Николас Кейж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Николас Кейж
Cage at the 2013 Deauville American Film Festival
Тө. өдөр 1964 оны 1 сарын 7 (1964-01-07) (53 настай)
Тө. газар АНУ, Калифорниа муж, Лонг Бийч дүүрэг
Су. нутаг АНУ, Невада муж, Лас Вегас
Ажил Жүжигчин, продьюсер
Танил 1981–present
Ашиг $25 сая (2017 оны байдлаар)
Нөхөр Патришиа Аргит (1995-2001), Лиза Мари Пресли (2002-2004), Алис Ким (2004-2016)
Дурлалт. Кристина Фалтон
Хүүхэд 2
Эцэг эх Август Коппола, Жое Вогелсанг
Гарын үсэг

Николас Ким Коппола (1964 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн)[1] нь дэлхийд алдартай, жүжиглэх өөрийн гэсэн онцлогтой, америкийн жүжигчин продьюсер. Тэрээр олонд Николас Кейж нэрээрээ илүү алдаршжээ. тэрээр инээдмийн, утга уянгын, шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт гээд киноны бүхий л төрлөөр гол дүр бүтээсэн алдарт жүжигчин юм. 1980-аад оны дунд үеэс түүний алдарын замнал эхэлсэн гэж үздэг. Мэргэжлийнхээ эхний жилүүдэд тэрээр Тосгоны охин (Valley Girl, 1983), Сар хүрэх тэмцэл (Racing with the Moon, 1984), Бөрди (Birdy 1984), Пегги Сүе нөхөрт гарсан нь (peggy Sue got Married, 1986), Төрөлх Аризона ( Raising Arizona, 1987), Мүүнстрак (Moonstruck, 1987), Цус сорогчийн үнсэлт (Vampire's Kiss, 1989), Хангал зүрх (Wild at Heart, 1990), галт шувуу (Fire Birds, 1990), Вегаст өнгөрөөсөн бал сар (Honeymoon in Vegas, 1992), Өрнөдийн улаан хад(Red Rock West, 1993) кинонуудад тоглож, үзэгчдэд тодорхой хэмжээнд танигдсан юм.

Николас Кейжийг алдарын тавцанд хүргэсэн дүр бол Лас Вегасаас явахуй киноны архинд орсон зохиолчийн дүр юм. Тэрээр энэ дүрээрээ Академийн наадам буюу "Оскар", "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртээд зогсохгүй, дэлгэцийн жүжигчдийн холбооны шилдэг дүрийн шагнал хүртжээ. Чухамдаа үүнээс хойш түүний тоглосон кино бүр үзэгчдийнхээ тоогоор тэргүүлж, олонд амархан түгдэг болсон гэхэд хилс болохгүй. Үүний тод жишээ нь Хад (The Rock, 1996), Хувирал (Face/Off, 1997), Агаарын шорон (Con Air, 1997), Сахиусан тэнгэрүүдийн хот (City of Angels, 1998) зэрэг кинонууд юм. Николас Кейж удалгүй 2002 онд дэлгэцнээ гарсан Зохицол (Adaptation) кинонд бүтээсэн дүрээрээ Академийн наадамд дахин дэвшсэн билээ. Энэ ондоо тэрээр анх удаагаа кино найруулсан нь Сонни (Sonny, 2002) байлаа. Дювилийн наадамд түүний найруулсан анхны кино тусгай шагналын төрөлд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Кейж "Сатурн Филмс" гэх хувийн студитэй бөгөөд тус студи Цус сорогчийн сүүдэр (Shadow of the Vampire, 2000), Девид Гейлийн амьдрал (The Life of David Gale, 2003) кинонуудыг дэлгэцнээ гаргасан байна.

Түүний тоглосон адал явдалт кинонууд кино зах зээлээс багагүй хэмжээний ашиг олсоор байлаа. Тухайлбал Үндэстний баялаг(National Treasure, 2004), Дайны эзэн (Lord of War, 2005), Муу цэрэг: Шинэ Орлеан дуудаж байна (Bad lieutenant: Port of Call New Orleans, 2009), Өгзөг өшиглөгч (Kick-Ass, 2010) кинонуудыг нэрлэж болно. Үүнээс гадна Сүнс хөлөглөгч (Ghost Rider, 2007), Зөгнөл (Knowing, 2009) кинонууд маш их хэмжээний ашигтай байсан юм. Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кино, бүтээсэн дүрийг шүүмжлэх хүмүүс олон бий. Урлаг судлаачид түүнийг "биеийн амарыг харж, мөнгөний хойноос хөөцөлдсөн" гэж дүгнэж байгаа бол олон нийт түүнийг "их амжилтандаа бардлаа" гэж шүүмжлэх болсон. Гэсэн ч түүний тоглолтын өвөрмөц арга барил, дүр бүтээх ур чадвартай нь хэн ч маргаж чадахгүй билээ.[2][3]

Кейж хорвоод мэндэлсэн нь[засварлах | edit source]

Ирээдүйн алдартай жүжигчин Николас Ким Коппола нь 1964 оны өвлийн дунд сард Август Коппола, Жой Вогелсанг нарын отгон хүү болон мэндэлжээ. Түүний аав болох Август Коппола нь уран зохиолн багш мэргэжилтэй бол ээж нь бүжигчин, бүжиг дэглээч байсан гэдэг. Кейж католик шашны гүнзгийн нөлөөнд автсан гэр бүлд өсч торнижээ. Аав нь итали гаралтай бол ээж нь Герман, Польш цустай хүн байлаа.[4][5][6] Николас Кейжийн өвөг эцэг нь Кармин Коппола гэх хөгжмийн зохиолч байсан гэдэг.[7] Үзэгчдийн сайн мэдэх найруулагч Френцис Форд Коппола нь түүний аавын үеэл байсан бол Роман Коппола, Софио Коппола, Жиан-Карло Коппола нар түүний хаяалууд юм.[8][9]

