Jump to content

Одны хувьсал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэд хэдэн огторгуйн биетийн масс-радиусын хамаарлыг харуулсан график ба тэдгээрийн хувьсал

Одны хувьсал гэдэг нь од амьдралынхаа туршид хэрхэн өөрчлөгдөн хөгжиж, улмаар шинэ од үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг үйл явц юм. Одны массаас хамааран түүний амьдралын хугацаа хамгийн их масстай оддын хувьд хэдхэн сая жил, хамгийн бага масстай оддын хувьд хэдэн их наяд жил хүртэл үргэлжилж болно. Энэ нь орчлон ертөнцийн өнөөгийн наснаас ч хавьгүй урт хугацаа юм. Хүснэгтэд оддын амьдралын хугацаа тэдгээрийн массаас хэрхэн хамаардаг болохыг харуулсан байна. Бүх одод таталцлын нөлөөгөөр агшиж буй хий, тоосны үүлнээс үүсдэг бөгөөд эдгээрийг мананцар эсвэл молекулт үүл гэж нэрлэдэг. Хэдэн сая жилийн туршид эдгээр эх одод тэнцвэрийн төлөвт орж, үндсэн дарааллын од болдог.

Од амьдралынхаа ихэнх хугацаанд цөмийн хайлалтын урвалаас энерги авдаг. Эхэндээ энерги нь үндсэн дарааллын одны цөмд устөрөгчийн атомууд нэгдэн гелий үүсгэх цөмийн хайлалтын урвалаар бий болдог. Дараа нь цөм дэх ихэнх Устөрөгч гелий болон хувирснаар Нартай төстэй одод цөмийг хүрээлсэн бөмбөрцөг хэлбэрийн бүрхүүлд устөрөгчийн хайлалтын урвал явуулж эхэлдэг. Үүний үр дүнд од аажмаар томорч, эхлээд дэд аварга, дараа нь улаан аварга одны үе шатанд шилжинэ. Нарны массын дор хаяж талтай тэнцэх хэмжээний масстай одод цөмдөө гелийн хайлалтын урвалаар энерги үүсгэж чаддаг. Харин түүнээс илүү их масстай одод улам хүнд элементүүдийг олон давхар бүрхүүлд дараалан нэгтгэн энерги ялгаруулдаг. Нартай төстэй од цөмийн түлшээ бүрэн шавхсаны дараа цөм нь агшин цагаан одой од болж, гаднах давхаргууд нь гарагийн мананцар хэлбэрээр сансарт тархан цацагддаг. Харин Нарнаас арав буюу түүнээс олон дахин их масстай оддын идэвхгүй болсон төмрийн цөм агшиж сүйрсний улмаас супернова дэлбэрэлт болж, эцэстээ маш өндөр нягттай нейтрон од эсвэл хар нүх үүсдэг. Орчлон ертөнцийн нас одоогоор хамгийн жижиг улаан одой оддын амьдралын мөчлөг дуусчихсан байх хэмжээнд хүрээгүй байгаа ч онолын загваруудаас үзэхэд тэд устөрөгчийн түлшээ бүрэн шавхахаасаа өмнө аажмаар илүү тод, халуун болж, эцэст нь бага масстай цагаан одой од болон хувирдаг.