Ногоон хөгжлийг тодорхойлох ойлголт
Нүүдлийн уламжлалт соёл, иргэншилд суурилж, үр ашиг өндөртэй орчин үеийн технологиор үйлдвэрлэлээ дэмжиж, ногоон эдийн засагт шилжих хөгжлийн чиг хандлагыг Монгол Улс тодорхойлоод байгаа бөгөөд түүнийг үнэлэх үзүүлэлтийг тооцоход дараах нэр томьёог ашиглана. Үүнд:
Ногоон эдийн засаг гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгах замаар хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг ойлгоно.
Ногоон хөгжил гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж, ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг ойлгоно.
Ногоон худалдан авалт гэж эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ойлгоно.
Ногоон үйлдвэрлэл гэж эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ойлгоно.
Ногоон барилга гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламжийг ойлгоно.
Ногоон нийтийн тээврийн хэрэгсэл гэж уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүрт ашигладаг бензин, дизелиэс өөр төрлийн түлшийг хэрэглэх, эсвэл тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, тортогжилтыг бууруулах нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулан байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан нийтийн тээврийн хэрэгслийг ойлгоно.