Олон улсын сагсан бөмбөгийн холбоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA (франц. Fédération Internationale de Basketball, товчилсон нэр нь FIBA) -Дэлхийн улс орнуудын үндэсний сагсан бөмбөгийн холбоодыг нэгтгэж, дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлдог байгууллага юм. FIBA-гийн ивээл дор сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад олон улсын тэмцээнүүд зохиогддог. FIBA нь сагсан бөмбөгийн дүрмийг тодорхойлж, шаардлагатай тоног төхөөрөмж, барилга байгууламжийг тодорхойлох, олон улсын тэмцээн зохион байгуулах, улс хоорондын тамирчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, олон улсын шүүгчийн томилгоонд хяналт тавьдаг юм.
FIBA-гийн төв байр 1956 онд Мюнхен руу нүүж байрлаж байгаад 2002 онд буцаж Швейцарийн Женев хотод байрлах болсон.
Эхэндээ FIBA гэсэн товчлол нь Олон улсын сонирхогчдын сагсан бөмбөгийн холбоо (франц. Fédération Internationale de Basketball Amateur) гэсэн үг байсан юм. 1989 онд мэргэжлийн сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд албан ёсоор оролцуулж эхэлсэнтэй холбоотой "сонирхогч" гэдэг үгийг хассан боловч товчлол нэрийг хэвээр үлдээсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1932 оны 6-р сарын 18-нд Швейцарийн Женев хотод болсон үндэсний сагсан бөмбөгийн холбоодын олон улсын анхдугаар бага хурлаар тус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Аргентин, Грек, Итали, Латви, Португал, Румын, Чехословак болон Швейцар зэрэг 8 улсын Үндэсний сагсан бөмбөгийн холбоод оролцсон уг хурлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоог (FIBA) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.
- 1936 он - Олимпийн анхны сагсан бөмбөгийн тэмцээн болов.
- 1950 он - Анхны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан.
- 1989 он - Германы Мюнхен хотод болсон FIBA-гийн конгрессын үеэр мэргэжлийн сагсан бөмбөгчдийг FIBA-гийн ивээл дор болох бүх тэмцээнд, тэр дундаа Олимпийн наадамд оролцуулах шийдвэр гаргасан.
- 2007 он - FIBA-гийн Алдрын танхим байгуулагдсан.
- 2012 он – Анхны "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
- 2022 он - Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцох эрхийг хассан /Украин руу түрэмгийлсэний улмаас/.
FIBA-ийн тэмцээнүүд
[засварлах | кодоор засварлах]Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1950 оноос эрэгтэйчүүдийн дунд (Дэлхийн цом), 1953 оноос эмэгтэйчүүдийн дунд (Дэлхийн эмэгтэйчүүдийн цом) зохион байгуулж ирсэн. Одоогийн байдлаар хоёр тэмцээн бие биенээсээ хамааралгүй, дөрвөн жилийн завсарлагатай, хоёр жилийн зөрүүтэй Олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнтэй ээлжлэн явагдаж байна. Түүнчлэн FIBA-гийн ивээл дор өсвөрийн (19 хүртэлх насны) болон залуучуудын (21 хүртэлх насны) эрэгтэй, эмэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг ажээ.
FIBA-ийн гишүүн орнууд
[засварлах | кодоор засварлах]1989 оноос хойш Африк, Америк, Ази, Европ, Далайн орнууд гэсэн 5 бүсэд 212 үндэсний холбоог гишүүнчлэлээр нэгтгэдэг байна.
- FIBA Aфрик (54 гишүүн)
- FIBA Aмерик (42 гишүүн)
- FIBA Aзи (44 гишүүн)
- FIBA Европ (50 гишүүн)
- FIBA Далайн орнууд (22 гишүүн)
FIBA-ийн Ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]Он | Нэр |
---|---|
1932–1948 | Леон Буфар- Leon Bouffard |
1948–1960 | Уилард Грейм- Willard Greim |
1960–1968 | Антонио дос Рэйс Карниеро- Antonio dos Reis Carneiro |
1968–1976 | Абдэль Монэйм Вахби- Abdel Moneim Wahby |
1976–1984 | II Гонзало Пиат- Gonzalo Puyat II |
1984–1990 | Роберт Буснэл- Robert Busnel |
1990–1998 | Жорж И. Киллиан- George E. Killian |
1998–2002 | Абудала Сэеэ Морөү- Abdoulaye Seye Moreau |
2002–2006 | Чин Мэн-ки- Ching Men-ky [zh] |
2006–2010 | Роберт Элфинстон- Robert Elphinston |
2010–2014 | Иван Майнини- Yvan Mainini |
2014–2019 | Хорасио Мураторэ- Horacio Muratore |
2019–2023 | Хаманэ Нианг- Hamane Niang |
2023– | Шэйх Сауд Али Аль Тани- Sheikh Saud Ali Al Thani |