Нээлттэй эх кодын санаачилга
Нээлттэй Эх Кодын Санаачилга (Open Source Initiative, OSI) нь Нээлттэй Эх Кодын Тодорхойлолт-ыг (The Open Source Definition, OSD) хадгалж хамгаалдаг Америкийн ашгийн бус байгууллага бөгөөд энэ тодорхойлолт нь нээлттэй эх код бүхий программ хангамжийн хамгийн түгээмэл стандарт болдог. Тус байгууллагыг 1998 оны 2-р сард Брюс Перенс, Эрик С. Реймонд нар үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь Netscape Communications корпорац өөрийн гол бүтээгдэхүүн болох Netscape Communicator-ын эх кодыг нийтэд нээлттэй болгосноос санаа авсан бүлгийн хүрээнд бий болсон юм. Дараа нь 1998 оны 8-р сард байгууллага удирдах зөвлөл нэмж байгуулсан. Оршин тогтносон ихэнх хугацаандаа OSI-ийн үйл ажиллагаа нь программ хангамжийн лиценз (license)-үүдийг тодорхойлж, тэдгээрийг уг тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахад чиглэгдэж байсан. OSI анхандаа хаалттай зохион байгуулалтын загвартай байсан бол 2010-аад оноос эхлэн илүү их хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд гишүүнчлэлд суурилсан байгууллага руу шилжиж эхэлсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нэгэн төрлийн кампанит ажил хэлбэрээр “нээлттэй эх код” (open source) хэмээх нэр томьёог 1998 онд Кристин Петерсон, Жон “maddog” Холл, Ларри Аугустин, Эрик С. Реймонд, Брюс Перенс болон бусад хүмүүс санаачлан гаргаж ирсэн. Энэ бүлэг Debian-ы Чөлөөт Программ Хангамжийн Удирдамж (Debian Free Software Guidelines)-т үндэслэн нээлттэй эх код бүхий программ хангамжийн зориулалттай Нээлттэй Эх Кодын Тодорхойлолт-ыг (The Open Source Definition, OSD) баталсан. Мөн тэд энэхүү хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх байгууллага болгож Нээлттэй Эх Кодын Санаачилга-г (Open Source Initiative, OSI) байгуулсан.