбан захирагч Наянт вангийн тааллыг олохын тулд энэхүү загасыг тусгайлан бэлтгэж вангийн өргөөнд хүргүүлдэг байв.
  • ДИУ-ын үед улс төрийн нөлөө нь буурсан ч түүний тансаг хэрэглээ хэвээр байсан бөгөөд Хармөрөн мужийн цэргийн захирагч Ү Жүншэн Бээжин рүү Наянт вангийн өргөөнд зориулж Хар мөрний баавгайн савар, ховор загаснуудыг тогтмол бэлэг болгон илгээдэг байжээ.

Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянт (那彥圖) нь нэг эхнэр, зургаан татвар эмтэй байсан бөгөөд нийт таван хүү, гурван охинтой байжээ.

Эхнэр, татвар эмүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Фужин Аисингиоро овогт: Төр гэрэлт хааны 5-р хүү, сүүлд Чин улсын Ерөнхий сайд Чин ван Икуаны ууган охин. Түүний төрсөн эх нь Икуаны хууль ёсны гол эхнэр (фужин) байв. Тэрээр гуравдугаар хүү Чи Кэшэнь, дөрөвдүгээр хүү Чи Пүсэнь, гуравдугаар охин, дөрөвдүгээр охин нарыг төрүүлжээ. Түүний эх нь бодит байдал дээр Икуаны шивэгчин байсан бөгөөд фужингаас төрсөн хэмээн худал зарласан байдаг гэж түүхэнд тэмдэглэгджээ. Аисингиоро овогт Фужин Наянттай гэрлэсний дараа Наянт түүний гарал үүслийг нь үргэлж басамжлан доромжилдог байсан тул сэтгэлээр ихэд шаналдаг байв. Тэрээр зөөлөн зантай, дуу цөөтэй нэгэн байсан бөгөөд Бадаргуулт төрийн 25-р онд (1899 он) таалал төгсжээ.
  • Их татвар: Фужин Аисингиоро овогтыг дагаж ирсэн инжний шивэгчин байв. Ууган хүү Чи Чэнву, хоёрдугаар хүү Чи Кэтан, тавдугаар охин нарыг төрүүлсэн. Их хатныг өөд болсны дараа вангийн өргөөний дотоод ажлыг оройлон удирдаж байгаад 1914 онд таалал төгссөн.
  • Хоёрдугаар татвар эм: Монгол эмэгтэй, залуугаараа өөд болсон.
  • Гуравдугаар татвар эм Жиньпин: (манж үндэстэн). Наянт худалдаж авч суусан татвар эм юм. 1905 оны зун Наянттай маргалдаж, улмаар Наянт ван уурсаж, вангийн өргөөний даамал Чан Шуандөд Жиньпинийг хөнөөж, арын цэцэрлэгт булах тушаал өгчээ. Наянт энэ хэргийн улмаас Цыши хатан хаанд донгодуулж, өргөөндөө буцаж ирээд Жиньпиний цогцсыг өөр газар дахин оршуулсан байна. "Бээжингийн сонин" (京話日報)-ыг үүсгэн байгуулагч Наянтын өргөөний хахуулийг авахаас татгалзаж, энэ хэргийг тууштай мэдээлж байжээ.
