Ойн нөөцийг үнэлэхэд баримталсан зарчим
Монгол орны ойн сан бүхий талбай 2016 оны байдлаар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлж, үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн (хэвийн ургаж байгаа ой), 5.6 сая.га нь ойгоор бүрхэгдээгүй (түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэний улмаас доройтолд орсон ой), 543.4 мян.га нь ойн сан доторх ойн бус талбай байна. Ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь буюу ойрхог чанар 7.9% байна.
Монгол орны ойн нийт нөөц 1,245.4 сая.м3 бөгөөд үүнээс 78.5%-ийг шинэс, 4.9%-ийг нарс, 9.4%-ийг хуш, 0.23%-ийг гацуур, 0.02%-ийг жодоо, 6.17%-ийг хус, 0.18%-ийг улиас, 0.05%-ийг улиангар, 0.007%-ийг хайлаас, 0.27%-ийг бургас, 0.002%-ийг тоорой, 0.14%-ийг заган ойн нөөц тус тус эзэлж байна.
Ой мод бол нөхөн сэргээгдсэнээрээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол, доройтлын явцыг хязгаарлан, улмаар тэдгээрийн хор хөнөөлийг арилгаж, байгалийн унаган төрхийг сэргээх боломжийг хангахаас гадна үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг.
Тиймээс ойн нөөцөд учруулсан хохирлын үнэлгээнд ойн бүсийн модны нөөцийн хуваарилалтад тулгуурлан үнэлэх зарчмыг баримталсан болно.