Олноо өргөгдсөн Монгол Улсын тагнуулын байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Олноо өргөгдсөн Монгол Улсын тагнуулын байгууллага-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдахад төр, засгийн газрын зүгээс гадаад болон дотоод чиглэлээр тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан байгууллага. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед тагнуулын ажлыг хаан эзний мэдэл дор явуулдаг байсан бөгөөд шаардлагатай үед Улсын дээд хурлаар хэлэлцэж байв. Гадаад улсууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиг бодлого барьж буй, тэдний зүгээс учирч болох түрэмгийлэл, аюул заналыг урьдчилан мэдэх зэргээр аюулгүй байдлаа хангах үүднээс төр, засгийн улс төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг олох зорилгоор тагнуулын ажлыг явуулж байсан байдаг. Гэхдээ тэр үед Монгол Улсад нэгдсэн тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд хааны шадар захирагч Баатар удирдан зохицуулдаг байжээ. Мөн Гадаад яам, Дотоод яам, Цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайд нараас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын ажил явуулж байсан. Тухайлбал, Цэргийн яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Харин дотоод буюу сөрөг тагнуулыг лам нарын дунд Богд хаан, шанзав Бадамдорж, чин ван Дашдэндэв нар, харчуул буюу бусад иргэдийн дунд Магсар бээс тус тус хариуцан зохион байгуулж байсан байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан боловч Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд байсан ба өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл эзэлдэг.

Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчлэн явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байжээ. Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг, “япон” хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Турк, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвөд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдэх”-ээр Оросын хаант улсХаант Орост удаа дараа, чин ван Л.Дашдэндэв Хятад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шиньжаны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ.

Богд хаант Монгол Улсын үед Хятадын тагнуул, туршуулыг илрүүлэх, хятад иргэдийн гэмт үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарч гадаадын харьяат хүмүүсийг хянах тогтолцоог буй болгож, хатуу чанд хянан харгалзаж байв. Энэ арга хэмжээний дүнд 1910 онд Халх Монголд 100 мянгад хүрээд байсан хятад иргэдийн тоог 6 жилийн дотор 3 дахин цөөрүүлж чадсан байна.

Мөн Нийслэл Хүрээнээс хойд зүгт байрлах Шадивлангийн хийдэд Тагнуулын сургуулийг байгуулсан тухай мэдээ байдаг. Үүнийг хятадууд мэддэг байсан байх магадлалтай. Учир нь 1919 онд хятадын цэрэг Монгол Улсыг эзлэх үед Шадивлангийн хийдийг хятад цэргүүд эзлэн лам нарыг нь толгой дараалан хядаж, хийдийн сүм дуган зэрэг барилга, бусад орон сууцуудыг эвдлэн сүйтгэсэн байна.