Олон улсын бизнес

Олон улсын бизнес гэдэг ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл, хоёр ба түүнээс дээш улс орны хооронд хийгдэж буй ашгийн төлөөх бүхий үйл ажиллагааны харилцаа холбоо юм. Эдгээр харилцаа холбоонд худалдаа хийх зорилгоор аливаа нэг улсаас бусад улс руу бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түүхий эд, материалыг худалдан авах, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эд ангийг хямд зардалтай оронд үйлдвэрлэж, угсрах, хилийн чанад дахь банк, даатгал, үйл ажиллагааны зардлаа бууруулах, хөрөнгөө эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтарсан болон үндэстэн дамнасан үйлдвэрлэлийг байгуулах зэргийг дурьдаж болно.

Харин энгийн утгаар нь авч үзвэл, дэлхийн, бүс нутгийн, бусад улс орны зах зээл дээр ашиг олох зорилгоор хуулийн хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйл ажиллагаа гэж тодорхойлж болох юм.