Тэрээр Беверли Хиллсийн ахлах сургуульд суралцаж байхдаа сургуулиас зохиогддог театрчилсан тоглолт, урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байсан нь жүжигчин болох их замын эхлэлийг тавьжээ. Кейж дөнгөж дунд ангид байхдаа л Калифорниагийн их сургуулийн харьяа Театр, Телевиз, Киноны салбар сургуульд элсэн суралцах зорилго тавьсан байжээ.[10] Их сургуульд суралцаж байхдаа Алтан жаал (Golden Boy) кинонд дүр бүтээж байсан гэдэг.[11] Хэдийгээр энэ кино нь сургуулийн улиралын даалгавар байсан ч гэсэн цаашид дэлгэцийн жүжигчин болох хүслийг улам бадраасан гэдэг. Кейжийн тухайд хадаг бариагүй багш нь Жеймс Дийн юм. Түүний тоглосон кинонуудыг үзэж өссөн Кейж хүү яг л түүн шиг алдартай жүжигчин болохыг мөрөөдөж, жүжигчний арга ажиллагаандаа тусгаж байсан гэдэг.

"Би жүжигчнийхээ эхний жилүүдэд Жеймс Дийнийг дуурайх гэж оролддог байлаа. Учир нь түүн шиг болохыг л хичээж байсан хэрэг л дээ. Миний насны хүүхдүүд рок хөгжим, бүр зарим нь сонгодог хөгжим сонсож байхад би Дийний тоглосон Зүүн зүгийн диваажин киног үзэж, бүр дотор нь орох шахаж шимтэн үздэг байлаа. Би түүнд дуртай, кинонууд нь гайхалтай гэж боддог" гэж Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.[12]

Жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдээд байх үед нь Кейжийн үеэл болох Френцис Форд Коппола нэрээ өөрчлөх зөвлөгөө өгөв. Удалгүй тэрээр өөрийн хүүхэд насны баатар Марвелийн комиксийн Люк Кейж супер баатраас сэдэвлэн Николас Кейж гэж нэрээ сольсон юм.

Замнал[засварлах | edit source]

Олонд танигдсан жүжигчин[засварлах | edit source]

Николас Кейжийн жүжигчний их амжилтын замнал 1982 онд Риджмонт Хай дахь богино хугацаа (Fast Times at Ridgemont High) кинонд эсрэг дүрийг бүтээснээр эхэлсэн байдаг. Уг киноны гол дүрд Шон Пенн тоглосон бөгөөд Кейжийн бүтээсэн дүр нь эсрэг дүр байжээ. Ихэнх урлаг судлаачид түүнийг эсрэг дүрээ гарамгай бүтээж, гол дүрээсээ давж гарсан гэж дүгнэдэг. Удалгүй тэрээр Гадныхан (Outsiders) киноны сонгон шалгаруулалтад оролцсон ч Метт Диллион сонгогдож, Кейжийг гонсойлгосон байдаг.[13] Хэдийгээр дээрх киног түүнийг авга ах найруулж байсан ч Кейжийг сонгосонгүй. Гэвч авга ах нь түүнийг Нижигнэсэн загас (Rumble Fish)[14] Мегги Сүе хадамд гарсан нь (Peggy Sue got Married)[15] кинонд сонгогдон Холливудын өрсөлдөөнт зах зээлд олонд танигдаж эхэлсэн юм.

1987 онд Кейжийн тоглосон романтик инээдмийн төрлийн Солиорол кинонд алдарт дуучин Шертэй хамтран тоглосон нь шүүмжлэгч төдийгүй олон нийтээс талархлын үг сонссон юм. Үүнээс хойш түүний тоглосон кино бүр олон нийтээс магтаалын үг сонсдог байлаа. Коены ах дүүсийн бүтээсэн сонгодог инээдмийн төрлийн Төрөлх Аризона, алдарт найруулагч Девид Линчийн 1990 онд дэлгэцнээ гаргасан Хангал зүрх, 1999 онд Мартин Скорсезийн найруулсан Үхээд сэрсэн нь(Bringing Out the Dead), 2003 онд Ридли Скотын найруулсан Дүрэлзсэн эрс (Matchstick Men) зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ шүүмжлэл, магтаалын аль, алиныг зэрэг сонсож, жүжигчнийхээ ур чадварыг тодорхой хэмжээнд олон нийтэд таниулж чадсан юм.[16]

2009 оны 9-р сард 66 дахь удаагийн Венецийн кино наадмын үеэр

Жүжигчин бүрийн оройн дээд мөрөөдөл болсон "Оскар авга"-ын алтан баримал түүнд очиход ердөө 20-иодхон жил шаардлагатай байжээ. Энэ хугацаа зарим жүжигчдийн хувьд өөрийгөө ч таниулахад бэрх хугацаа. Лас Вегасаас явахуй кинонд архинд толгойгоо мэдүүлж, амиа хорлохоос ч буцахгүй зохиолчийн дүрийг бүтээсэн нь Оскарын наадмын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулах хувьтай байжээ.