  • Дөрөвдүгээр татвар эм: Наянт худалдаж авч суулгасан татвар эм.
  • Тавдугаар татвар эм: Жирийн татвар эм, тавдугаар хүү Чи Кэтайг төрүүлсэн.
  • Зургадугаар татвар эм: татвар эм.
  • Ууган хүү Чи Чэнву (祺誠武): Их татвар эмээс төрсөн. Эхнэр нь Төрд туслагч гүн Юйчаны (Дин чин ван Пүшүгийн ууган хүү) долоодугаар охин юм. Мөн Рухуа, Зянь Сяолуань хэмээх хоёр татвар эм авч байжээ. Тэрээр 1 хүү, 1 охинтой байсан ч ганц хүү нь 17 настайдаа цаг бусаар өөд болж, охин нь Рун Юаний хүү буюу Пү Игийн Ванрун хатны ах Жун Лянтай гэрлэжээ.
  • Хоёрдугаар хүү Чи Кэтан (祺克坦): Их татвар эмээс төрсөн. Бээжингийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Эхнэр нь Төрд туслагч гүн Пүюний арван хоёрдугаар охин юм. Нийт 5 хүү, 2 охинтой байснаас 1 хүү, 2 охин нь багадаа эндсэн.
  • Гуравдугаар хүү Чи Кэшэнь (祺克慎): Фужин Аисингиоро овогтоос төрсөн. Парламентын (Сенат) гишүүнээр ажиллаж байсан. Анхны эхнэр нь Цунлигийн охин бөгөөд тэд 1 хүү, 1 охинтой байв. Дараах эхнэр нь Би Гуйфаны охин бөгөөд 1 хүү төрүүлж өгчээ. Тэрээр 1951 онд 55 насандаа өөд болсон.
  • Дөрөвдүгээр хүү Чи Пүсэнь (祺璞森): Фужин Аисингиоро овогтоос төрсөн. Манж-Го улсын засаг захиргаанд алба хашиж байсан. 3охинтой байв.
  • Тавдугаар хүү Чи Кэтай (祺克泰): Тавдугаар татвар эмээс төрсөн. Наянтыг 50 настай байхад нь төржээ. "Цыши" дунд сургуулийг төгсөж, Монгол-Төвөдийн сургуулийн ажилтан, улмаар Мэнжянь (Монголын өөртөө засах засгийн газар)-д ажиллаж байв. БНХАУ байгуулагдсаны дараа Бээжингийн зураг хуулбарын үйлдвэр болон эрүүл мэндийн материалын үйлдвэрт ажилчин хийж байгаад 1973 онд 69 насандаа тэтгэвэртээ гарчээ. Эхнэр Жин Вэньрун нь сүүлчийн Ли чин ван Чэнкуний гуравдугаар охин юм. Тэд 1 хүү, 3 охинтой байв.
  • Ууган гэгэ болон Хоёрдугаар гэгэ: Багадаа эндсэн.
  • Гуравдугаар гэгэ: Фужин Аисингиоро овогтоос төрсөн.
  • Дөрөвдүгээр гэгэ: Фужин Аисингиоро овогтоос төрсөн. Сүүлчийн Руй чин ван Жунцюаний хууль ёсны гол эхнэр байв.
  • Тавдугаар гэгэ: Их татвар эмээс төрсөн. Зүүн Сөнөд хошууны засаг ноёны ууган хүүгийн эхнэр.

