Николай Подгорный
Николай Подгорный (орос. Никола́й Ви́кторович Подго́рный, 1906 оны 2-р сарын 18-нд Оросын хаант улсын Полтава мужийн Карловка тосгонд төрж, 1983 оны 1-р сарын 11-нд Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн нам, төрийн зүтгэлтэн, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга (1965-1977), ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн (1960-1975), ЗХУ-ын Төв Хороо (1963-1965)-ны гишүүн. 1957-1963 онд Зөвлөлт Украины Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.

ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн (1956-1981). ЗХУ-ын Дээд Зөвлөлийн депутат (1954-1979). ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн хошой баатар (1963, 1973).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Николай Подгорный 1906 онд Оросын хаант улсын Полтава мужийн Карловка тосгонд украин үндэстэн ажилчны гэрт төрсөн.
1917 онд 12 настайдаа хөдөлмөр эрхэлж байгаад комсомолын байгууллагын идэвхтэн байжээ. 1921—1923 онуудад Карлов тосгоны Комсомолын нарийн бичгийн дарга байсан. 1923—1926 онуудад Киевийн политехникийн дээд сургуулийн ажилчны тэнхимд суралцсан. 1931 онд Киевийн хүнсний аж үйлдвэрийн технологийн дээд сургуулийг төгссөн байна. 1930 онд дээд сургуульд байхдаа ЗХУКН-ын гишүүн болжээ. 1931-1937 онуудад Элсэн чихрийн аж үйлдвэрүүдэд инженер, ерөнхий инженерээр ажиллаж байжээ. 1939-1940 онд Зөвлөлт Украины Хүнсний аж үйлдвэрийн Ардын комиссарын орлогч, 1940-1942 онд ЗХУ-ын Хүнсний үйлдвэрийн Ардын комиссарын орлогч. 1942-1944 онд Москвагийн Хүнсний үйлдвэрийн технологийн дээд сургуулийн захирал.
1944-1946 онд дахин Украины ЗХУ-ын Хүнсний үйлдвэрийн Ардын комиссарын орлогч. 1946-1950 онд Украины ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл дэх байнгын төлөөлөгч. 1950-1953 онд Украины Коммунист намын Харьков мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.
1952-1956 онд ЗХУ-ын Коммунист намын Хянан шалгах Төв комиссын гишүүн.
1953-1957 онд Зөвлөлт Украины Коммунист намын Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1957-1963 онд Украины Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.
1963 оны 6-р сарын 21-ээс 1965 оны 12-р сарын 6 хүртэл ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, хөнгөн үйлдвэрийн салбар хариуцаж байжээ.
Тэрээр 1964 оны 10-р сард болсон ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны бага хурлын үеэр Никита Хрущёвыг огцруулах гол зохион байгуулагчдын нэг байсан.

1965 оны 12-р сарын 9-өөс 1977 оны 6-р сарын 16 хүртэл ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга (VI хурлын ЗХУ-ын Дээд Зөвлөлийн VII чуулганаар Анастас Микояны оронд очсон) байсан.
Н.Подгорныйг энэ албан тушаалд байх хугацаанд Дээд Зөвлөл болон түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх өргөжсөн нь Подгорныйд ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчоонд байр сууриа бэхжүүлэх боломжтой болсон юм. Тэр дундаа Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид Сайд нарын Зөвлөлийн үйл ажиллагаанд "албан ёсоор" хяналт тавьжээ. Подгорный эдийн засгийн бодлогын талаар өөр өөр үзэл бодлоос болж Алексей Косыгинтай байнга санал зөрөлдөж байжээ. 1965 онд тэрээр Баку хотод ажлын айлчлал хийх үеэрээ ЗХУ-ын эдийн засгийг хүнд аж үйлдвэр лүү чиглүүлж байгааг шүүмжилсэн илтгэл тавьж, Леонид Брежнев, Михаил Суслов нарын шүүмжлэлд өртсөн байна. Тэрээр барууны орнуудад байгалийн хий экспортлох нь "Сибирийг зарж" байна гэж нэрлэж байжээ. ЗХУ-ын албан ёсны "төрийн тэргүүн" гэдэг утгаараа тэрээр дипломат гадаад харилцаанд идэвхтэй оролцож, гадаадад удаа дараа албан ёсны айлчлал хийж байжээ.
Николай Подгорный 1977 оны 6-р сарын 16-нд албан тушаалаасаа өөрөө огцорох өргөдөл өгч тэтгэвэрт суусны дараа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх засгийн газрын эдийн засгийн бодлогыг буруушаасны төлөө Зөвлөлтийн хэвлэлээр шүүмжилж байсан.
Тэрээр 1983 оны 1-р сарын 11-нд Москвад нас баржээ.