"Би энэ кинонд дүр бүтээснийхээ дараа амьдралдаа эргэн орох гэж багагүй хугацаа зарцуулсан. Бүр сэтгэл зүйчид хүртэл хандаж байлаа. Надаас хамаг байдгыг минь шавхсан дүр гэвэл үүнийг л хэлнэ" гэж Холливуд Репорт сэтгүүлд ярилцлага өгч байхдаа дурсаж байсан гэдэг. Амжилт ялалтыг зэрэг авчирч, өөрийн гэсэн "тамга"-тай болсон Кейжийг киноны студи бүр шинэ кинондоо тоглуулах гэж хичээж байжээ. Удалгүй тэрээр Оскарын наадамд дахин нэг удаа нэр дэвшив. Энэ удаад тэрээр кино зохиолч Чарли Кауфманны бодит амьдралаас сэдэвлэж, өөрөө зохиолыг нь бичсэн Зохицол киноны гол дүрээр нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадсангүй.[17] Киноны хувьд чамбай хийгдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан ч зах зээл дээр энэ кино амжилт ололгүй зардалаа л арай чамай гэж олжээ. Учир нь тухайн үед кино зах зээл дээр адал явдалт кино давамгайлж, үзэгчид "ухааны", юм бодуулсан кинонуудыг таалахгүй байсан цаг үе. Энэ цаг үеэ мэдэрсэн аймшгийн мөртөө адал явдалт 8мм (8mm, 1999) кинонд тоглосон нь зах зээл дээр амжилт олж, алдарт жүжигчний халаасыг багагүй хэмжээгээр дүүргэжээ.[18] Адал явдалт кинонд тоглосныхоо дараа тэрээр Ахмад Кореллийн мандолин (Captain Corelli's Mandolin) киноны гол дүрийг бүтээсэн юм. 2001 онд үзэгчдийн хүртээл болсон энэ кинонд тоглохын тулд тэрээр мандолин тоглож сурсан гэдэг.[19][20] Жүжигчний мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжиж, олон нийтээс өндөр үнэлгээ авч байсан Кейж өөрөө бие даан кино найруулахаар шийдсэн нь Сонни гэх дэлгэцийн бүтээл байлаа. Кино найруулаад амжсан Кейж 2005 онд Дайны эзэн, Цаг уурч (Weather Man)[21] гэсэн хоёр ч томоохон дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээв. Цаг уурч кинонд тэрээр ур чадваргүй атлаа олон нийтэд таалагдах хүсэлтэй цаг уурын нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрийг тунчиг гарамгай бүтээж ашиг орлогын хувьд ч, ур чадварын хувьд ч өсөн дэвжсэн юм. Гэвч түүний дараагийн кино олон нийтийн хараалыг барсан гэхэд болно. Хараал барсан энэ киног Шалиг эр (The Wicker Man) гэдэг бөгөөд кино бүтээсэн зардлаа ч нөхөж чадаагүй гэдэг.[22] Кино бүтээсэн студи Николас Кейжэд өгөх ёстой мөнгөө хоёр жил сунжруулж байж сая нэг юм өгчээ. "Энэ кино миний ч хараалыг барсан. Би ер нь яах гэж тэр саналыг нь зөвшөөрсөн юм бэ гэж хааяа боддог шүү" гэж Кейж хожим нь дурсчээ. Санхүүгийн төдийгүй, жүжиглэх уран чадварынхаа хувьд олон нийтийн хараалыг барсан киноныхоо дараа Марвелын супер баатрын дүрд тоглох саналыг хүлээн авсан юм. 2007 онд дэлгэцнээ гарсан Сүнс хөлөглөгч кино шүүмжлэгчдийн хүлээлтээс давсан ч мэргэжлийн төвшинд хүрээгүй гэж ихэнх нь дүгнэдэг. Өмнө нь 1982 онд дэлгэцнээ гарч гавьтай амжилт гараагүй тул Колумбиа Пикчерсийн саналд нэлээд дурамжхан хандаж байсан юм. Удаан хэлэлцсэний эцэст дээрх кинонд тоглох саналыг Кейж хүлээн авчээ. Кино дэлгэцэнд гарсан эхний долоо хоногтоо 45 сая ам.доллар олсон нь тухайн долоо хоногтоо бокс-оффисыг тэргүүлэхэд хангалттай байж. Сүнс хөлөглөгч кино нийтдээ 208 сая ам.долларын ашиг олж чадсан билээ.[23] Их амжилттай киноны дараа тэрээр "Дараагийнх нь" кинонд оролцон тогложээ. Энэ киноны санааг 2000 онд дэлгэцэнд гарч, Кейжийн өөрийнх нь тоглосон Гэрсэг эр киноноос ургуулж, улмаар үргэлжлэл хэлбэрээр гаргасан байна.[24]

Кейжийн тоглосон төрөл жанруудаас адал явдалт төрлийн кинонууд санхүүгийн амжилтад хүрсэн байдаг. Үүнийг гэрчлэх мэт түүний тоглосон Үндэстний баялаг кино түүний хувьд ашигтай ажилласан хоёр дахь уран бүтээл байлаа. АНУ-ыг бүтээсэн нэрт улстөрчдийн ард нуугдах сонирхолтой нууцыг ээдрээд адал явдалтай уялдуулсан энэ кино зохиолын хувьд ч, оролцсон жүжигчдийн хувьд ч олон нийтийн анхаарлын төвд байсан гэдэг. Нийт 358.5 сая ам.долларын ашиг олсон энэ киноноос Николас Кейж 50 гаруй сая ам.долларыг халаасласан юм.[25] Николас Кейж санхүүгийн амжилтаа бодож улмаар үүнээс хойш дандаа адал явдалт төрлийн кинонд тоглох саналыг хүлээн авдаг болжээ.Үүнийг гэрчлэх мэт Алькатраз арал дээр террорист халдлага үйлдэх гэж байхыг мэдсэн Холбооны мөрдөх товчооны химийн мэргэжилтний дүрийг бүтээсэн Хад кинонд тоглож, чамгүй хэмжээний ашиг хүртсэн байдаг.[26] Хад кино төслийн дараа Хувирал (Face/Off) кинонд эсрэг талын дүрийг гайхалтай бүтээж[27], удалгүй 9-р сарын 11-ний эмгэнэлт үйл явдлыг дүрсэлсэн Дэлхийн худалдааны төв (World Trade Center) кинонд барилгын нурангид дарагдсан гал сөнөөгчийн дүрийг тунчиг чадамгай бүтээсэн нь шүүмжлэгчдээс магтаал хүртсэн юм.[28]

