Jump to content

Олбани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олбани хот

Олбани (англи. Albany) — АНУ-ын зүүн хойд хэсэг дахь Нью-Йорк муж болон Олбани тойргийн нийслэл хот юм. 2020 оны байдлаар хотын хүн ам 99,2 мянга бөгөөд хот орчимтойгоо 899,2 мянган хүн амтай байв.

Олбани хот нь түүхийн ихэнх хугацаандаа тээврийн чухал зангилаа байсаар ирсэн. 18-р зууны сүүл ба 19-р зууны эхэн үед Нью-Йорк мужид төлбөртэй замууд идэвхтэй баригдаж байсан бөгөөд 1815 он гэхэд Олбани тэдний сүлжээний зангилаа төв болжээ. Энэ нь усан тээврийн суваг, төмөр замын бүтээн байгуулалттай хослуулан 19-р зууны эхэн ба дунд үед Нью-Йоркоос Буффало руу, цаашлаад Мичиган мужийн нутаг дэвсгэрт шилжин суурьшигчдын урсгалын дамжин өнгөрөх төв болгосон юм.

1807 онд Роберт Фултон Нью-Йоркоос Олбани хүртэл уурын хөдөлгүүрт усан онгоцны шугамыг эхлүүлсэн нь АНУ-д ийм төрлийн анхны амжилттай бизнес болжээ. 1810 он гэхэд 10,763 оршин суугчтай Олбани нь тус улсын 10 дахь том хот байв.

1825 онд Эри сувгийг барьж дуусгаснаар Их нууруудаас Нью-Йорк хот хүртэл тасралтгүй усан замыг бий болгосон. 1830, 1840 оны хүн амын тооллогоор Олбанигийн хүн ам улсдаа 9-рт жагссан бол 1850 онд 10-р байрт орсон. Энэ нь АНУ-ын хамгийн том 10 хотод багтсан сүүлчийн тохиолдол болжээ.

Хотын түүх бас төмөр замын тээвэртэй нягт холбоотой. Олон жилийн турш Олбани нь Делавэр ба Хадсон төмөр зам (Delaware and Hudson Railway), Нью-Йоркийн төв төмөр зам (New York Central Railroad) гэсэн хоёр том төмөр замын компанийн төв байр байжээ.

Маш сайн дэд бүтэц нь хотын эдийн засгийн хурдацтай хөгжил, шинэ цагаачдын урсгалд хувь нэмэр оруулсан.

1908 онд АНУ-ын анхны хотын нисэх онгоцны буудал (энэ нь дэлхийн хамгийн анхны арилжааны нисэх онгоцны буудлуудын нэг байсан) Олбани хотод нээгдсэн.

2020 оны хүн амын тооллогоор Олбани хот 99,224 хүн амтай байв.

Хүн амын арьс өнгө, угсаатны бүтэц:

  • цагаан арьстнууд - 54%
  • Африк гаралтай америкчууд - 27.7%
  • Латин америкчууд - 9.9%
  • Ази хүмүүс - 7.5%

Хотын таван оршин суугч тутмын нэг нь Ирланд гаралтай ажээ.