Амьдралын сүүл үе

[засварлах | кодоор засварлах]

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Бээжин хотын Гуошян хуучинд (国祥胡同) байх өөрийн ордноо асар их өр ширний улмаас барьцаанд алдсан байдаг. Тэрээр 1938 оны 4 дүгээр сард Бээжин хотноо насан эцэслэжээ (Зарим эх сурвалжид 66 насандаа, заримд нь билгийн тооллоор 72 насандаа таалал төгссөн гэж тэмдэглэсэн байдаг). Түүний амьдарч байсан "На вангийн өргөө" өдгөө ч Бээжин хотод хадгалагдан үлдсэн бөгөөд түүхэн дурсгалт газарт тооцогддог.

Бээжин дэх тансаг ордон На вангийн өргөө (那王府)

[засварлах | кодоор засварлах]

Бээжин дэх На вангийн өргөө (Хятадаар: 那王府 - На Ванфу) буюу түүхэн нэрээрээ Халхын Сайн ноён хан Наянтын ордон нь Бээжин хотын түүх соёлын маш чухал дурсгалуудын нэг бөгөөд Бээжинд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн монгол ноёдын хамгийн том өргөө, эдлэн газар юм.

  • Түүхэн гарал үүсэл: Тус өргөөг анх 1770 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны долоодугаар хошой гүнж Хэжинийг Халхын Сэцэн чин ван эфү Цэрэнгийн ач хүү, Чин ван Лавандоржид хадамлан очиход нь зориулан хааны ордноос бариулж өгч байжээ. Ван Лавандорж нь Хотгойдын Шадар ван Чингүнжавыг дарахад байгуулсан гавьяатай тул Чин улсын төрд ихэд үнэлэгддэг байв. Хожим нь энэ ордон үе залгамжлан явсаар уг ургийн хамгийн сүүлчийн ван болох Сайн ноён хан Наянтын мэдэлд ирсэн тул Бээжингийнхэн түүний нэрний эхний үеэр "На вангийн өргөө" гэж нэрлэх болсон байна.
  • Байршил ба бүтэц: Бээжин хотын Зүүн дүүрэг (дүнчэнь), Аньдинмэнийн дотор талын Гошян гудамны 2-р тоот хаягт байрладаг. Анх баригдахдаа 240 гаруй тасалгаа өрөө бүхий асар том хэмжээтэй, Манжийн Чин вангийн зэрэг дэвийн ордны бүх архитектурыг шингээсэн (Их хаалга, Сүүн асгат асрамжийн асар, Морин уяа, Чулуун арслангууд гэх мэт) гоёмсог дөрвөн талтай хэрэм бүхий өргөө юм
  • Монголын түүхтэй холбогдох нь: Энэ өргөө нь зөвхөн Наянт вангийн амьдардаг газар байсангүй, Бээжин дэх Халх, Өвөр Монголын ноёдын гол цугларах цэг байв. 1911-1912 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол Улсыг байгуулах үеэр Бээжинд байсан монгол ноёд Чин улсыг мөхөхөөс сэргийлэх, Монгол угсаатны эрх ашгийг хамгаалах зорилгоор "Монгол ураг төрлийн холбоо" (蒙古王公联合会)-г яг энэ өргөөнд байгуулан хуралдаж, түүхэн шийдвэрүүдийг гаргаж байжээ. Мөн өвөг дээдсийнх нь үеэс тахиж байсан Монгол Данжуурын 226 боть судрыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнд хүлээлгэж өгөх 9 зүйлт түүхэн гэрээг 1914 онд энэхүү өргөөнд байгуулж байв.

Өргөөний хожмын хувь заяа ба Эмгэнэлт түүх

[засварлах | кодоор засварлах]

Тус өргөө нь маш гунигтай түүхээр төгссөн байдаг. Наянт ван сүүлдээ мөрийтэй тоглоомд донтож, асар их өрөнд оржээ. Улмаар өрөө дарахын тулд өөрийн хүү Сэчимэдийн хамтаар Бээжингийн католик сүмд энэхүү асар том өргөөгөө барьцаанд тавьсан байна. Гэвч барьцааны мөнгөө төлж чадалгүй шүүхээр заргаа алдан 1933 онд өөрийн өргөөнөөсөө хөөгдөн гарчээ. Үүний дараа На вангийн гэр бүл Бээжингийн нэгэн жижиг хашаа түрээслэн ядуу зүдүү амьдрах болсон түүхтэй.

Католик сүм ордныг авсныхаа дараа 1940-өөд онд Жиньчэн банкинд худалдсан бөгөөд сүүлд Сэтгэцийн эмнэлэг, Цэцэрлэг зэргээр ашиглагдаж байв.

  • Өнөөгийн байдал: Өнөөдөр На вангийн өргөөний ихэнх хэсэг нурж өөрчлөгдсөн ч ордоны хэрэм нь маш сайн хадгалагдан үлдсэн. Энэхүү үлдсэн хэсэг нь Бээжин хотын Түүх соёлын хамгаалалттай бүсэд бүртгэгдсэн бөгөөд одоогоор дотор нь Хятадын Үйлдвэр худалдааны банкны (ICBC) Бээжин салбарын Түүхийн музей байрлаж байна.