Николас Кейж 2007 оны 11-р сараас шинэ кино төслийн дүр судалгааны ажилдаа ороод байлаа. Алдартай мэргэжлий бөхийн тулаачийн дүрийг бүтээх байсан Николас Кейж судалгаагаа үргэлжлүүлээд байхад киноны шинэ баг түүнийг төслөөс хасчээ. Үүнд ихэд ундууцсан тэрээр төслийн зүгээс мөнгө нэхэмжилж, 1.5 сая ам.долларыг өөрийн болгосон гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн ч тэрээр болон кино бүтээсэн багийнхан үүнийг баталсан ямар нэгэн тайлбар хийгээгүй билээ. Бөх (The Wrestler) нэртэй уг кинонд Мики Рурк тоглож, киног Даррен Аранофски найруулсан юм. "Ник бол төрөлхийн жентелмэн хүн. Би түүнд үүнийг маш нухацтай тайлбарласан. Чухамдаа киноны амин сүнсийг тэр ойлгож чадсан учраас Мики Руркэд зайгаа тавьж өгсөн юм" гэж Аранофски ярьж байжээ.

Кино төслөөс харамсалтайгаар хасагдсан түүнд Аюултай Бангкок кино төслийнхөн санал тавьлаа. Тэдний саналыг уриалгахан хүлээж авсан тэрээр Зүүн өмнөд азид ихээхэн алдаршиж, кино төслийн нийт ашгийн гурван хувь буюу 30-50 сая ам.долларыг халааслажээ.[29] 2009 онд шашны болон шинжлэх ухааны уран зөгнөлт Зөгнөл (Knowing) киног найруулах Алекс Прояс киноныхоо гол дүрийн сонголтыг шалгаруулалт зохиохгүйгээр шууд Николас Кейжэд санал тавьж, Кейж ч татгалзалгүй зөвшөөрөв. Кейжийн бүтээсэн дүр нь Массачусетсийн технологийн их сургуулийн проффесорын хүүхэд элдэв янзын тоо дүрсэлсэн нь дэлхийд болж байсан дараа нь болох аюулуудын огноог дүрсэлсэн байх бөгөөд түүний хүүг сонгож, өөр гаригт байрлуулах олон зуун хүүхдийн нэг байсан юм.[30] Шүүмжлэгчдээс сайн, муу бүхий л дүгнэлтийг сонссон уг кино зах зээлээс 187.9 сая ам.долларын ашиг олсон байна.[31] Мөн энэ ондоо тэрээр Муу цэрэг: Шинэ Орлиан дуудаж байна кинонд авлига авдаг, архинд донтож, хар тамхи хэрэглэдэг муу цагдаагийн дүрийг бүтээсэн нь шүүмжлэгчдээс багагүй магтаал сонссон юм. Киноны хувьд ч амжилттай болж Rotten Tomatoes цахим хуудаснаас 87 хувийн үнэлгээг авчээ. Тус киноны найруулагч Вернер Херцог түүнийг "Дүр бүтээхдээ түүн шиг өвөрмөц арга ажиллагаатай хүнтэй өмнө нь таарч байгаагүй. Магадгүй би муу цагдааг түүний тоглосон дүрээр төсөөлдөг ч байж болох юм" гэж хожим нь дурсчээ. Төсөөлж байснаас илүү амжилт дагуулсан уг кинонд өмнө нь "Сүнс хөлөглөгч" кинонд хамтран тоглосон Эва Мендестэй хоршин тоглосон юм.[32] 2010 онд илбэ шидтэний дүрийг хоёр ч кинонд бүтээсэн Кейжийг судлаачид болон олон нийт тийм ч сайнаар хүлээж авсангүй. Чөтгөрийн улирал (Season of the Witch), Шидтэний багш (The Sorcerer's Apprentice) кинонд илбэ шидтэн болсон Кейж уг кинонуудыг сайн эсвэл муу гэж өөрөө дүгнэж байгаагүй бөгөөд зарим сэтгүүлчид түүнийг зөвхөн ашиг орлогоо боддог жүжигчин гэж дүгнэсэн нь бий.

2012 онд өмнө нь төсөөлөшгүй их ашиг олж, амжилтад хүрсэн "Сүнс хөлөглөгч" киноны хоёрдугаар анги болох Сүнс хөлөглөгч: Сүнсний хонзон (Ghost Rider: Spirit of Vengeance) киног хийхээр болж, Николас Кейж ч уг кинонд тоглохоор болов.[33] Кино төсөл эхлэхээс өмнө Николас Кейжийг киноны багт багтаагүй гэж шуугиж байсан ч тэр анхнаасаа уг киноны хоёрдугаар анги хийгдэнэ гэдгийг мэдэж байсан гэж Опрагийн ярилцлагад орохдоо хэлж байсан удаатай. Хоёрдугаар анги нь кино судлаачдын хувьд ёстой л гамшиг байсан бөгөөд их хэмжээний ашиг олж чадсан ч Кейжийн нэр хүндийг унагаасан гэж үздэг. 2003 онд хүүхэлдэйн кинонд дуу оруулах завшаан Николас Кейжд тохиов. Тэрээр Агуйнхан (The Croods) хүүхэлдэйн кинонд Граг Крүүдийн дүрд дуу оруулжээ. Түүний оролцсон хүүхэлдэйн кино төсөл зах зээлээс 585 сая ам.доллар олж, Кейж өөрөө 30 саяыг халаасласан байна.[34]

