Олон талт
Жижиг од маягийн додекаэдрон (Кеплер–Пуансогийн олон талт) Изодидодекаэдрон (Архимедын биет) Том кубикубоктаэдрон (Нэг хэлбэрт одон олон талт) Ромб триаконтаэдрон (Каталаны биет) Тороид олон өнцөгт |
Геометрийн ухаанд олон талт буюу полиэдрон (Англи: Polyhedron, эртний грек хэлний πολύ (poly-) — “олон”, ἕδρον (-hedron) — “суурь, тавцан” гэсэн үгнээс гаралтай) гэдэг нь хавтгай олон өнцөгт талууд, шулуун ирмэгүүд, хурц өнцөг буюу оройтой гурван хэмжээст дүрсийг хэлнэ.
Олон талт гэсэн нэр томьёо нь хатуу биетийг бүхэлд нь эсвэл түүний хилийн гадаргууг тус тус зааж хэрэглэгдэж болно. Эдгээр хоёр ойлголтыг ялгахын тулд хатуу олон талт (solid polyhedron) болон олон талт гадаргуу (polyhedral surface) гэсэн нэршлүүдийг түгээмэл ашигладаг. Мөн олон талт гэдэг үгийг ихэвчлэн хатуу биет, түүний гадаргуу, талууд, ирмэгүүд болон оройнуудыг хамарсан нийт бүтцийг далд утгаар нь илэрхийлэхэд хэрэглэдэг.
Олон талтын олон төрлийн тодорхойлолт байдаг бөгөөд тэдгээр нь бүгд ижил утгатай биш. Гэсэн хэдий ч ямар ч тодорхойлолтын хүрээнд олон талт нь хоёр хэмжээст олон өнцөгтийг ерөнхийлсөн ойлголт бөгөөд олон хэмжээст полиоп (polytope) хэмээх илүү ерөнхий ойлголтын гурван хэмжээст тусгай тохиолдол гэж үздэг.