Jump to content

Нисгэгчийн дуу (Т.Насанбуян)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөгжим: Т.Насанбуян

Шүлэг: Л.Дагвадорж                                       

НИСГЭГЧИЙН ДУУ

Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө очоод ирэхээр

           Дт:Мөнгөн цагаан хөлөг минь

           Дүүлж явна аа хө

           Мөнгөн цагаан хөлгөө бариад

           Дуулж явна аа би

Нумнаас тавьсан сум шиг

Салхи исгэрүүлэн цойлуулаад

Цэнхэр тэнгэрийн уужимдаа

Цэнгүүн явах жаргалтай

           Дт:

Буудалд угтах учралын

Сайханд яаран тэмүүлсэн

Санаа цайлган хүмүүсийг

Саадгүй түргэн хүргэхээр

           Дт:

Дууны түүхээс[засварлах | кодоор засварлах]

Зулын Юра зэрэг нисгэгчид хөгжмийн зохиолчийг онгоцоор зорчиж байх үед нь түүнд хандан анх дуу захиалжээ. Хөгжмийн зохиолч тухайн үед дуулаачийн дөрвөн жилийн студи-сургуулийн (1964-1968) оюутан, түүний зохиосон анхны дуу нь нийтийн хүртээл болсон байв. Захиалга авснаас хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа 1968 онд энэ дууны аялгуу төрж, шүлэг бичүүлснээр дуу бэлэн болжээ. 1969 онд дуугаа дуулуулах дуучнаа олж, 1970 онд Монголын Радиод бичүүлж радиогоор цацагджээ. Радиогийн хөгжмийн редакцид Булган аймгаас нэгэн малчин захидал бичиж дуу төрсөн түүхийг яриулж өгөхийг хүссэн тул зохиогч дуу төрөх хугацаанд нөхөрлөж найз нөхөд болсон нисгэгч З.Юра, н.Магванжав, н.Маарт, н.Нэргүй, н.Цэрэндорж нарынхаа хамт очиж ярилцлага өгч байжээ.

Жич: Монголын агаарын хүчний үүсэл хөгжил нь МИАТ компаний үүсэлтэй салшгүй холбоотой ба ЗХУ-аас Монгол улсад бэлэглэсэн Германы зохион бүтээгч Гүго-гийн загвараар зохиосон ачаа тээврийн Ю-13 онгоц анх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголд газардсанаар Монголын агаарын хүчин байгуулагдсан өдөр гэж албан ёсоор үздэг. 1970 онд 45 жилийн ой тохиов.

Сонирхолтой баримт[засварлах | кодоор засварлах]

  1. Дуучин Д.Дашням “Би энэ дуундаа хамгийн их хайртай. Гавьяат (1982) авахын урьдал соёлын тэргүүний ажилтан байдаг бол миний хувьд МИАТ-ийн тэргүүний ажилтан болж байсан. 'Нисгэгчийн дуу'-гаа 30 жил дуулж байна” хэмээн хэлж байжээ.
  2. 2005 он, "Нисгэгчийн дуу"-нд зориулсан гэрэлт хөшөөг босгожээ.
  3. 2018 он, Нисэхтэй ажил, амьдралаа холбосон хүн бүрийн төдийгүй энэ салбараар үйлчлүүлэгч хүмүүсийн дуулах дуртай, сүлд дуу болсон энэхүү сайхан уран бүтээлийг төрүүлсэн хөгжмийн зохиолч Т.Насанбуянг МИАТ-ынхан "Хүндэт ажилтан" болгосон байна.

Сонсох[засварлах | кодоор засварлах]

  1. МҮОНР, Нисгэгчийн дуу, хөгжмийг зохиосон Товуугийн Насанбуян, үгийг зохиосон Дагвадорж, “Дашням дуулж цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн УФ-ийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга) хөгжимдөнө”, хугацаа 3’33” (Жич: Зохиогч дуугаа 1970 онд Радиод бичүүлсэн гэдэг. Дуу 1973 оны 05-р сарын 12-нд Радиогийн Эргэлтийн Фондод орж бүртгэгджээ.)
  2. YouTube, 2013 он, dashnyam-nisgegchiin duu [0:12-3:45]

Унших[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн зохиолч "Нисгэгчийн дуу"-ныхаа тухай хэвлэлд өгсөн доорхи ярилцлагууддаа тодорхой өгүүлжээ.

  1. Зиндаа сонин, 2017-11-23, Т.Насанбуян: Нисгэгчийн тухай дуу бичих гэж бараг онгоц жолоодож ч үзлээ
  2. Өдрийн сонин, 2018-06-01, Т.Насанбуян: Нисгэгчийн дуу маань 50 насны ойтойгоо золгож байна