Jump to content

Нөхөн сэргээсэн талбайн арчилгаа, хамгаалалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хяналт шинжилгээний үр дүнд нөхөн сэргэлт хэр зэрэг явагдаж байгааг тогтооно. Хэдийгээр технологи, стандартыг баримтлан нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн боловч ургамлан бүрхэвчийн хөгжил цаг агаарын нөхцөл болон орчны бусад хүчин зүйлээс шалтгаалан зорьсон түвшинд хүрэхгүй байх тохиолдол гарна.

Ган гачиг, үер зэрэг байгалийн гамшгаас шалтгаалан ургамлын үр урсах, ургац багатай байх, нөхөн сэргээсэн талбай эвдрэх, суулгасан мод бутны үндсийг мэрэгч, туулай зэрэг амьтад идэж гэмтээх асуудлууд гардаг.

Ургамал ургаагүй, халцгайрсан, эвдэрсэн газруудад хөрс, ургамлын нөхөн сэргээлтийг дахин хийх, үерийн урсацыг сааруулах арга хэмжээ авах, гэмтсэн, үхсэн мод бутыг дахин суулгах, амьтдын амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нөхөн сэргээлтийн талбайн арчилгаа, хамгаалалтын төлөвлөгөөнд тусган зохион байгуулна.

Аадар бороо, цасны шар усны үер зэргээс нөхөн сэргээсэн талбайг хамгаалах, бий болсон гуу жалгыг томрохоос сэргийлэхийн тулд уул уурхайн компаниуд чулуу, боодолтой өвс зэрэг материалаар усны сааруулагч хийж амжилттай болсон туршлагууд байдаг.

Монгол орны өвлийн цаг агаарын нөхцөл хатуу бөгөөд ойжуулалтанд тарьсан зулзган мод, бутыг арчилж, өвөлд бэлтгэх хэрэгтэй. Залуу турьхан жимсний бут сөөгийг гадны нөлөөлөл болон мэрэгч амьтнаас хамгаалан өвөлжүүлэх зорилгоор даавуугаар ороож, шороогоор манах, хамгаалалтын тор татах нь зүйтэй. Мөн туулай мэрж гэмтээсэн модны хэсгийг чийг алдах, хатахаас сэргийлж будгаар будаж хамгаална.

Зарим жил нөхөн сэргээсэн талбайн тарьсан цөөн зүйлийн ургамал ихээр ургаж, бусад зүйл ургамал соёолох нөхцөлийг бууруулдаг. Иймд өндөр ургацтай газруудад 2-3 жилүүдэд хадлан хийх, хавар шатаах зэрэг арга хэмжээ авч ургамлын бүрхэц, зүйлийг бүрдлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Хуурайшилттай сар, мөн гандуу жилүүдэд ойжуулалтанд тарьсан мод, бут сөөг, сөөглөг ургамлуудыг услах нь арчилгаа, хамгаалалтын чухал ажил юм. Говь цөлийн бүсэд олон наст ургамлыг тарихын өмнө талбайг услаж чийглэх нь ургалтанд сайнаар нөлөөлнө.

Амьтдын амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд ундаалах уст цэг байгуулах, идэш тэжээлийн нөөц, үүрлэх орогнох орчинг бүрдүүлнэ. Үүрүүдийг уурхайн ухшаас гарсан хад чулууг овоолох маягаар талбайд байрлуулах замаар шийдэж болно.

Байгалийн экосистэмд амьтдын зүйлийн бүрдэл, тэдгээрийн тоо толгой нь экологийн суваргын зарчмын дагуу тодорхой зохистой харьцаанд, тэнцвэртэйгээр оршин байдаг. Нэг зүйл амьтан, тэдгээрийн тоо толгой хэт олшрох нь хэвийн үзэгдэл биш бөгөөд экосистемийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой.

Түүнчлэн уурхайн ажилчдыг даган суурьшсан муур, нохой зэрэг нь тухайн газарт олширч уугуул амьтдын тоо толгойг цөөрүүлэх эрсдэлтэй байдаг тул тэдгээрт хяналт тавьж, зохицуулалт хийх шаардлагатай.