"Хос морьтон"[засварлах | edit source]

Кейж зөвхөн жүжиглэхээс гадна кинонд продьюсер хийх, найруулга хийх авьяастай юм. Найруулагчийн хувьд түүний анхны кино 2002 онд дэлгэцэнд гарсан Сонни гэх уран бүтээл байлаа. Маш бага төсөвтэй уг кинонд Жеймс Франко болон Бренда Блетин нар хамтран тогложээ. Биеэ үнэлэлт, хар тамхины тухай өгүүлэх тус киног шүүмжлэгчид огт ойшоож үзээгүй юм. Үүнээс гадна америкийн кино театруудаар ч хоёр хүрэхгүй долоо хоног гараад дэлгэцнээс буужээ.[35] Бүтэлгүйтсэн анхны кинондоо тэрээр жижиг дүрийг бүтээж амжсан байдаг. Түүнээс гадна анх удаагаа продьюсер хийх боломж олдсон бөгөөд түүний продьюсер хийсэн анхны киног Цус сорогчийн сүүдэр гэдэг байлаа.[36] Энэ кино Сатурн кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм.

2006 оны 12-р сарын эхээр тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд оролцох, найруулга, продьюсерийн багт ажиллах туйлийн хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүсэл удалгүй биелэж шинжлэх ухааны уран зөгнөлт Дресдений баримтууд (The Dresden Files) баримтат кинонд гүйцэтгэх продьюсерээр ажилласан байна.[37]

Бусад ажлууд[засварлах | edit source]

Кейж зурагт ном буюу комик цуврал номны хорхойтон бөгөөд 2002 онд "Херитейж" дуудлага худалдаанаас дээр үед хийгдсэн 400 комик номны цуглуулгыг 1.6 сая ам.доллараар худалдан авсан байдаг.[38] Ном цуглуулах сонирхол нь комик ном хийх болтолоо лавширсан байдаг. Тэрээр 2007 онд хүү Вестонтойгоо хамтран Вүүдүү жаал (Voodoo Child) нэртэй комик номыг хэвлүүлжээ.[39]

Жүжиглэх ур маяг[засварлах | edit source]

Урлаг судлаач болон кино шүүмжлэгчид түүний жүжиглэх ур маягыг "театрынх" гэж дүгнэсээр ирсэн. Ялангуяа нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт түүнийг хэтэрхий театрчилсан жүжигчин гэж дүгнэсэн нь бий. [40] Хэдийгээр энэ нь муу гэсэн үг биш ч адал явдалт төрлийн кинонд түүний энэ байдал, жүжиглэлтийн онцлог нь тааруу уран бүтээл болоход нөлөөлдөг гэж урлаг судлаачид үздэг юм. Тэрээр нэгэн удаа энэ талаар дурсахдаа "Би өөртэйгөө өдөр бүр ярилцдаг. Дотор хүнээ сонсож, түүнийгээ заримдаа ил гаргахыг хичээдэг. Энэ нь заримдаа онодог ч алддаг тал бас бий" гэж ярьжээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Дурлалын романс, гэр бүл[засварлах | edit source]

1988 онд тэрээр жүжигчин Кристина Фултонтой болзож эхэлсэн бөгөөд 1990 оны 12-р сарын 26-нд анхны хүүхэд болох Вестон Коппола Кейжийгээ өлгийдөн авсан юм.

Кейж амьдралын туршид гурван удаа гэрлэж байсан. Түүний анхны гэргий нь жүжигчин Патрисиа Аргетте юм. Тэд 1995 оны дөрөвдүгээр сард хуримлаж, 2001 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.[41] Түүний ууган хүү болох Вестон нь одоо Eyes of Noctum гэх блек-метал хамтлагийн гоцлол дуучин юм. Вестоны гэр бүл 2014 оны долоодугаар сарын 1-нд хүүхэдтэй болж Кейжийг өвөө болгожээ.

Бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа рок'н роллын домог Элвис Преслигийн охин дуучин Лиза Мэри Преслитэй 2002 оны наймдугаар сарын 10-нд гэрлэсэн юм. гэвч ердөө гуравхан сарын дараа буюу тэр оныхоо 11-р сарын 25-ны өдөр салах тухайгаа олон нийтэд зарлаж, 2004 оны тавдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хоёр тийш болжээ. Кейжийн тухайд Преслигийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд үүнийгээ Хангал зүрх кинонд тоглож байхдаа мэдрүүлж, гол дүрдээ ашиглаж байсан удаатай. Гэсэн ч шүтээнийхээ охинтой тийм ч удаан хамтран амьдарч чадаагүй билээ.

Түүний гуравдахь гэргий буюу одоогийн ханийг Алис Ким гэдэг. 1983 онд төрсөн ази гаралтай энэ эмэгтэйтэй 2004 оны эхнээс болзож эхэлжээ. Улмаар 2004 оны долоодугаар сарын 30-ны өдөр гэр бүлийнхнийхээ хүрээнд цомхон гэрлэсэн байна. Удалгүй нэг жилийн дараа 2005 оны аравдугаар сарын 3-ны өдөр Кал-Эл нэртэйгээ хүүг тэд өлгийдөн авчээ. Түүний одоогийн гэргий болох Ким нь Лос-Анжелесд төвтэй солонгосын шөнийн клубт зөөгч байсан гэдэг. Хосуудын дунд багахан үл ойлголцол үүссэний улмаас 2006 оны нэгдүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа гэж Кейжийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд зарлаад байгаа юм. Одоогоор хосууд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байна.[42]

