Олон нийтийн хэвлэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

“Олон нийтийн” хэвлэл (“Массовая” печать. “Public” press). Үйлдвэрлэлийн хувьсгал эрчимтэй өрнөж, хэвлэх үйлдвэрийн арилжааны шинж өсөн нэмэгдсэний үр дүнд «олон нийтийн» гэж нэрлэгддэг сонин хэвлэлийн шинэ хэв маяг бий болжээ. Түүний гол шинж нь үйл явцыг гадна талаас өнгөцхөн тусгах, шуугиан дэгдээх, баримтыг гуйвуулах, хүмүүсийн амьдралд бүдүүлгээр оролцох, зугаа цэнгээний шинжтэй хөнгөн шингэн материал нийтлэх явдал байлаа. Мөн урьд гарч байсан «пенни» хэмээх сонин хэвлэлээс олон зүйлийг өвлөж авсан юм. «Олон нийтийн» сониныг хэвлэн нийтлэгчид, эрхлэгчид сэтгүүлчид заавал баримтлах янз бүрийн дүрэм журам боловсруулсан бөгөөд энэ нь сурвалжлагчдад эдийн засгийн томоохон ашиг орлого олоход нөлөөлдөг байв. Ийм дүрэм журам нь АНУ-ын «шинэ сэтгүүл зүй»-н гол утга санааг илэрхийлж, түүний үндсэн шинж чанар, агуулга, чиглэлийг тодорхойлдог болжээ. «Олон нийтийн» тогтмол хэвлэлийн жинхэнэ сонгодог жишээ бол Ж.Пулитцерийн «The New York World» («Нью-Йоркийн ертөнц»), У.Р.Хёрстын «The Morning Journal» («Өглөөний сонин») сонинууд байв. Энэ сонинуудыг хэвлэн нийтлэгчид олон түмний анхаарлыг татахын тулд хүлээн авагчдын шинэ давхаргад байдаг бүх онцлог шинж, боломжийг дээд зэргээр ашиглахыг зорилго болгож байжээ. Сонинуудыг соёлын төвшин дорой, бага боловсролтой хүмүүст зориулан гаргаж байсан бөгөөд тэдний мэдлэг, соёл боловсролыг дээшлүүлэхийн оронд олон нийтийн хамгийн хоцрогдсон, бүдүүлэг харанхуй давхаргад хүртэл доошилсон ажээ. «Олон нийтийн» сонин хэвлэл ихэнх тохиолдолд хүлээн авагчдын ухамсар, оюун санаанд бус тэдний сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжид түшиглэдэг байв. Баримт, үйл явдлыг тусгахдаа шуугиан дэгдээхийг гол зорилго болгодог нь сонинд ихэнх тохиолдолд уншигчдад гайхал төрүүлэх, хөгжөөн баясгах зорилго бүхий «сэтгэл хөдөлгөх» өнгө аяс бүхий баримт, хэрүүл маргааны шинжтэй мэдээлэл голлодог нь энэ сонинуудын үндсэн онцлог юм. Шуугиан дэгдээхийн тулд баримтыг дур зоргоороо тайлбарлах, үзэл бодлоо хавчуулах, дүгнэлт хийх, дутуу дулимаг тусгах, санаанаасаа зохиосон, ургуулан бодсон зүйл, өөр утга санаа оруулах замаар өгдөг нь үйл ажиллагааны үндсэн шинж гэж хэлж болно. «Олон нийтийн» сонинууд үйл явдал, хүмүүсийн талаар мэдээлэхдээ асуудлын зөвхөн нэг талыг барьж туйлширдаг, хэт энгийн, болхи ханддаг нь хүлээн авагчдад аливаа асуудалд нэг л үзэл бодлын үүднээс хандах, хязгаарлагдмал хүрээнд сэтгэхэд нөлөөлдөг байв. Мөн баримтыг боловсруулах арга, ур чадвар нь ч болхи, бүдүүлэг өнгө аястай байжээ. Пулитцер, Хёрст нар уншигчдын анхаарлыг татахын тулд сониноо хурц содон дизайнаар гаргадаг байсан. Нэгдүгээр нүүрэнд том үсгээр өрсөн өвөрмөц, олон түмнийг уриалан дуудсан гарчгуудыг нийтэлдэг нь түгээмэл болж, «малгай» гэж нэрлэдэг гарчгийн эх суурийг чухамхүү «олон нийтийн» хэмээх сонинууд тавьсан байдаг. Тэд зураг чимэглэл, хошин шог зургийг өргөн ашигладаг байв. «The New York World», «The Morning Journal» сонинд нийтлэгдэж байсан хошин шог зургийн гол баатар болох «шар залуу» ийм хэвлэлийн гол бэлгэ тэмдэг болж байсан бөгөөд тэд «шар хэвлэл» хэмээх нэр хочтой болоход чухал нөлөө үзүүлжээ. «Шинэ сэтгүүл зүй»-н зарчмаар ажиллаж, олон түмний итгэлийг олох, хүлээн авагчдын төлөө тэмцэж буй сонинууд жирийн хүмүүсийн сайн сайхан, эрх ашгийн төлөө тэмцэгчийн дүр эсгэхийг оролдож, олон түмэнд аль болох тийм сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэж байлаа. Энэ зорилгын үүднээс редакциуд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хотын орон сууцны эрүүл ахуйг сайжруулахын төлөө кампанит ажлуудыг («загалмайтны аян») зохион байгуулж, үүнийг ямагт өөрийгөө сурталчлах үйл явц болгон ашиглаж байв. «Шар» хэвлэлийн нэр хүнд өсөж, эрчимтэй дэлгэрсэн нь өргөн хэрэглээний бараа таваарын сурталчилгаанаас олох ашиг орлого нь эрс нэмэгдэхэд хүргэсэн байна. «Шар» хэвлэл асар их хэмжээний арилжааны рекламыг нийтлэх замаар зөвхөн хэрэгцээ сонирхлын төлөө үйлчилдэг нийгмийн давхаргыг бий болгоход нөлөөлсөн юм. Харин «олон нийтийн» сонины түүхэн гавьяа бол олон түмний дотроос урьд өмнө сонин хэвлэлийн талаар бараг ойлголт, төсөөлөлгүй шахам байсан хүмүүст сонин уншдаг хэвшил, дадал бий болгоход нөлөөлсөн явдал юм. Үүнээс гадна судлаачид хэвлэх үйлдвэрийн болон харилцаа холбооны дэвшлийг сонин хэвлэлийн үйл ажиллагаанд богино хугацаанд нэвтрүүлсэн, түүнийг оновчтой ашиглах талаар ахиц өөрчлөлт гаргасныг «шинэ сэтгүүл зүй»-н ололт гэж үздэг.