Jump to content

Овада Масако

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Масако (япон. 皇后雅子 Коогоо Масако, 1963 оны 12-р сарын 9-нд Токио хотод төрсөн), төрөхдөө Овада Масако (小和田 雅子) — Японы эзэн хаан Нарүхитогийн эхнэр бөгөөд 2019 оны 5-р сарын 1-нээс Японы хатан хаан. 1993 оны 6-р сарын 9-нд угсаа залгамжлагч Нарүхит-той гэрлэсэн цагаас хойш Японы Эзэн хааны гэр бүлийн гишүүн болсон юм.

Японы хатан хаан Масако

Масако нь дипломатч, Олон улсын шүүхийн ерөнхийлөгч Овада Хисашигийн том охин бөгөөд тэрээр Сэцүко, Рэйко гэсэн хоёр ихэр дүүтэй ажээ.

Масаког хоёр настай байхад 1965 онд эцэг нь Москвад ажиллах болсон тул хамт явж, тэндээ Зөвлөлтийн цэцэрлэгт явдаг байжээ. Японд буцаж ирснийхээ дараа тэрээр бага сургуулиас ахлах сургуулийн хоёрдугаар анги хүртлээ Токио дахь хувийн охидын Дэн-эн-чоофү Фүтаба сургуульд суралцсан. Эцэг нь Харвардын их сургуульд зочин профессор болж, мөн Японоос АНУ-д суугаа Элчин сайдын орлогчоор ажиллах болсон тул Масако гэр бүлийнхээ хамт АНУ руу нүүжээ. Тэрээр Бостоны ойролцоох Массачусеттс мужийн Белмонт хотод ахлах сургуулиа төгссөн байна.

Масако Харвардад суралцаж, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1986 онд Масако Японд буцаж ирээд эцгийнхээ багшилж байсан Токиогийн их сургуульд хуулийн чиглэлээр элсэн орж, Японы Гадаад хэргийн яаманд элсэх шалгалтад бэлдэж эхэлжээ.

Масако угсаа залгамжлах хунтайж Нарүхитотой Токиогийн их сургуульд оюутан байхдаа анх 1986 оны 11-р сард нэгэн хүлээн авалтын үеэр танилцжээ. Угсаа залгамжлагч хунтайж Масакод анхны харцаар дурлаж, түүний хайрыг хайж эхэлсэн гэдэг. Масако, угсаа залгамжлагч хунтайж хоёр 1987 онд олон удаа хамт явсныг олон хүн гэрчилдэг юм.

Масако хэсэг хугацаанд хүний нүднээс далд байсан боловч албан бусаар ханхүүтэй харилцах харилцаа үргэлжлүүлсээр байжээ. Масако Нарүхитогоос хэд хэдэн удаа гэрлэх санал авсны эцэст зөвшөөрчээ. Эзэн хааны ордон хос хоёрыг сүй тавьсан тухай 1993 оны 1-р сарын 19-нд зарлав. Тэдний харилцаа аль эрт дууссан гэж үзэж байсан Японы нийгэмд энэ мэдээ гэнэтийн зүйл болсон юм. Угсаа залгамжлах ханхүү Нарүхито, Масако нар 1993 оны 6-р сарын 9-нд Японы уламжлалт хуримын ёслолоор гэрлэжээ.

Эзэн хаан ба хатан хаан хоёроос 2001 оны 12-р сарын 1-нд Айко гүнж төржээ. Албан ёсны нэр нь "Тоши-но-мия" буюу Тоши гүнж гэдэг ажээ.