Jump to content

Нийслэлийн шинэ сонин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийслэлийн шинэ сонин 1923 оны 7 сард хуралдсан МАН-ын II их хурлаас “Хураангуй сэтгүүл”-ийг оросоор гаргахыг зогсоож, “Уриа” болон “Хураангуй сэтгүүл”-ийг хавсруулан “Нийслэлийн шинэ сонин” гэж нэрлэж гаргахаар шийдвэрлэсний дагуу энэ сонин 1923 оны 7 сарын 6-наас эхлэн гарчээ.

Энэ сониныг Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн Яамны хэвлэл болгон гаргаж, эрхлэгчээр нь Б.Намсрай, сурвалжлагчаар нь Ц.Дамбадорж, Жамсран нар ажиллаж байв. Уг сонин долоо хоногийн баасан гаригт 38 х 60 см-ийн хэмжээтэй, 2-4 нүүртэйгээр 300-500 хувь хэвлэгдэж, уншигчдад үнэ төлбөргүй тараагдаж байжээ. Сонин “Ардын намын сонин”, “Залуучуудын сонин”, “Шүүмжлэл”, “Өгүүлэл” зэрэг тогтмол булантай байсан бөгөөд шинжлэх ухааны хялбаршуулсан, асуудал дэвшүүлсэн, сурталчилсан өгүүлэл, дэлгэрэнгүй мэдээ зонхилох байр эзэлдэг байв. Тус сонин МАН-ын туулж өнгөрүүлсэн замналыг дүгнэж, ардын хувьсгалын ололтыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинэтгэх сонгууль явуулах, улсын анхдугаар их хуралд бэлтгэх, эд хэрэглэгчдийн хоршоог бэхжүүлэх, улс орныг батлан хамгаалах хүчийг зузаатгах талаар шийдвэр гаргасан намын II их хурлын шийвэрийг тууштай сурталчлахыг нийтлэлийн бодлого болгож байжээ. “Н. ш. с.” нийгэм-улс төр, эдийн засаг, хүн амын боловсрол, соёлын асуудлыг тусгахад онцгой анхаарахын зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн цөөнгүй материал нийтэлж байв. Бичлэгийн төрөл, зүйлийг олшруулах, хэвлэлд зарчимч шүүмжлэл өрнүүлэх, идэвхтэн бичигчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санаачлагатай ажиллаж, тогтмол хэвлэлийн практикт зураасан зургийн нийтлэлийг анх төлөвшүүлсэн нь энэ сонины гол онцлог юм.

Цаг үеийн чухал сэдвээр зурагт хуудас, шог зургийг сонинд хавсран гаргаж байсан нь манай хэвлэлийн түүхэнд цоо шинэ үзэгдэл байсан бөгөөд ойлгомжтой, энгийн байдлаар зурагдсан зурагт хавсралт нь хүмүүст олон зүйлийг ухааруулахын хамт сонины өнгө үзэмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. МАН-ын Төв Хорооноос “Уриа” сонины дараа, Намын Төв Хороо, Засгийн газрын хэвлэл “Ардын эрх” сонин гаргах хүртэл хагас жил гаруй хугацаанд гаргаж байсан улс төрийн хэвлэл болох энэ сонины нийтлэлийн агуулга нь нийслэл хүрээгээр барахгүй, аймаг хушуу, шавь, бүх орныг хамарч байсан бөгөөд монголын нийт ард түмэнд танилцуулахаар зориулсан материалуудыг голлон нийтэлж байв. Монголын ард түмний дунд улам гүнзгий нэвтрэн дэлгэрч, тэдэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх чиглэлээр хөгжиж, идэвхтэн бичигчдийн захидлыг тогтмол нийтэлж байсан МАН-ын анхны хувьсгалт хэвлэлийн нэг “Н. ш. с.” монголын тогтмол хэвлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. 1924 оны 2 дугаар сард “Ардын эрх” сонин гарч эхэлснээр үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд хагас жилийн хугацаанд нийт 22 дугаар гарсан байна.

Сонин

Дорнод хязгаарын амьдрал

Шинэ толь хэмээх бичиг