Jump to content

Нострадамус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мишэл де Нотрда́м (франц. Michel de Notredame), Нострадамус гэх нэрээрээ алдартай (франц. Nostradamus; 1503 оны 12-р сарын 14-нд Сен-Реми-де-Прованс хотод төрж, 1566 оны 7-р сарын 2-нд Салон-де-Провансд нас барсан) — францын эмч-эм зүйч, зохиолч, яруу найрагч, одон орон судлаач болон алхимич, зөнч ирээдүйн таамаг дэвшүүлэгч гэдгээрээ алдартай.

Мишэл де Нотрдам 1503 оны 12-р сарын 14-нд Сент-Реми-де-Прованс хотод 15-р зуунд католик шашинд орсон сефардын еврейчүүдийн гэр бүлд төржээ (хавчлагын улмаас Иберийн хойгоос Франц руу нүүсэн). Мишэл де Нотрдам бага насаа эхийн талын элэнц өвөг Жан де Сент-Ремигийн дэргэд өнгөрөөсөн бөгөөд тэрээр түүнд латин, грек, еврей хэл, математик, зурхайн ухаан зааж суурийг тавьж өгсөн гэж үздэг байна.

1518 онд 14 настай Мишэл де Нотрдам Авиньоны Их Сургуульд суралцахаар явж, тэнд тривиум гэж нэрлэгддэг дүрэм, ярих урлаг ба логик, дараа нь квадривиум - геометр, арифметик, хөгжим, зурхайн чиглэлээр суралцжээ. 1519 онд хотод тахал гарч, Мишэл хотоос явжээ. Дараа нь тэрээр бие даан эмч болж, тахлыг эмчлэх аргыг хайж олохоор шийдсэн боловч хэзээ ч шийдлийг олж чадаагүй юм.

Мишэл 1529 онд тэрээр Монпелье хотын их сургуулийн анагаах ухааны ангид элсэн ороод 1534 онд төгсөөд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ мөчөөс эхлэн түүний овгийг латинаар «Nostradamus» гэж бичих болжээ.

1555 онд Нострадамус анхны зурхайн таамаг бичгээ хэвлүүлсэн бөгөөд тэр жилдээ хүү Сезарийнхаа оршил бүхий 353 дөрвөлжинг агуулсан Зууны анхны хэвлэлийг Лион хотод хэвлүүлжээ. Түүний зурхайн тооцоололд олон алдаа байсан учраас тухайн үеийн зурхайчид Нострадамусыг ихэд шүүмжилдэг байв. Эдгээр эш үзүүллэгүүд түүнд асуудал авчирсан нь мэдэгдэж байна. Нострадамусыг Парист ирэхэд нь эрх баригчид ямар сургаал номлож, хэрхэн таамаг дэвшүүлсэн талаар байцаалт авахаар бэлтгэж байгааг анхааруулжээ. Улмаар тэр яаралтай Салон-де-Прованс руу буцаж ирээд 1556 онд Итали руу явсан байна.