Нью Йорк, Албани хот дахь Улсын Их Сургууль
Нью-Йорк, Албани хот дахь Улсын Их Сургууль (ихэвчлэн University at Albany, UAlbany эсвэл SUNY Albany гэж нэрлэгддэг) нь АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотод байрлах улсын судалгааны их сургууль юм. Энэхүү сургууль нь 1844 онд байгуулагдсан бөгөөд Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн (SUNY) системийн дөрвөн “их сургуулийн төв”-ийн нэг юм. Тус сургууль нь 9 сургуультай ба нийт 16850 гаруй оюутнуудыг элсүүлдэг бөгөөд 50 бакалаврын мэргэжил, 125 магистр болон докторын зэрэг олгох хөтөлбөрүүд бий. UAlbany болон SUNY-ийн сүлжээний оюутан солилцооны хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд 600 гаруй гадаадад суралцах хөтөлбөрөөс сонгох боломжтойгоос гадна Нью-Йоркийн нийслэл болон ойролцоох бүс нутагт төрийн болон хувийн байгууллагад дадлага хийх боломжтой байдаг. Сургуулийн кампусын зарим хэсэг нь Гилдерлэнд хот руу тэлсэн бөгөөд эрүүл мэндийн шинжлэх ухааны кампус нь хөрш Ренсселаер хотод байрладаг. Энэхүү сургууль нь “Докторын зэрэг олгодог – маш өндөр судалгааны идэвхтэй” их сургуулиудын ангилалд багтдаг. 2021 оны санхүүгийн жилд тус сургуулийн судалгаанд нийт 115 сая ам.доллар зарцуулсан бөгөөд судалгааны гол чиглэл нь нийгмийн шинжлэх ухаан, төрийн хууль ба бодлого, амьд биетийн шинжлэх ухаан болон агаар мандлын шинжлэх ухаан байв. Мөн Албани хот нь Нью-Йорк мужийн Зохиолчдын Хүрээлэнгийн өлгий нутаг юм. “The U.S. News & World Report”сэтгүүлийн 2025 оны “Шилдэг Их Сургуулиуд”-ын жагсаалтад тус сургууль үндэсний их сургуулиудын дунд 121-т, улсын их сургуулиудын дунд 61-т эрэмбэлэгджээ.