Jump to content

Номын баяр 2025

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаанбаатар хотноо 2025 оны тавдугаар сарын 16-нд “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас Номын баяр 2025-ыг зохион байгууллаа.

Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн 37 дахь удаагийн номын баяр иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлав.


Энэ жил номын баярыг “Илүү их уншъя” уриатай зохион байгууллаа.

Номын баярын үеэр үзэсгэлэн худалдаа, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр боллоо.

Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон байна.

Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадынханд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцов.