Jump to content

Нэнси Рейган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нэнси Дэвис Рейган (англи. Nancy Davis Reagan, төрөхдөө Анн Фрэнсис Роббинс (англи. Anne Frances Robbins), 1921 оны 7-р сарын 6-нд Нью-Йорк хотод төрж, 2016 оны 3-р сарын 6-нд Лос-Анжелес хотод нас барсан) — Америкийн кино жүжигчин, АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы гэргий, 1981-1989 онд АНУ-ын тэргүүн хатагтай.

Рейганууд, 1964 он.

Нью-Йорк хотод жүжигчин болон машины худалдаачин хоёрын гэр бүлд төрсөн бөгөөд түүнийг төрсний дараахан эцэг эх нь салсан байна. Эх нь ажил хайн орон даяар нүүж байсан тул тэрээр бага насаа Мэрилэнд мужид нагац эгч, нагац ахындаа өнгөрүүлсэн байна. Удалгүй эх нь алдартай мэдрэлийн мэс засалч Лоял Дэвистэй гэрлэж, Нэнси эцэг эхийнхээ хамт Чикаго руу нүүж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. Түүнийг багад хамаатан садан нь Нэнси гэж дууддаг байсан бөгөөд 1935 онд хойд эцэг нь түүнийг албан ёсоор өргөж авснаар тэрээр Дэвис овог авч Нэнси Дэвис нэртэй болжээ. Энэ нэрийн дор тэрээр кинонд тоглож, гэрлэсний дараа тэр нэрээ хадгалсан юм. 1939-1943 онд Массачусетсын коллежид англи жүжгийн чиглэлээр мэргэшсэн.

1952 оны 3-р сарын 6-нд тэрээр тухайн үед Кино жүжигчдийн эвлэлийн ерөнхийлөгч байсан АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Роналд Рейгантай гэрлэжээ. Энэ бол Роналд Рейганы хувьд хоёр дахь гэрлэлт байсан бөгөөд тэр анхны эхнэртэйгээ хоёр хүүхэдтэй болсон байжээ.

Нэнси Рейган, Рональд Рейган нарын дундаас Патрисиа Анна болон Рональд Прескотт гэх хоёр хүүхэд төржээ. Хожим Пэтти Дэвис нэрээр алдаршсан охин Патрисиа Анна 1952 оны 10-р сарын 21-нд, харин хүү Рональд Прескотт 1958 оны 5-р сарын 20-нд төрсөн юм.

Нэнси Рейган 1967-1975 онд нөхрөө мужийн захирагч байхад Калифорни мужийн тэргүүн хатагтай байсан гэдгээр нь иргэд мэддэг.

Нөхрөө АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаанд тэргүүн хатагтайн үүргээ сайн гүйцэтгэсэн бөгөөд хамгийн алдартай нь хар тамхины эсрэг "Зүгээр л үгүй гэж хэл" (англи. Just Say No) хэмээх кампанит ажилд оролцож, төсвийн мөнгийг их хэмжээгээр зарцуулсан гэсэн шүүмжлэлд өртөж байжээ. Нөхрөө хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа кампанит ажлыг олон улсын хэмжээнд өргөжүүлж, бусад орны тэргүүн хатагтай нарыг уг ажилд татан оролцуулсан юм.

1994 онд Роналд Рейган Альцхаймерын өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд үүний дараа Нэнси Рейган нөхрөө халамжлахад өөрийгөө зориулжээ.

Роналд Рейганыг нас барсны дараа тэрээр нийгмийн ажилд оролцож, Альцхаймерын өвчтэй хүмүүст туслахын тулд үүдэл эсийн чиглэлээр судалгаа хийжээ.

2000 онд тэрээр АНУ-ын хамгийн дээд шагнал болох Конгрессын алтан медалиар шагнагджээ.

Нэнси Рейган 2016 оны 3-р сарын 6-нд Роналд Рейгантай гэрлэсний 64 жилийн ойн өдөр 94 насандаа зүрхний дутагдлын улмаас нас барсан юм.