Нямжавын Баасанжав
Нямжавын Баасанжав (1928–2017) нь Монголын дипломат ажилтан.
Н.Баасанжав 1928 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. 14 настайдаа сумын бага сургуулийг төгсөөд бичиг үсгийн багшаар ажиллаж байв. 1946–1949 онд нийслэлийн Санхүү эдийн засгийн техникум, 1955–1959 онд тэр үеийн ЗХУ-ын Эрхүү хотод Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан дипломын ажил хамгаалж мэргэжил эзэмшжээ.[1]
Тэр үеийн ЗХУ-ын Гадаад Яамны дэргэдэх Дипломатын академид 1979, 1988 онд суралцсан.
Н.Баасанжав Сангийн яаманд байцаагч, хэлтсийн дарга, Сангийн яамны газрын дарга, 1961–1964 онд Нийслэлийн орлогч сайдаар тус тус ажилласан байна.
Н.Баасанжав нь 1964–1968 он хүртэл 1-р орлогч сайд, 1968–1978 онд Улаанбаатар хотын намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 1978–1981 онд Монгол Улсаас БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан.
1981–1988 онд Гадаад яамны эдийн засгийн талаарх харилцаа, байгуулалтын үйлчилгээ, эдийн засгийн газрын даргаар ажилласан байна.
Н.Баасанжав нь 1988 онд дипломат цол хүртжээ.
Н.Баасанжав нь санхүүгийн аж ахуйн салбарт 15 жил, намын байгууллагад 13 жил, гадаад харилцааны салбарт 10 жил, бүгд 38 жил ажилласан нам, төрийн зүтгэлтэн, дипломат хүн байв.
Н.Баасанжав ажиллаж байсан хугацаандаа нягтлан бодох бүртгэлийн сэтгүүл, ордерын систем, мастеруудын лавлах зэрэг ном бүтээлүүд, судалгааны ажлын тайлан, товчоон бичиж хэвлүүлсэн нь мэргэжлийн хүмүүсийн гарын авлага болгон ашиглагдаж байжээ. Үүнээс гадна төвийн сонин сэтгүүлд 80 гаруй өгүүлэл, нийтлэл бичиж нийтлүүлсэн байна.
Тэрээр улсын хэмжээнд олон удаа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.
- ↑ С.Дулам Д.Даш Ж.Энхбаяр, Баян Буяны Өлгий Баянбулаг нутаг минь. Мөнхийн үсэг хэвлэл. 2024.