Улстөр болон шашны үзэл баримтлал[засварлах | edit source]

Николас Кейж хэдийгээр Католик шашны хатуу дэг журамтай айлд өсч торнисон ч аль нэг шашныг дэмжсэн эсвэл үгүйсгэсэн хандлагатай ямар ч үг хэлж байгаагүй. Энэ талаар ярилцлаганд асуудагч өөрөө хариулахгүй татгалзсаар иржээ.[43] Шашны талаар тодорхой байр суурь илэрхийлдэггүй түүнийг Зөгнөл кинонд тоглосных нь дараа сэтгүүлчид дүрээрээ өөрийн шашны үзлээ ил гаргасан гэж дүгнэцгээж байв. Гэтэл тэрээр энэ талаар "Ямар ч хүн өөрийн гэсэн үзэл баримтлал, шүтлэгтэй байдаг. Гэхдээ би хэзээ ч киногоороо өөрийн үзэл бодлоо тулгахгүй. Би аливаа кинонд чин сэтгэлээсээ, өөрийн бүх хүч хөдөлмөрөө зарцуулдаг болохоор олон нийт, сэтгүүлч та нар тэгж хүлээн авсан байж болох талтай" гэж мэдэгдсэн юм.[44]

Тэрээр улстөрийн үзэл баримтлалын тухайд их сургууль төгсөтлөө ямар нэгэн улстөрийн нам хүчнийг дэмжиж байгаагүй аж. Харин Хятад маягын хийрхэл (The China Syndrome) нэртэй кинонд тоглохдоо улстөрийн талаар судалж, улмаар өөрийн чиг баримжаагаа тодорхойлсон гэдэг.[45] Николас Кейж 2004 оноос эхлэн Ардчилсан намыг дэмжих болж улмаар 5,000 ам.долларын хандив өргөж байжээ.[46]

Буяны үйлс[засварлах | edit source]

Николас Кейжийн тухайд Холливудын ертөнцөд буяны үйлсэд гар татдаггүй өглөгч нэгэн.[47] Тэрээр улстөр, шашны сөргөлдөөнтэй байгаа улс орнуудад амьдарч буй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай хүнсийг цуглуулах зорилгоор "Эмнести Интернэшнл" олон улсын байгууллагад 2 сая ам.долларын хандив өргөж байсан гэдэг.[48] Үүнээс гадна АНУ-д дэгдсэн Катрина хар салхины хохирогсдод хувийнхаа зүгээс нэг сая ам.доллар хандивлаж байв.[49] Өглөг буяны үйлсэд гар татдаггүй занг нь харгалзан НҮБ-аас түүнд "Хүмүүнлэгийн үйлстэн" цолоор шагнасан юм.[50]

Үл хөдлөх хөрөнгө, татварын асуудлууд[засварлах | edit source]

Санхүүгийн судалгааны алдарт "Форбес" сэтгүүлээс түүнийг Холливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр нэрлэжээ. Одоогоор тэрээр карьерийнхаа туршид тэрээр тоглосон кинонуудаасаа 40 сая ам.долларын ашиг олоод байна.[51] [52]

Тэрээр 2005 онд Малибуд өөрийн гэсэн харшийг 10 сая ам.доллараар худалдан авсан гэдэг. 2004 онд тэрээр Багамын арлуудад Парадиз арлыг худалдан авчээ. Николас Кейж үүнээс гадна Германы Оберфалц мужид орших "Шоллс Нойдстайн" гэх дундад зууны үеийн шилтгээнийг 2006 онд 2.5 сая ам.доллараар худалдан авсан байдаг.

Баварид байдаг "Шойлс Нойдстайн шилтгээнийг Николас Кейж 2007-2009 оны хооронд эзэмшиж байжээ

Улмаар тэрээр яг авсан үнээрээ 2009 онд Германы нэгэн бизнесмэнд эргүүлэн заржээ.

Кейжийн тансаглал үүгээр дуусахгүй. 2007 оны наймдугаар сард Рөүд Айленд мужид байх Миддлтаун хотод бүхэл чулуугаар хийсэн "Грей Крейг" нэртэй шилтгээнийг өөрийн болгосон байна. Атлантын далайн эрэгт орших уг орд харш нь нийт 110,000 м.кв бөгөөд 12 унтлагын өрөө, 10 унтлагын өрөөтэй том ордон юм. Үл хөдлөх хөрөнгийн газрын үнэлгээгээр уг байгууламжийн үнийг 17.15 сая ам.доллар гэж тогтоожээ.[53][54]

Английн Сомерсет мужийн Мидфорд шилтгээнийг тэрээр мөн өөрийн болгосон ч одоог хэр нь хэдэн доллараар авсан нь тодорхой болоогүй байна.[55] Shortly after selling his German castle, Cage also put up his homes in Rhode Island, Louisiana, Nevada, and California, as well as a $7 million island in the Bahamas, for sale.[56] 2007 онд тэрээр өөрийн худалдан авсан шилтгээн болон Багамын арлуудад авсан тусгай арлыг нийтэд нь 20 гаруй сая ам.доллараар эргүүлэн зарсан байдаг.

