Ногоон хөгжлийг тодорхойлох нийтлэг үндэслэл
Дэлхий нийтэд байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь хамгийн чухал бодлогын асуудлуудын нэг болоод байна. Иймээс улс орон бүр өөрийн үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж, байгальд ээлтэй загварт шилжиж байна.
НҮБ-ын “Rio+20” тогтвортой хөгжлийн чуулганаар “Бидний хүсч буй ирээдүй” тунхаглалд тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулахад “ногоон эдийн засаг” гол хөдөлгүүр байна хэмээн онцлон тэмдэглэсэн. Мөн НҮБ-ыг ногоон эдийн засагт шилжихийг зорьж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Ийнхүү уг чуулганаар “Тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах ногоон эдийн засаг”, “Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээ” хэсэгт ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн талаар хэлэлцэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийг санаачилсан.
Манай улс 2013 онд Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжиж, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-д нэгдсэн. Улмаар “Ногоон хөгжлийн бодлого”-ыг тодорхойлж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 тоот тогтоолоор; бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ЗГ-ын 2016 оны 35 тоот тогтоолоор батлуулсан.
Мөн НҮБ-ын Статистикийн хэлтэс (НҮБСХ)-ээс хөгжиж буй орнуудын ногоон эдийн засгийн өнөөгийн түвшинг үнэлэх, шилжилтийн явцыг хянах, ногоон өсөлтийг хэмжих үзүүлэлтийг тодорхойлох “Ногоон эдийн засагт шилжих явцыг үнэлэх нь” төслийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 4 орны нэгээр Монгол Улс (ҮСХ) сонгогдон ажилласан.
Түүнчлэн, Монгол Улс нь “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын гишүүн орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг дэмжсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.