Jump to content

Николай Римский-Корсаков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Римский-Корсаков, 1907 он.

Николай Римский-Корсаков (орос. Никола́й Андре́евич Ри́мский-Ко́рсаков, 1844 оны 3-р сарын 18-нд Тихвин тосгонд төрж, 1908 оны 6-р сарын 21-нд Санкт-Петербург мужийн Любенск эдлэнд нас барсан) — Оросын хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн удирдаач, нийгмийн зүтгэлтэн, хөгжмийн шүүмжлэгч. Тэрээр 15 дуурь, 3 симфони, хөгжмийн зэмсгийн концерт, кантат, вокал болон шашны хөгжим зохиосон.

Николай Римский-Корсаков 6 настайгаасаа гэрийн сургуульд суралцаж, тэр дундаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн боловч хөгжим түүнд сэтгэгдэл бага төрүүлдэг байжээ. Тэрээр сүмийн хөгжим, орос ардын дуунд илүү дуртай байв. 11 настайдаа анхны хөгжмийн бүтээлээ зохиож эхэлсэн байна.

1856 онд аялахыг мөрөөддөг байсан Николайг эцэг нь Тэнгисийн цэргийн сургуульд илгээжээ. 1858 онд ирээдүйн хөгжмийн зохиолч хөгжимд жинхэнэ хүсэл тэмүүлэлтэй болж Жоаккино Россини, Доницетти, фон Вебер нарын дуурьтай танилцсан бөгөөд Жакомо Мейербеерийн "Роберт-Чөтгөр", Михаил Глинкагийн "Царийн төлөө", "Руслан Людмила хоёр" зэрэг бүтээлүүд түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Дараа нь Бетховен, Моцарт, Мендельсон нарын хөгжмийг сонирхож эхэлсэн ажээ. Тэрээр илүү гүнзгий хөгжмийн боловсрол эзэмших шаардлагатай байгааг мэдэрч, 1859 оны намар Николай хүү төгөлдөр хуурч Фёдор Каниллегаас хичээл авч эхэлжээ.

1862 онд түүний эцэг нь нас барж, Римский-Корсаковын гэр бүл Санкт-Петербург руу нүүсэн юм. Тэр жилдээ Фёдор Каниллагийн ачаар Николай хөгжмийн зохиолч Милий Балакиревтэй танилцаж, түүний дугуйлангийн гишүүн болсон нь түүний зан чанар, гоо зүйн үзэл бодлыг төлөвшүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм.

1870-аад онд Римский-Корсаковын хөгжмийн үйл ажиллагааны хил хязгаар өргөжиж, 1871 онд Санкт-Петербургийн консерваторийн профессор болж, практик найруулга, хөгжмийн зэмсэг, найрал хөгжимд хичээл заадаг болсон. 1873-1884 онд "Тэнгисийн цэргийн тэнхимийн хөгжимчдийн найрал дуучдын" байцаагч, 1874-1881 онд Чөлөөт хөгжмийн сургуулийн захирлаар ажиллаж байжээ. 1874 оноос эхлэн хөгжмийн удирдаачаар ажиллаж эхлээд симфони концерт, дараа нь дуурийн тоглолт удирдсан байна.