АНУ-ын Татварын хяналт шалгалтын хэлтэс 2009 оны долоодугаар сарын 14-ний өдөр Николас Кейжийг Луйзана мужид төлөх ёстой татвараас бултсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллажээ. Жил гаруй хугацаанд мөрдөн шалгасны эцэст түүнийг төлөх ёстой 6.2 сая ам.доллараас бултсан гэж үзсэн юм. Мөрдөн шалгалтын явцад түүнийг 2002-2004 оны хооронд 350 мянган ам.длларыг төлөөгүй болохыг олж тогтоожээ. Татварын хяналт шалгалтын хороо 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр Николас Кейж болон түүний үйлчлүүлдэг санхүүгийн байгууллага АНУ-д төлөх ёстой 20 гаруй сая ам.долларын татварын асуудал сөхөгдөв. Мөрдөн шалгалтын явцад энэ тоо нэлээд багассан ч олон нийт түүнийг өөр нүдээр харж эхэлжээ. Шалгалтын явцад алдарт жүжигчин маань 15 хувийн үл хөдлөх хөрөнгөтэй, хувийн хөлөг онгоц, тансаг зэрэглэлийн завьтай, 22 автомашин түүний дотор 9 Роллс Ройс, 12 тусгай захиалгаар хийсэн эрдэнийн чулуу, 47 эртний эдлэл, ховор зургуудтай олохбг олж тогтоосон юм.[57] Үүнээс Николас Кейж Холбооны татварын газарт 19.5 сая ам.долларын татварыг эргүүлэн төлсөн гэх мэдээ бий. Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо нэгэн дуудлага худалдаагаас аваад байсан Тарбозавр Батаарын араг ясыг Николас Кейж 276,000 ам.доллараар худалдан авсан байдаг. Гэтэл Монгол улсын хилээр хууль бусаар АНУ-д орж ирсэн Батаарын хэрэг дэгдэж, улмаар Николас Кейж Монгол улсын засгийн газарт хулгайлагдсан гавлын ясыг эргүүлэн өгчээ.[58]

Николас Кейж АНУ-ын хамгийн аймшигтай, сүнстэй гэх барилгыг эзэмшдэг байсан. АНУ-ын Луйзана мужийн Нью-Орлеан хотод байрлах Францын тойрогт орших "ЛаЛори"-гийн барилгыг тэрээр 2007 онд энэ барилгийг 4 гаруй сая доллараар өөрийн болгож, улмаар 2009 онд Нью Орлианы засаг захиргаанд 5.5 сая ам.доллараар зарсан юм.[59]

Санхүүгийн хүндрэл, татварын байдлаас шалтгаалан түүний хөрөнгө нэлээд буурч одоогийн байдлаар 25 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Гэмт хэрэгт холбогдов[засварлах | edit source]

2009 оны 12-р сард түүнтэй хамтран амьдарч байсан Кристина Фултон түүнийг хамтран амьдарч байх үедээ олсон 13 сая ам.долларын хөрөнгөнөөсөө талыг хуваалцах ёстой гэж нэхэмжлэл гаргав. Хоёр жилийн турш энэ хэргийг хэлэлцсэний эцэст 2011 оны зургаадугаар сард шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ.[60] Гэсэн ч шүүх түүнийг хүүхдээ 18 хүртэлх төлөх ёстой асран хамгаалагчийн мөнгийг бүрэн төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж энэ хэргийг хаасан байдаг.

Николас Кейж 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр архидан согтуурсан үедээ танхайрч хорт бодис цацахыг оролдсон хэргээр баривчлав.[61] Тэрээр эхнэрээ олон нийтийн нүдэн дээр зодохыг завдсан нь нэрмээс болж, хэдэн цагийн турш саатуулагджээ. Цагдаагийн газар түүнийг гурван хоног хорисны эцэст 11 мянган доллараар торгоод сулласан юм.[62]

Шагнал урамшуулал[засварлах | edit source]

Холливудын алдарын гудамжин дахь Кейжийн од

Николас Кейжийг 2001 оны тавдугаар сард Калифорнийн их сургуулийн урлагийн ухааны хүндэт докторын зэргээр шагнаж, тусгай хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан байдаг. Мөн өгүүллэгийн эхэнд дурдсанчлан 1995 оны Академийн шагнал гардуулах ёслолд Лас Вегасаас буцахуй кинонд бүтээсэн дүрийг нь хүндэтгэн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм. Энэ киногоороо тэрээр Оскарын шагналаас гадна "Алтан бөмбөрцөг", "Телевизийн жүжигчдийн холбооны" шилдэг жүжигчний шагнал зэрэг олон арван шагнал, алдарыг авчирсан юм.

