Олаф Шольц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Олаф Шольц

Олаф Шольц (герм. Olaf Scholz; 1958 оны 6 дугаар сарын 14-нд ХБНГУ-ын Доод Саксоны Оснабрюк хотод төрсөн) - Германы улс төрч, Германы Ардчилсан Социалист Намын (ГАСН буюу Sozialdemokratische Partei Deutschlands, SPD) гишүүн. 2018 оноос Германы дэд Канцлер бөгөөд Сангийн сайд. 2018 онд ГАСН-ын түр даргаар ажилласан.

Намтар[засварлах | edit source]

Германы Умард нутгийн Доод Саксонд 1958 онд төрж, Хамбург хотод өссөн байна. Тэрбээр Иэнс, Инго гэж хоёр эрэгтэй дүүтэй.

1975 онд буюу 17 настайдаа Германы Социал-Ардчилсан намд элсэн орсон.

1985 онд Хамбургийн их сургуулийг төгссөн. Хөдөлмөрийн эрх зүйн мэргэжилтэн.

2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сар хүртэл ХБНГУ-ын Хөдөлмөр, олон нийттэй харилцах холбооны сайдаар ажилласан.

2009-2011 онд Германы парламент болох Бундестаг дахь ГАСН-ын /SPD/ бүлгийн дэд дарга.

Хамбург хотын ГАСН-ын даргын хувьд тэрбээр 2011 оны 2 дугаар сарын 20-нд болсон бүс нутгийн сонгуульд ялалт байгуулж, Хамбург хотын захирагч болжээ.

Ханбург хот нь тусдаа холбооны мужийн статустай тул энэ албан тушаал нь бусад холбооны мужуудын Ерөнхий сайдын албан тушаалд нийцдэг байна.

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ГАСН-ын Тэргүүлэгчид ба Удирдах зөвлөл Олаф Шольцыг намын даргаар томилсон бөгөөд тэрбээр 4 дүгээр сарын 22-нд Намын даргаар хатагтай Анреа Мария Налесыг сонготол намаа удирдсан.

2018 оны 3 дугаар сарын 13-нд тэрбээр Хотын даргын албан тушаалаасаа огцорчээ.

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 сар хүртэл Германы дэд канцлер, Сангийн сайдаар ажиллаж байв.

Олаф Шольц 2021 оны 12 дугаар сарын 8-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлераар сонгогдов.

Олаф Шольц болон түүний гэргий Бритта Эрнст нар амьдралаа улс төрд зориулжээ. Эхнэр Эрнст Бранденбург мужийн боловсролын сайд бөгөөд тэд хүүхэдгүй ажээ.

О.Шольцын Засгийн газар[засварлах | edit source]

  • Олаф Шольц (SPD) — Канцлер
  • Вольфганг Шмидт (SPD) — Тусгай үүрэгт сайд бөгөөд ХЭГ-ын дарга
  • Роберт Хабек (Ногоон нам) — Канцлерын орлогч бөгөөд эдийн засаг болон байгал орчны өөрчлөлтийн асуудлын сайд
  • Кристиан Линднер (FDP) — Сангийн сайд
  • Анналена Бербок (Ногоон нам) — Гадаад хэргийн сайд
  • Нэнси Фезер (SPD) — Дотоод яам, эх орны сайд
  • Клара Гейвиц (SPD) — Орон сууц, хот байгуулалт, хөгжлийн сайд
  • Марко Бушман (FDP) — Хууль зүйн сайд
  • Хубертус Хайль (SPD) — Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд
  • Джем Оздемир (Ногоон нам) — Хүнс, хөдөө аж ахуйн сайд
  • Кристина Ламбрехт (SPD) — Батлан хамгаалахын сайд
  • Анне Шпигель (Ногоон нам) — Гэр бүл, ахмад настай иргэд, эмэгтэйчүүд болон залуучуудын асуудлын сайд
  • Карл Лаутербах (SPD) — Эрүүлийг хамгаалахын сайд
  • Фолькер Виссинг (FDP) — Тээвэр, цахим дэд бүтцийн сайд
  • Штеффи Лемке (Ногоон нам) — Хүрээлэн буй орчин, байгал хамгаалал, цөмийн аюулгүй байдал болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын сайд
  • Беттина Штарк-Ватцингер (FDP) — Боловсрол, шинжлэх ухааны судалгааны сайд
  • Свенья Шульце (SPD) — Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд