Николай Пальмов
Николай Пальмов (орос. Николай Николаевич Пальмов, Оросын эзэнт гүрний Астрахань хотод 1872 оны 12-р сарын 21-нд төрж, 1934 оны 2-р сарын 11-нд ЗХУ-ын Астрахань хотод нас барсан) — Орос, Зөвлөлтийн эрдэмтэн, түүхч, профессор, халимаг судлалыг үндэслэгч. Халимагийн Үндэсний музейг анх байгуулсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Николай Пальмов 1872 оны 12-р сарын 21-нд Астрахань хотод Үнэн алдартны шашны лам хүний гэр бүлд төрсөн. Тэрээр Астрахань хотын Үнэн алдартны шашны семинарыг төгсөөд 1897 онд Киевийн шашны академид элсэн орж диссертаци хамгаалаад тэндээ 1912-1918 онуудад багшилсан байна.
1918 онд Николай Палмов төрөлх Астрахань руугаа буцаж ирээд Астраханийн их сургуульд, 1920 оноос Ардын боловсролын дээд сургуульд багшилж эхэлжээ. Астраханийн их сургууль хаагдсаны дараа Николай Палмов 1921 онд Халимагийн Өөртөө Засах Орны Ардын боловсролын газрын архив, музейн хэлтэст ажиллаж, Халимагийн үндэсний музейг зохион байгуулах үүрэг хүлээсэн. 1921 оны 3-р сарын 23-нд түүний шууд оролцоотойгоор Элст хотод орон нутгийн түүхийн музей байгуулагдаж, улмаар Халимагийн үндэсний музей болжээ. Тэрээр 1922 онд өөрийн үүсгэн байгуулсан тус музейн дарга болсон. 1923 оны сүүлээр Ардын боловсролын газрын архив, музейн хэлтэс хуваагдсаны дараа Николай Пальмов Архивын хэлтсийг удирдаж эхлэв.
1922 онд Николай Пальмов "Оросын хилийн хүрээнд халимаг ард түмний оршин байх үеийн түүхийн эссе" хэмээх эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Энэ бүтээлийг 1927 онд Праг хотод цагаачлан очсон халимагууд халимаг хэлнээ орчуулж, Тод бичгээр хэвлүүлсэн байна.
1931 онд Николай Пальмовын хувьсгалаас өмнөх үйл ажиллагааг Зөвлөлтийн эрх баригчид таагүй хүлээн авч, түүнийг Халимагийн архивын товчооны даргын албан тушаалаас нь огцруулахыг хүсчээ. Халимагийн удирдагчид Николай Пальмовыг өмөөрч үг хэлсэн бөгөөд тэрээр албан тушаалдаа үлдсэн түүхтэй.
1934 оны 2-р сарын 11-нд Астрахань хотод Николай Пальмов ажилдаа явах замдаа нас барсан юм.