  1. (2003) Nicolas Cage. Lucent Books. 
  2. Pomerantz, Dorothy. "Will 'Season of the Witch' Hurt Nicolas Cage's Quote?", Forbes. September 9, 2013-нд авсан. 
  3. Rabin, Nathan (September 13, 2012). Stolen Preview. AV Club. May 14, 2014-д хандсан.
  4. "NicholasЗагвар:Sic Cage is back with digit-al thriller 'Knowing'", New York: Daily News. July 27, 2011-нд авсан. Archived from the original on July 30, 2012. 
  5. This much I know: Karen Koster. Irish Examiner. July 27, 2011-д хандсан.
  6. Nicolas Cage Sells His Castle.
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named cowie
  8. Markovitz, Adam. "Coppola Family Flow", Entertainment Weekly, December 14, 2007. October 20, 2014-нд авсан. 
  9. "Francis Ford Coppola's Hollywood family tree", cnn, July 15, 2009. 21 October 2014-нд авсан. 
  10. "Nicolas Cage Full Biography", New York Times. 21 October 2014-нд авсан. 
  11. Nicolas Cage - Details. cinema.com. 21 October 2014-д хандсан.
  12. Selby, Jenn. "Nicolas Cage on the rise of the celebutard", The Independent, March 11, 2014. March 14, 2014-нд авсан. 
  13. Casting Might-Have-Beens. Retrieved on 21 October 2014. 
  14. "The view: The lost pleasures of Rumble Fish", The Guardian, January 2, 2009. October 20, 2014-нд авсан. 
  15. Billson, Anne. "The wonderfully mad world of Nicolas Cage", London: The Daily Telegraph, July 3, 2013. October 20, 2014-нд авсан. 
  16. Matchstick Men. 20 October 2014-д хандсан.
  17. "Adaptation", cbs. 20 October 2014-нд авсан. 
  18. Maslin, Janet. "FILM REVIEW; A Straight-Arrow on Mean and Twisted Streets", new york times, February 26, 1999. 20 October 2014-нд авсан. 
  19. Captain Corelli's Mandolin : Interview With Nicolas Cage. cinema.com. 20 October 2014-д хандсан.
  20. Captain Corelli's Mandolin. the guardian. 20 October 2014-д хандсан.
  21. 'The Weather Man': Nicolas Cage's Last Good Movie. theatlantic.com. 20 October 2014-д хандсан.
  22. 50 years, 50 films: The Wicker Man (1973). irishtimes.com. 20 October 2014-д хандсан.
  23. Ghost Rider. boxofficemojo.com. 20 October 2014-д хандсан.
  24. Dargis, Manohla. "Glimpsing the Future (and a Babe)", new york times, April 27, 2007. 20 October 2014-нд авсан. 
  25. Cage Uncaged: A Nicolas Cage Retrospective. 20 October 2014-д хандсан.
  26. "The Rock", rolling stone, June 7, 1996. 21 October 2014-нд авсан. 
  27. Nicolas Cage: 'Ghost Rider' star's top 10 insane movie roles. digital spy. 21 October 2014-д хандсан.
  28. "World Trade Center", Guardian, 28 September 2006. 20 October 2014-нд авсан. 
  29. "Bangkok Dangerous", Guardian, 4 September 2008. 21 October 2014-нд авсан. 
  30. Knowing. 21 October 2014-д хандсан.
  31. "Knowing" and Other Nicolas Cage Box-Office Winners That Don't Deserve to Be Hits. rolling stone. 21 October 2014-д хандсан.
  32. Ghost Rider Movie Blog: Casting Eva Mendes. marvel.com. 21 October 2014-д хандсан.
  33. ‘Ghost Rider: Spirit of Vengeance’ Review. screenrant.com. 21 October 2014-д хандсан.
  34. The Croods. Box Office Mojo. October 4, 2013-д хандсан.
  35. "Nic Cage's unfortunate Sonny incident.", slate.com, December 23, 2002. 20 October 2014-нд авсан. 
  36. Shepard, Jim. "FILM; Again, Nosferatu, the Vampire Who Will Not Die", New York Times, September 10, 2000. 20 October 2014-нд авсан. 
  37. The Dresden Files. TV Guide. 20 October 2014-д хандсан.
  38. Susman, Gary (October 1, 2002). "Book Value". Entertainment Weekly. Retrieved on August 4, 2010.
  39. Bowles, Scott. "Cage and son work comic 'Voodoo'", USA Today, July 3, 2007. 20 October 2014-нд авсан. 
  40. CAGE RELISHES OPERATIC ROLE IN TRAGIC 'LEAVING LAS VEGAS'. 25 May 2015-д хандсан.
  41. "Nicolas Cage’s divorce from Patricia Arquette", Hello magazine. October 20, 2014-нд авсан. 
  42. Nicolas Cage and Wife Alice Kim Are Separated, Rep Confirms. People.com. June 24, 2016-д хандсан.
  43. This much I know: Karen Koster. Irish Examiner. August 25, 2013-д хандсан.
  44. Nicolas Cage talks "Knowing", religion. Everyjoe.com (March 29, 2009). May 14, 2014-д хандсан.
  45. Nicolas Cage visits UCSC. University of California, Santa Cruz. August 25, 2013-д хандсан.
  46. Celebrity donations - Nicolas Cage. the original on April 3, 2013-с архивлагдсан.
  47. "Generous Celebs - Forbes Magazine", Forbes.com. May 14, 2014-нд авсан. 
  48. Nicolas Cage Donate $2 million to Amnesty. Hollywood.com. August 25, 2013-д хандсан.
  49. Cage donates 1 Million to Katrina's Victims. News.softpedia.com. the original on October 21, 2013-с архивлагдсан. May 14, 2014-д хандсан.
  50. "Nicolas Cage wins United Nations humanitarian award", BBC News, December 5, 2009. August 25, 2013-нд авсан. 
  51. Beale, Lauren. "Foreclosure auction of Nicolas Cage's mansion is a flop", Los Angeles Times, April 8, 2010. April 11, 2010-нд авсан. 
  52. Pomerantz, Dorothy. "The Highest Paid Actors - 2014", Forbes.com. July 13, 2015-нд авсан. 
  53. Actor Nicolas Cage reportedly buys a 24,664-square-foot mansion in Middletown, Rhode Island for $15.7M. 21 October 2014-д хандсан.
  54. Nicolas Cage Sells Gray Craig Estate – SOLD. 21 October 2014-д хандсан.
  55. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named chittenden
  56. Miller, Daniel. "WHO IN HOLLYWOOD OWNS A PRIVATE ISLAND", hollywoodreporter.com. 20 October 2014-нд авсан. 
  57. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named money.cnn.com
  58. Actor Nicolas Cage returns stolen dinosaur skull he bought (December 22, 2015).
  59. Yousuf, Hibah. "Nicolas Cage: Movie star, foreclosure victim", CNN, November 13, 2009. November 14, 2009-нд авсан. 
  60. "Nicolas Cage settles lawsuit with his son's mother", June 14, 2011 
  61. "Actor Nicolas Cage arrested in New Orleans", April 16, 2011 
  62. Vilensky, Mike. Nicolas Cage Arrested in New Orleans (Updated). Vulture.