Нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээ
Монгол орны олонх экосистемүүд эмзэг тогтоцтой, доройтолд өртөмтгий, байгалийн жамаар нөхөн сэргэх явц удаан байдаг онцлогтой. Үүний тодорхой жишээ бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цөлжилт хүрээгээ тэлж байна. Хуурайшилтын нөлөөгөөр ойн экосистем түймэрт хүчтэй нэрвэгдэх болов.
Иймд нөхөн сэргээлт хийсэн талбайг арчлах, тордох, малын хөл, салхи, үерээс хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнд мониторинг хийх нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг юм. Орон нутгийн захиргаа, иргэд ч нөхөн сэргээлтийн үр дүнд хяналт тавих нь зүйн хэрэг.
Нөхөн сэргээлтийн дараах хяналт, шинжилгээний үр дүнд экосистемийн нөхөн сэргэлтийн үйл явцыг тодорхойлох, орчны бохирдолтыг хянаж, бохирдолтын эх үүсвэр хэвээр байгаа тохиолдолд бохирдолтыг зогсоох арга хэмжээг дахин төлөвлөж, хэрэгжүүлэх, хөрс, ургамлан бүрхэвч нөхөн сэргээгүй газруудад нөхөн сэргээлт дахин хийх боломж бүрдэх юм.
Нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээг доорх чиглэлүүдээр зохион байгуулдаг. Үүнд:
• Нөхөн сэргээсэн талбайн хөрсний чанарын хяналт, шинжилгээ
• Нөхөн сэргээсэн талбайн ургамлан бүрхэвчийн хяналт, шинжилгээ
• Нөхөн сэргээсэн талбайд нутагшсан амьтны аймгийн хяналт, шинжилгээ
• Агаар, ус, хөрсний бохирдолтын хяналт, шинжилгээ
Хяналт, шинжилгээний үр дүнг уурхай эхлэхийн өмнөх экосистемийн суурь судалгааны тайлангийн үр дүн болон нөхөн сэргээсэн талбайтай залгаа орших байгалийн ижил экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй харьцуулах замаар нөхөн сэргээлтийн үр дүнг тооцож болно.