Нөхөн сэргээлтийн эхний жилийн хяналт шинжилгээ
Тарьсан ургамлын хээрийн соёололт тодорхойлох: Талбайд байрлуулсан байнгын цэгт 1м2 жижиг дэвсэг дотор соёолсон ургамлыг зүйлээр ялган тоолж анх тарьсан ургамлын тоонд харьцуулж хувиар илэрхийлнэ. Анх тарьсан ургамлын тоог гаргахдаа тарьсан үрийн норм ба 1000 ш үрийн жинг үндэслэнэ. Олон наст ургамлын хэд хэдэн зүйлийг хольж тариалсан тохиолдолд зүйл тус бүрийн соёолсон ургамлыг тус тусад нь тоолж хээрийн соёололтыг тооцон нэгтгэж болно. Ургамлын үр соёолж эхлэхэд хамгийн түрүүн үрийн тал гэж нэрлэгдэх 1 буюу 2 ш жижиг навчинцар гарна. Дараа нь жинхэнэ навч гардаг. Хээрийн соёололтыг тодорхойлохдоо жинхэнэ навч гарсны дараа тоолох хэрэгтэй.
Ургамлын өсөлт, хөгжил тодорхойлох: Тарьсан жилийн намар олон наст ургамал идэр насандаа бүрэн хүрснээр өвлийг ажилттай давж дараа жилийн хавар сэргэн ургах нөхцөл бүрдэнэ. Идэр нас гэдэг нь буурцагт ургамлын хувьд 2-6 ш найлзууртай, 40 см орчим өндөртэй болох, үет ургамлын хувьд 3-5 ш найлзуур бүхий бут хэлбэрийг олох үе юм. Идэр насны ургамал ишний уг, үндэслэг иш, булцуут үндэс орчмын эрхтэндээ шим тэжээлийн бодисыг хангалттай нөөцөлж түүнийг тайван байх үедээ зарцуулж өвлийг давна.
Тарьсан ургамлын анхны жилийн амьдрах чадвар: Намар ургамлыг өвөлжилтөд шилжихийн өмнө тоолж хавар соёолсон ургамлын тоонд харьцуулж хувиар илэрхийлснийг амьдрах чадвар гэнэ. Хавар соёолсон ургамал зуны ургалтын явцад тодорхой хэмжээгээр цөөрдөг. Тарьсан жилийн намар олон наст ургамал бутлалт, салаалалтын үе шатандаа өвөлжилтөд шилждэг бөгөөд цэцэглэж үрээ өгөхгүй.